Thursday, December 10, 2009

Szalontai Монголын ардчилсан шилжилтийн төсөөлөөгүй амжилт

Монголын ардчилсан шилжилтийн төсөөлөөгүй амжилт:
Зөвлөлтийн дараахь Төв Азийн орнуудтай харьцуулах нь
(Төсөл, иш татаж болохгүй)

Коммунист нэг намын тогтолцоо нуран унасан 1990 онд ардчилалд амжилттай шилжихэд шаардлагатай гэж улс төр судлаачын  үздэг урьдчилсан нөхцөл Монгол Улсад хараахан бүрдээгүй байсан. Улс төрийн шинжлэх ухааны энгийн шалгуур үзүүлэлтээр Монгол Улсад ардчилал цэцэглэн хөгжих боломж маш бага, бараг үгүй байсан.

1. Эрчимтэй шинэчлэл өөрчлөлтийн үйл явц нь ихэнхдээ авторитар дэглэмээс ардчилалд шилжихэд нь түлхэц болж өгсөн Зүүн болон Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засагтай орнуудад байсан шиг үлэмж их баялаг Монгол Улсад байгаагүй. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 2006 оны ханшаар 944 ам.доллар байсан нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудтай харьцуулбал, Узбекистан, Киргизстан, Таджикистан зэрэг орнуудынхаас өндөр, чингэхдээ Туркменистай харьцуулахад үл ялиг өндөр боловч Казахстаны нэг хүнд ноогдох ДНБ-ээс хамаагүй бага байсан.
2. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг бүхий Монгол Улсад төрийн өмчийн болон хоршооллын үйлдвэр бүрэн давамгайлж байсан, мөн хүчтэй хувийн үйлдвэрийн салбар хөгжөөгүй  байсан нь Өмнөд Солонгос, Тайваны адилаар ардчиллын хөшүүрэг болж өгөх бие даасан нийгмийн дунд анги гарч ирэхэд саад болж байсан.
3. Коммунист тогтолцооны байгуулсан олон нийтийн байгууллагууд нь бие даасан төрийн бус байгууллага гарч ирэх орон зайг хязгаарлаж, хааж байсны улмаас биеэ даасан туршлагатай иргэний нийгэм бүрэлдээгүй байсан: 1937-1938 оны цуст хэлмэгдүүлтээр амь нас, эд хөрөнгөө алдсан буддын лам хуврага нарыг төрөөс хянаж цагдаж байсан ба сэхээтнүүдийн хүрээ нь жижиг, сул дорой байв.
4. Монгол Улсад коммунист тогтолцоо бүрэлдэхээс өмнө орчин үеийн парламентын ардчилалыг хөгжүүлж байсан туршлага байгаагүй. Тусгаар тогтнолоо олохоос өмнөх үеийн гадаад харилцаа нь тухайлбал Хятадын Чин династи болон Хаант Орос гэсэн ардчиллын үзэл санааг хөгжүүлж, дэмжиж байгаагүй автократ дэглэмтэй 2 улсаар хязгаарлагдаж байсан. 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж 1921 онд ЗХУ-аар дэмжигдсэн улс төрийн хүчнүүд төрийн эрх мэдэлд гарах хүртэлх 10 жил үргэжилсэн богино хугацаанд бүх нийтийн сонгуулиар сонгогдоогүй, зөвлөх үүрэг гүйцэтгэгч төдий теократ Засгийн газар Монгол Улсыг удирдаж ирсэн.
5. Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад хүчтэй сөргөлдөгч хүчин үгүйлэгдэж байсны сацуу коммунизмыг эсэргүйцсэн түүхэн туршлага дутагдаж байсан. Коммунист бодлогыг эсэргүүцсэн тохиолдол хамгийн сүүлд төрөөс малыг нийгэмчилж, шашны эсрэг хавчлага мөрдлөгө явуулж эхэлсний улмаас 1932 онд гарсан. Цэдэнбалын эринд /1952-1984 он/ профессор Бямбын Ринчен, тэрс үзэлтэй зохиолч Ринчины Чойном зэрэг сэхээтнүүдийн коммунизмыг эсэргүйцсэн ганц нэг үйлдэл нь Орос болон Зүүн Европын сэхээтнүүд болон хүний эрхийн төлөө тэмцэгчдийн байгуулж чадсан шиг нэгдмэл сөрөг хүчин бүрэлдэхэд хүргэж чадаагүй. 1989 оны 12 дугаар сард байгуулагдсан Монголын ардчилсан холбоо нь ард түмний дунд хараахан танил болж амжаагүй цөөн тооны гишүүдээс бүрдэж байсан бөгөөд ард олны дэмжлэг авахаас нь урьтаж тэр үеийн Засгийн газар хүч хэрэглэсэн бол харьцангүй хялбар дарах боломжтой байсан.   
