Энэ арга хэмжээнд "Хана хэрхэн нурсан" баримтат кино, "ханалах" видео-эвлүүлэг гаргав. Мөн "Берлины хана" сангийн ТУЗ-ийн гишүүн Петра Мораве товч илтгэл тавьж хэлэлцүүлэг-ярилцлага хийв.

Берлиний хана” сангийн удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Петра Мораве 12 сарын 07-ны даваа гарагт Гёте институтын байранд оюутнуудтай хийсэн уулзалтанд оролцож асуултанд хариулсан юм. Оюутнуудын киноноос олж авсан сэтгэгдлийг хатагтай Моравегийн хариулт тайлбар улам лавшруулан бэхжүүлж байв.
2009 оны 12 дугаар сарын 8-ны мягмар гарагт эдгээр киног Германы Элчин сайдын яаманд үзүүлсэн бөгөөд киноны дараа ярилцлага зохион байгуулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд тухайн цаг үеийн гэрч болсон герман, монгол хүмүүс уригдсан байлаа. БНАГУ болон Монгол улсад өрнөсөн ардчилсан хөдөлгөөн цаг хугацааны хувьд нэг зэрэг өрнөхөөс гадна олон өөр ижил талтай басан гэж Конрад-Аденауэрийн сангийн төлөөлөгч д-р Томас Шрапель мэндчилгээ дэвшүүлэхдээ дурьдсан байна.
Берлиний ханыг босгосон түүх
2009.11.10-ны мягмар гаригт дэлхий даяар Берлиний ханыг нураасны 20 жилийн ойг тэмдэглэв. Ойн гол арга хэмжээ 20 жилийн өмнө ханаар тусгаарлагдсан байсан Берлин хотноо болж өнгөрлөө. Баярын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Руммуссен, Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Европарламентын тэргүүн Ежи Бузек, Еврокомиссийн дарга Жозе Баррозу, нарын зочид оролцлоо. Мөн Зөвлөлтийн экс Ерөнхийлөгч Михаил Горбачев, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Ганс-Дитрих Геншер, Польшийн экс Ерөнхийлөгч Лех Валенса нарын улстөрчдийг урьсан байв. АНУ-ыг төлөөлсөн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг үг хэлсний дараа Ерөнхийлөгч Барак Обамагийн видео мэндчилгээг үзүүллээ. Берлиний хана байсан шугмын дагуу хэдэн зуун том даалуу босгож, эрх чөлөөний уриагаар чимсэн байв. Дэлхийн лидерүүд үг хэлсний дараа уг даалууг дараалуулан унагажээ. Зочдын үг концерттай хослож байлаа. Ёслолын арга хэмжээний өмнө канцлер Ангела Меркель иргэдийнхээ хамт 1989 онд анх нээгдсэн Борнхольмерын гүүрээр гарлаа. Гефсиманын сүмд баярын мөргөл хийв. Ханыг нураахаас өмнө хэдэн сарын турш эсэргүүцлийн ажиллагаа болж байсан юм. Олон мянган хүн оролцсон баярын арга хэмжээ бүхэл өдрийн турш Бранденбургийн хаалганы дэргэд боллоо. Орой нь баярт зориулсан ёслолын буудлаг хийлээ.
Берлиний хана (Berliner Mauer) гэсэн нэртэй инженер техникийн байгууламжийн цогцолбор нь 1961 оны наймдугаар сарын 13-наас 1989 оны арваннэгдүгээр сарын 9 хүртэл олон улсын онцгой статусаар улс төрийн нэгж байсан Берлин хотыг Баруун Берлин ба БНАГУ-ын нийслэл Зүүн Берлин гэж хоёр хуваасан хил болж байлаа. Хүйтэн дайны хамгийн алдартай бэлгэдэл болон түүхэнд үлдсэн юм. Дэлхийн II дайны дараа Берлин хотыг ялагч гүрнүүд (ЗХУ, АНУ, Франц, Их Британи) хуваасан. Берлин хотын бараг тал хувь буюу зүүн хэсэг нь ЗХУ-д ноогдсон байна. Барууны гурван бүсэд хяналтыг АНУ, Франц, Их Британийн засаг захиргаа тогтоосон байв. Хотын баруун ба зүүн хэсгийн тусгаарлах шугам эхлээд нээлттэй байсан бөгөөд 44,75 км шугам нь гудамж, байр, Шпрее гол болон сувгуудыг дайрч байжээ. Албан ёсоор гудамжны 81 нэвтрэх цэг, метро ба төмөр замын 13 гарц байсан гэнэ. 1948 оны зургадугаар сарын 21-нд АНУ, Франц, Англи гурав Зөвлөлтийн зөвшөөрөлгүйгээр шинэ немц маркийг гүйлгээнд гарган мөнгөний шинэчлэл хийв. Мөнгөний урсгалыг хаах зорилгоор Зөвлөлтийн засаг захиргаа нь Баруун Берлинийг хаан бүсэлж, барууны бүсүүдтэй нь холбоогоо бүрэн тасалсан байна. 1948 оны Берлиний хямралын үеэр Баруун Германы улсыг байгуулах төсөл яригдаж эхэлсэн байна. Ингээд 1949 оны тавдугаар сарын 23-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг (ХБНГУ) тунхагласан байна. 
