Monday, December 21, 2009

БАЯР ДАГАСАН ГОМДОЛ

Ардчилсан хүчнийхэн 20 жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэлээ. Бөөн шагнал, бас бөөн гомдол л хөвөрч байна. Саяхан л “Шагналын нэр хүндийг өргөнө” хэмээн мэдэгдэж байсан шинэ ерөнхийлөгч төрийн дээд одон медалийг хайр найргүй тарааж, бас “Шагналын нөөц дууссан” гэж мэдэгдэж байсан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Дорлигжав шагнуулах хүмүүсийн нэрсийн жагсаалт дороос өндийж босч чадахгүй байгаа.
Энэ өдрүүдэд Элбэгээ ерөнхийлөгчийн зарлигаар 692 Алтан гадас, 255 Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 300-гаад Сүхбаатарын одон тараажээ. Энэ олон хүний одонг Төрийн ордонд тарааж өгөх боломжгүй учраас АН-ын байраар тарааж, энгэр цоолсон хүмүүсийн баяр, шагналаас хоцорсон хүмүүсийн гомдлын нулимс хундага архитай хамт цалгиж байна.
 Оготнын хамраас ч цус гаргаж үзээгүй баатар

Ардчилсан хүчнийхэн 20 жилийн ойгоороо ямар ч байсан  Улсын баатартай болох ёстой гэж үзсэн юм гэнэ лээ. Монгол улсын баатар цолыг хамгийн сүүлд 1981 онд сансарт ниссэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа хүртсэн. Тэгвэл 28 жилийн дараа Эрдэнийн Бат-Үүл Улсын баатар цол хүртэж байна. Гэвч энэ цолыг АН-ынхан Үүл гишүүнд ахадсан гэж үнэлж байгаа. Харин түүний оронд орон гэртээ бусдын гарт цэл залуугаараа алагдсан С.Зоригт олгох ёстой байсан юм гэдэг гомдол өнөөдөр ч тасрахгүй байна. Тэр ч бүү хэл Үүлийг найз нөхөд нь даапаалж “Оготнын хамраас ч цус гаргаж үзээгүй баатар” гэдэг нэр цолыг давхар хайрлав.

Ядаж ёсолчихгүй дээ

Энэ жил Төрийн шагнал хүртчих санаатай байсан зохиолч нар хоосон үлдэв. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Баабарт энэ шагналыг олгож, “Зууны манлай нийтлэлч” Төрийн соёрхол хүртсэнд барьцах хүн нэг их гарсангүй. Гэхдээ Баабарын намтар уран бүтээл Төрийн шагналын зөвлөлөөр орсонгүй. Ц.Элбэгдорж шууд л зарлиг гаргаад найзыгаа шагначихсанд зохиолч нар жаахан гомдолтой хоцров. Тэд аргаа барахдаа ядаж зөвлөлөөр оруулаад ёсолчихгүй дээ” хэмээн ярилцаж байна.

Ардчилсан ерөнхийлөгчийн Алаг үзэл

Ардчилсан хувьсгалыг гардан хийж, хүйтэн газар өлсгөлөн зарлаж явсан олон нөхөд энэ өдөр нулимстай хоцорлоо.  Ардчиллын 13-ын нэг Дарь.Сүхбаатарт, Чимэдийн Энхээ, Малыш Энхтүвшин гээд олон хүн шаналын хураас хоцров. Үүнээс гадна экс соцдекүүдээс ганцхан Гончигоо л шагнал авах нь тэр. МоАХ-ныхныг түлхүү шагнасан энэ ёслол Элбэгээд сайн нэр авчирсангүй. “Ардчилсан намыг хагалж, хэний фракц, хэний хүн бэ?” гэдгээр нь ялгаварлан гадуурхлаа гэж гомдогсод уйлах нь халаг байна.

 Солонго захирал гомдолтой байна

Ардчиллын 20 жилийн түүхийг баримтат киноны хальсанд буулгаж, өнөөдөр ширээнийхээ ард багтахгүй болтлоо таргалчихаад байгаа эрхэм дарга нарын жаахан хүүхэд явсан тэр цагийн дүрсийг түүх болгон буулгасан “Монгол кино” нэгтгэлийнхэн шагнуулах биш харин ч хоригдох шахав. Бүхэл бүтэн найман хайрцаг, нэг тал хайрцаг дүрс цуглуулсан учраас “Монгол кино” нэгтгэлийнхэн энэ баримтат киногоо “Найм хагас” гэж нэрлэсэн юм гэнэ лээ. Гэвч энэ кинонд  Н.Энхбаярын дүрсийг орууллаа хэмээн Ардчилсан намынхан аллергитаж, Дорлигжав дарга киног нь үзнэ, хасна хэмээн сүрдүүлж баахан хүнийг гомдоосон сурагтай.

No comments:

Post a Comment