Дээрх нөхцөл байдлыг үл харгалзан Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоонд тайван замаар амжилттай шилжиж чадсаны сацуу "демокрадур" /ардчилал, дарангуйлалын холимог дэглэм/ болоод бүрэн авторитар дэглэмд тогтохоос сэргийлж чадсан. Үүний эсрэгээр Монгол Улстай газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаараа ижил төстэй Төв Азийн таван улсад коммунизмаас Зөвлөлтийн дараахь үе рүү шилжих улс төрийн шилжилтийн үйл явц маш хүнд явагдсан. Туркменистан, Узбекистан болон харьцангүй бага нөлөөтэйгээр Казахстанд орон нутгийн коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар тэргүүлсэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхт засаглал тогтсон. Таджикистан 5 жил /1992-1997/ үргэлжилсэн иргэний дайнд нэрвэгдсэн бол Киргизстанд эхэндээ амжилттай хэрэгжих төлөвтэй байсан ардчилал удаан тогтнож чадаагүй.                                                          
Ази орнууд дахь энэхүү "гажиг" байдлыг тайлбарлах үүднээс Калифорнийн Их Сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Стивен Фиш Монгол дахь ардчилсан шилжилтийг Зүүн Европын хуучин коммунист болон Тусгаар улсуудын нөхөрлөлийн орнуудтай харьцуулсан судалгаа хийсэн. Тэрээр Монгол Улс ардчилалд амжилттай шилжихэд дараахь 5 шалтгаан нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. Үүнд:
1. Ардчилсан бус дэглэмд байгалийн нөөц баялгийг /газрын тос, байгалийн хий гэх мэт/ шууд хяналтандаа байлгаж чадсанаар ард иргэдэд татвар оногдуулахгүйгээр их хэмжээний орлого олж улмаар өргөн цар хүрээтэй нөлөөллийн сүлжээ /patronage network/ байгуулах мөн популист бодлогоо урагшлуулах боломжтой байдаг. Үүнтэй харьцуулахад Монгол Улсад "байгалийн үлэмж их нөөц, баялаг" байгаагүй тул улс төрийн дээд давхарга нь олон нийтийн дэмжлэгээс илүү хамааралтай байсан.
2. Геостратегийн хувьд ач холбогдол бага тул Монгол Улсад ардчилсан бус дэглэмийг үргэлжлүүлэн хадгалах эсхүл эргүүлэн тогтооход дэмжлэг үзүүлэх сонирхол гадны хүчнүүдэд төдийлөн бага байсан.
3. Газар зүйн байршил болоод харьцангүй бага хүн амтай Монгол Улс өөрийн нөлөөний хүрээг нэмэгдүүлэх, бүс нутгийн хүчтэй гүрэн болохын төлөө тэмцэж байгаагүй. Бусад улс оронд ийнхүү газар нутгаа бусдын нутаг дэвсгэрийн булаан эзлэх замаар томсгох бодлого нь үндсэрхэг үзлийн дэвэргэж, олон улсын хурцадмал байдлыг үүсгэдэг бөгөөд үүнээс улбаалан гарах зөрчилдөөн нь ихэнх тохиолдолд ардчиллыг саармагжуулж, авторитар дэглэм дахин тогтоход хүргэдэг.
4. Монгол Улсад "улс үндэстний эцэг", өөрөөр хэлбэл авторитар дэглэмээс чөлөөлөгч мэт дүрд тоглож улмаар давамгайлах нэр хүндээ ашиглан өөрийн шинэ автократ засаглалыг эргүүлэн тогтоох зорилготой нөлөө бүхий этгээд байгаагүй.
