Уг мэдэгдэлд:
- МАХН-ын Онц Их хурлыг гуравдугаар сард зарлан хуралдуулж, МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг ардын төрөөс тусгаарлах,
- Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын Түр Хурлыг мөн гуравдугаар сард багтаан байгуулахыг шаардсан байв.
Гуравдугаар сарын 7-ны 14.00 цаг. Эрх баригчид ардчилсан сөрөг хүчнүүдийн хамтарсан мэдэгдэлд хангалттай хариу өгөөгүйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, улмаар улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулан БНМАУ-ын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг шинээр хэлэлцэн батлах, ардын шинэ төрийг ардчилсан сонгуулиар байгуулахыг шаардаж МоАХ болон МоАН-ын 10 гишүүн Д.Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлав.
Гуравдугаар сарын 7-ны орой 17 цагийн алдад эрх баригчид улс төрийн өлсгөлөнд оролцогчдыг шүүмжилсэн мэдэгдэл гаргав. Үүний хариу болгож өлсгөлөн зарлагчид "БНМАУ-ын төр, засгийн бүхий л эрхийг гартаа төвлөрүүлсэн МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүдээс МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны хамтарсан мэдэгдэлд өгсөн хариуг нягтлан үзвэл та бүгд нэгэнт бүрэлдэн тогтоод буй улс төрийн нөхцөл байдалд хариуцлагагүй хандаж, Сталинч-Цэдэнбалч дэглэмийн үед үнэн хэрэгтээ ард түмний хүсэл зоригоос гадуур тогтоогдсон Үндсэн хууль, бусад дүрэм журмаар түрээ барин далайлгахыг санаархаж байгаа нь тодорхой боллоо. Мэдэгдэл нь манай орны түүхийн нэн хариуцлагатай энэ үед МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн та нөхдийг улс төрийн ухаалаг шийдвэр гаргах чадваргүй болохыг дахин нотлон харууллаа гэж бид үзэж байна, Ард түмнээ ядууруулан, улс орноо acаp их өрөнд унагаагаад, байгалийн баялгаа цөлмөн дээрэмдэж, шилдэг хөвгүүд охидоо хэлмэгдүүлэн ялт ажиллагаа байнга үйлдсэн өнөөгийн Намын ТХ-ны УТТ-ны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэн даруй огцрохыг шаардаж байна. УТТ огцрох асуудалтай амь насаараа дэнчин тавьж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна! Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлагчид" гэсэн мэдэгдэл гаргасан байна. Өлсгөлөнд оролцогчдын тоо нэмэгдсээр 33 болж тэдний эргэн тойронд олон мянган хүн цугларч дэмжиж буйгаа илэрхийлж байв.
Гуравдугаар сарын 8-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Бямбасүрэн талбай дээр ирж өлсгөлөн зарлагчидтай уулзаж ярилцан 18.00 цагаас ардчилсан сөрөг хүчнийхэнтэй дугуй ширээний уулзалт хийх, түүнийг телевизээр шууд нэвтрүүлж үзүүлэх тухай харилцан тохиров.
Гуравдугаар сарын 9-ний өглөө ардчилсан сөрөг хүчин ба МАХН-ын хооронд яриа хэлэлцээр үргэлжилсэн боловч үүсэн бий болсон улс төрийн нөхцөл байдал улам бүр хурцадсаар байлаа. Радио, төлөвизээр сүүлийн үеийн мэдээ, үйл явдлын халуун цэг дээрээс хийсэн сурвалжлага тасралтгүй үргэлжилж байв. МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын зарим гишүүн улс оронд цэрэг, цагдаагийн хүчээр онц байдал тогтоох тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцэх гэсэн боловч МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх, НАХЯ-ны сайд, генерал А.Жамсранжав болон зарим дэвшилтэт үзэлтэй төрийн зүтгэлтэн үүнийг эрс эсэргүүцэв.
Гуравдугаар сарын 9-ний орой МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх ард түмэндээ хандаж радио, телевизээр үг хэлж МАХН-ын ТХ-ны УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг мэдэгдсэнээр Монголын ардчилсан хувьсгалын шийдвэрлэх шат болж гурван өдөр, хоёр шөнийн туршид үргэлжилсэн улс төрийн өлсгөлөн энэ өдрийн 23.00 цагийн орчимд зогсов.
No comments:
Post a Comment