Берлинийг хуваасан газрын зураг
1949 оны аравдугаар сарын 7-нд Ардчилсан Гермэн улс (БНАГУ) байгуулагдлаа. Зүүн Берлин шинэ коммунист орны нийслэл болсон байна. ХБНГУ нь эдийн засгийн хөгжлийн чөлөөт зах зээлийг сонгон улс төрийн салбартаа барууны томоохон орнуудыг дагалаа. Тус оронд үнийн өсөлт зогсч, ажилгүйдэл буурчээ. БНАГУ нь социалист хөгжлийн замыг сонгосон бай дайнд сүйрсэн аж ахуйгаа сэргээн босгоход төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт тулгуурласан нь амжилт авчирсангүй. Хүн амын амьжиргааны төвшин дор байлаа. 1950-иад онд ардчилсан Германаас баруун руу зугтах нь ихсэв. Энэ үеэр Берлинийг тойрон улс төрийн хурцатмал байдал үүссэн юм. 1958 оны сүүлчээр Зөвлөлтийн удирдагч Никита Хрущев Баруун Берлинийг чөлөөт хот болгон байлдан эзлэгчдээс салгаад тусгаар хот байх баталгаа гаргах санаачлага гаргасан байна. Хэрэв барууны орнууд хоёр Германтай энхийн гэрээг байгуулахгүй бол Зөвлөлт дангаараа зөвхөн БНАГУ-тай гэрээ байгуулна гэж Хрущев барууны орнуудад сануулга өгөв. Түүгээр Баруун Берлинтэй холбоотой бүх замыг ардчилсан Герман хянаж, франц, англи, америкчууд хотод очихын тулд Зүүн Германд хандах ёстой болох байв. Гэвч Зүүн Германыг хүлээн зөвшөөрсөнгүй. 1958-1961 онд Берлин дэлхийн хамгийн халуун цэг байсан билээ.
1960 оны наймдугаар сард Зүүн Германы эрх баригчид Баруун Германы иргэдэд Баруун Берлинд очиход нь хязгаарлалт тогтоов. Түүний шалтгаанаа “хонзогнох сурталчилгааг таслах зорилгоор” хэмээн тайлбарлаж байв. Хариуд нь Баруун Герман хоорондын худалдааны гэрээнээсээ татгалзсан юм. Ардчилсан Герман нь түүнийг “эдийн засгийн дайн” гэж буруутгажээ. Нэмэлт нэлээд хүндхэн хэлэлцээр хийж байж 1961 оны нэгдүгээр сарын 1-нээс уг гэрээг даган мөрдөхөөр болсон ч тэр нь хямралыг зайлуулж чадсангүй.
1961 оны гуравдугаар сард Москвад болсон Варшавын гэрээний орнуудын Улс төрийн зөвлөлдөх хорооны хуралдаан дээр БНАГУ-ын удирдагч Вальтер Ульбрихт Баруун Берлинээр дамжин Зүүн Германаас оргон дүрвэх нь их болсонд түгшиж буйгаа хэлээд хотын хилийг өргөст тороор тусгаарлах санал дэвшүүлсэн ч дэмжигдсэнгүй. Гэхдээ хожим хоёр Германыг тусгаарлах санаагаа Ульбрихт түлхэж чадсан ба 1961 оны наймдугаар сарын 5-нд Социалист орнуудын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтаар БНАГУ Зүүэ Европын орнуудын зөвшөөрлийг авсан байна. Германы нэгдсэн социалист намын Төв хорооны Улс төрийн товчооны нууц харалдаан тэр сарынхаа 7-нд тусгаарлах хана босгох өдрийг сонгосон ба тэр нь 1961 оны наймдугаар сарын 13 болжээ.
Берлиний ханыг босгох ажлыг 13-нд эхэлж Зүүн ба Баруун Берлиний бүсүүдийг түр хугацаагаар хааж, чулуун шигтгээт замыг ухан хүн нэвтрэх аргагүй болгосон байв. Ардын ба Тээврийн цагдаагийн хүчин дээр “ажилчдын сайн дурын эргүүл”-ийг нэмэн бүсүүдийн хоорондын бүх холбоог тасласан байв. Анхандаа өргөст тороор 46 км зайг хаасан байжээ. Өргөст төмөр утас 193 гудамж, трамвайны найман зам, метроны дөрвөн шугам ба төмөр замын зарим замыг хаасан байлаа. Хилийн ойролцоох бүсэд усны болон хийн хоолойнуудыг хаан гагнаж, утас, цахилгаан сүлжээг таслажээ. Тусгаарлалтын шугам нь хотын талбай, цэрэрлэг, цөөрөм, гүүр, оршуулгын газруудыг хаваав.