5. Коммунизмын дараахь Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалд хэт их эрх мэдэл төвлөрүүлэх бус харин Ерөнхийлөгч болон хууль тогтоох байгууллагын хооронд эрх мэдлийг тэнцүү хуваарилж өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Дээр дурдсан шалтгаан, хүчин зүйлс нь шууд болон шууд бус хэлбэрээр хамааралтай хэдий ч профессор Фишийн тайлбар Монгол Улс ардчилалд амжилттай шилжсэн болоод Төв Азийн орнууд шилжиж чадаагүйн гол шалтгаан болох дотоод болон гадаад хэд хэдэн хүчин зүйлст хангалттай анхаарал хандуулж чадаагүй гэж бодож байна. Тухайлбал,
1.    Зөвлөлт дэглэмийн сүүлийн жилүүдэд Төв Азийн орнуудад гарч байсан сөрөг хүчний хөдөлгөөн нь Монголд өрнөсөн сөрөг хүчний хөдөлгөөнүүдээс агуулга, зорилго болоод бүтцийн хувьд эрс тэс ялгаатай байсан. Төв Азид өрнөсөн хөдөлгөөнд Монголын нэгэн адилаар өндөр боловсролтой, соёлтой олон сэхээтнүүд багтаж байсан нь тодорхой юм. Тухайлбал, Узбекийн Бирлик сөрөг хүчний гишүүн, өдгөө Норвегид улс төрийн цөллөгт байгаа Мухамед Салик байна. Орчин цагийн Францын утга зохиол болон экзистенциалист гүн ухааныг гүнзгийрүүлэн судалсан байсан тэрээр 1970-аад оноос эхлэн олноо танигдсан зохиолч хүн. Сэхээтнүүд зөвхөн Бирлик төдийгүй бусад анхдагч Таджикистаны Растокхэз, Туркменистаны Агзыбирлик, Киргизстаны Ардчилсан хөдөлгөөн зэрэг олон хөдөлгөөнд онцгой, ихэнх тохиолдолд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Монгол болон Төв  Азийн шинэчлэгч сэхээтнүүд коммунист тогтолцоо “сүйрсэн” гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөж байсан.

Чингэхдээ, тэдний системийн сүйрлийн "онош" хоорондоо өөр байсан. Мэндсайханы Энхсайхан, Даваадоржийн Ганболд зэрэг эдийн засагчид давамгайлж байсан, Санжаасүрэнгийн Зориг зэрэг нийгэм судлаачид оролцсон Монголын шинэчлэгчид Монгол оронд тулгамдаад буй асуудлын гол эх үүсвэр нь нэг намын тогтолцоо болоод төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг хэмээн үзэж олон намын тогтолцоо болоод зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхийг зорьж байсан. Чингэхдээ, парламентын ардчиллыг тогтоох явдал тэдний шинэчлэх үзэл баримтлалын үндэс байсан бөгөөд нийгэмд ардчиллын үндсэн үзэл санааг түгээхэд ихээхэн хүч чармайлт гаргасан. Үндэстний, соёлын болон шашны үндсэрхэг үзэл нь тэдний үзэл баримтлал, хөтөлбөрийн гол байгаагүй хэдий ч тэд Монгол Улс ЗХУ-аас хараат байсныг онцгой анхаарч ирсэн. Монголын хүн амын цөөнх хэсэг болох жижиг хүн амтай улс төрийн идэвхгүй Баян-Өлгий дэх Казах үндэстэн нь үндэстэн хоорондын сөргөлдөөнийг үүсгэж байгаагүй тул сөрөг хүчнийхэн анхаарлаа үндэстэн ястан хоорондын бус харин улс төр, эдийн засгийн асуудалд хандуулж ирсэн. Ямартаа ч сөрөг хүчнийхэн тайван замаар шинэтгэл хийх, хүч хэрэглэсэн үймээн самуунаас зайлсхийх явдалд онцгой анхаарч байв.
Үүний эсрэгээр, дээр дурдсан Төв Азийн орнууд дахь сөрөг хүчнийхний хөтөлбөр эн тэргүүнд үндсэрхэг үзэл санаан дээр тулгуурласан байсан. Тэд Лалын шашин гэх мэт үндэсний соёлыг хадгалах, сэргээх, үндэсний хэлний эзлэх байр суурийг бэхжүүлэх, Сталины засаглалын үед алагдсан хөрөнгөтний үндсэрхэг үзэлтэй үндэсний сэхээтнүүдийн нэр төрийг сэргээх гэх мэт ижил төстэй асуудлуудад гол анхаарлаа хандуулж байв. Ялангуяа Бирлик хөдөлгөөний үндэслэгчид нь Узбекистаны утга зохиолын салбарын сэхээтнүүд голдуу байсан ба хэдийгээр тэд ардчилсан эрхийг шаардаж байсан ч ардчилал болон эдийн засгийн шинэчлэлийн асуудалд үндэсний зорилтуудаас бага ач холбогдол өгч байсан.
