ТЭРГYYН БYЛЭГ
ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР
1. Ертөнцийн сүйрэл
Эдүгээ ”Астроид” хэмээн нэрлэгдэх болсон аварга том хатуу биет олон сая жилийн өмнө харанхуй сансрын гүнээс дэлхийд нисэн ирж аймшигт сүйрэл тарьжээ
Бүгчим халуун чийглэг агаар орчинг нөмөрч, зулай төөнөн шарах наран тэнгэрт цоргин цайрна. Том том навчис нь далбайн унжих урт наст аварга мод, ургамал бүхий үзэсгэлэнт төгөл тэртээд хүрэнтэх сүрлэг уулсын үзэмжтэй хослох нь нэн гайхамшигтай. Ширэнгэ ойн гүнд хавийн амьтад сүүдэр бараадан шургалж, нарны хурц гэрлээс хоргодон нуугдахыг хичээх аж. Араатнуудын тулалдах чимээ алсад гэнэт цуурайтахад сэг горьдсон сарьсан далавчит махчин шувууд залхуутайгаар хөөрөөд буцаж буув. Тэнгэрт үүлс хаа нэг хөвөх нь үзэгдэвч нарыг халхалж үл чадна.
Тэр цухал, нозоорсон орчлонг улам халаах гэсэн мэт хурц гэрэлт зүйл улааран хүрэнтэх тэнгэрийн умард зүгээс агшин зуур тодрон гарч ирэхийг анзаарсан зарим амьтад мэгдэн үргэж өндөлзөв. Төдөлгүй агаар долгилж газар дэлхийг цочоон салхин хуй дэгдлээ.
Ийнхүү нэгэн их эрин үеийг үүрд сөнөөх аюул нүүрлэн буйг олонх нь үл зөгнөөд, харин ч үлээх салхийг нь таатай сорсоор. Гэвч энэ бол олон олон амьдралын сүүлчийн амьсгал байлаа. Тэнгэрээс сум адил нисэн ирсэн тэрхүү галт бөмбөг хэдхэн хурмын дотор ертөнцийг орвонгоор нь эргүүлж, аймшигт сүйрэлд хэрхэн оруулсанг үгээр илэрхийлэхийн арга үгүй ажээ.
Олон сая жилийн тэртээд мөнх тэнгэрээс дэлхийд нисэн ирсэн тэрхүү биетийг одоо нэгэнт астроид хэмээн нэрлэх болжээ.
Харин энэ аюулт сүйрлийн гэрч болсон хэн нэгэн сая сая жилийн өмнө харанхуй сансрын гүнд уулга алдсанг өдгөө хэн ч үл мэднэ.