Наймдугаар сарын 15 гэхэд Баруун Берлинийг тойруулаад өргөст утсаар хашсан байлаа. Дараа нь Подстамын гэрээг зөрчихгүйн тулд нутаг дэвсгэр рүүгээ бага зэрэг ухраан тусгай бетон блокуудаар хана босгож эхэлжээ. Ханыг барилгачид, цэргийнхэн хилчдийн хараан дор босгосон байна. Хилийн бэхлэлт нь орон сууцны байрны хана хүртэл болж байсан ба 1961 оны есдүгээр сарын дундуур гурван км зам босгосон байв. Ханын хяналт шалгалтын системийг сайжруулах ажил тогтмол хийж байсан байна. Хана барих ажлыг 1962-1975 онд хийжээ. 1962 оны зургадугаар сарын 19-нөөс давхар хана босгох ажил эхэлсэн байна. Боссон хананд түүнээс 90 метрийн зайтай бас нэг хана нэмэгдэн тэдний хооронд байсан бүх байгууламжуудыг буулгасан байна. Дэлхий даяар “Берлиний” гэж алдаршсан хана нь мэдээж Баруун Берлинд хамгийн ойр эхнийх нь байсан билээ. 1965 оноос ханыг бетонон хавтангаар барьж эхэлсэн байна. 1975 онд ханын сүүлчийн шинэчлэл хэлэв. Ханыг 3,6х1,5 метрийн 45 мянган бетонон хавтангаар босгоод хүн давуулахгүйн тулд дээд хэсгийг нь бөөрөнхийлсбн байлаа. Хотын гадна ханын эхний хэсгийг төмөр торон хавтангаар босгож байсан гэнэ. 1989 он гэхэд Берлиний хана нь инженер-техникийн нарийн цогцолбор болсон байв. Нийт урт нь 155 км үүнээс хотын дотор 43 км хана босгосон байв. Берлин хотын гадаад тойрог нь 112 км болж байсан юм. Баруун Берлинд ойр ханын өндөр нь 3,6 м. Энэ байгууламжинд 302 харуулын шовгор, 20 газар доорх бункер, 259 харуулын нохойн болон хилийн хамгаалалтын бусад байгууламж орж байлаа. Ханыг тогтмол эргүүл хянаж байв. Хилийн цэргийнхэн хил зөрчигчдийг сануулах буудлага хийгээд зргсохгүй бол буудан устгах тушаалтай байжээ.
Хүчтэй харуул хамгаалалттай хана, Баруун Берлиний хоорондын зурвасыг “үхлийн” гэж нэрлэсэн байв. Зүүн ба Баруун Берлиний хооронд найман нэвтрэн өнгөрүүлэх цэг байсан бөгөөд түүгээр барууны жуулчид ордог. Зүүн Германы талаас хана хүртэл бараг хагас км-ын өргөнтэй эзгүй зурвастай байсан гэнэ. Барууны талын хана нь зураачдын уран бүтээлийн талбай болсон байжээ. 1989 онд хана олон км-ын урттай граффитийн үзэсгэлэнгийн талбар болсон байв.
1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд Зүүн Германы Засгийн газар Баруун Берлинд тусгай зөвшөөрөлгүй орох шинэ журам гаргасан байна. 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 10-ны шөнө хилээр 1,2 сая хүн гарч ханыг буулгаж эхэлжээ. Берлиний хана 20315 өдөр оршин тогтносон бөгөөд албан ёсоор буулгах ажил нь 1990 нэгдүгээр сард хийжээ. Ханын нэг хэсгийг түүхийн дурсгал болгон үлдээсэн байна.
1961.08.13: Зүүн Герман Берлиний ханыг босгож эхлэв
1989 оны найм, есдүгээр сар: Зүүний хэдэн арван мянган немцүүд Зүүн Европт коммунистуудын хяналт суларсныг далимдуулан баруунд орогнол авахаар оролдлоо.
1989.10.07: Михаил Горбачев Зүүн Берлинд айлчлахдаа шинэчлэл хийхийг албан бусаар уриалжээ.
1989.10.18: Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн дараа Эгон Кренцээр Эрих Хонеерыг солив.
1989.11.04: Зүүн Германы немцүүд Берлин хотноо эсэргүүцлийн том цуглаан хийж, нэг сая хүн оролцлоо.
1989.11.09: Зүүн Германы Засгийн газар Баруун Берлинд орох хязгаарлалтыг хүчингүй болгохоор шийдэж байх үеэр ханыг нурааж эхэлжээ.
No comments:
Post a Comment