Эдгээр орон ийнхүү үндэстэн төвтэй, үндэсний асуудлыг эн тэргүүнд тавьж чухалчилж байсан нь ойлгомжтой юм. Төв Ази большевикууд төрийн эрхэнд гарахаас хэдэн арван жилийн өмнө Оросын нөлөөнд орсныг харгалзан үзвэл үндэсний асуудал зөвхөн эрх баригч дэглэмийн коммунист мөн чанараас бус харин Оросын улмаар ЗХУ-ын нөлөөний хүрээгээ тэлэх уламжлалт бодлогоос улбаатай нь тодорхой юм. Сөрөг хүчин ийнхүү үндэстний асуудалд хэт анхаарч байсан нь ардчиллыг хөгжүүлэхэд ихээхэн саад учруулж байсан. Нэг талаасаа ардчиллын асуудлаас анхаарлыг холдуулж байсан. Мөн улс төрийн нөхцөл байдал улам бүр хурцадмал болж байгаа үед үндсэрхэг хөтөлбөрүүдийг тодорхой зарлах нь бодит эрсдлийг дагуулж байдаг. 1989-1990 онд Фергана хөндий /Узбекистан/, Новы Узен /Казахстан/, Ашхабад /Туркменистан/, Душанбе /Таджикистан/ болон Ош /Киргизстан/-т үндэстэн хоорондын зэвсэгт үймээн гарсан нь үндэсний хөдөлгөөнүүдийг тогтворгүй байдал, цуст аллагын гол шалтгаан болгон харуулах, мөн өөрсдийн үйлдэлээ нийгмийн эмх цэгцтэй байдлыг тогтоох үүднээс хийгдсэн хэмээн зөвтгөх үндэслэлийг нь эрх баригчдад гаргаж өгсөн. Эцэст нь хэлэхэд ЗХУ задран унаснаас хойш ялангуяа Узбекистан дахь Ислам Каримов, Туркменистан дахь Сапармурат Ниязовын тогтоосон авторитар дэглэм нь сөрөг хүчний хөдөлгөөнүүдийн хөтөлбөрийг "хулгайлж" жинхэнэ зорилгоос нь ухрааж байсан. Тухайлбал, шашнаас ангид үндсэрхэг үзлийг төрөөс зохицуулах байр суурийг улам цайм дэмжих гэх мэт.
2. Хот хөдөөгийн ялгаа их байсныг эс тооцвол Монголын нутаг дэвсгэр дээр газар зүйн байршлаас хамааралтай орон нутаг хоорондын эрх ашгийн зөрчилдөөн, илт ялгаа байгаагүй. Коммунист эриний туршид Монгол Улсын улс төр, эдийн засаг болон соёлын амьдрал Улаанбаатар гэсэн цор ганц хотоор тодорхойлогдож байсан бөгөөд бусад хотуудын аль нь ч Улаанбаатартай харьцуулахуйц хэмжээний ач холбогдолтой байгаагүй. Аж үйлдвэрийн болон уул уурхайн гол төслүүдийн хэрэгжүүлэхэд намын удирдлагын нутаг усны харьяалал төдийлөн нөлөөлдөггүй байсан. Тухайлбал, намын удирдлагад Увс аймгаас /Цэдэнбалын төрсөн нутаг/ гаралтай иргэд олон байсан хэдий ч тэд өөрсдийн нутаг усны ашиг сонирхлын үүднээс хөрөнгө оруулалтыг тус аймагт их хэмжээгээр төвлөрүүлж байгаагүй. Увс аймгийн төв Улаангом хотод хөрөнгө оруулалтыг үл ялиг давуу байдалтайгаар олгож байсан хэдий ч Улаангом хотын улсын эдийн засагт оруулах хувь Улаанбаатар болон уул уурхайн Эрдэнэт хоттой харьцуулахад ач холбогдолын хувьд хамаагүй бага байсан. Иймд ардчиллыг амжилттай хэрэгжүүлэхэд саад болохуйц нутаг усны чанартай, нэгдмэл байх сууринд хүрэх боломжгүй зөрчилдөөн Монголын улс төр, нийгмийн сэхээтнүүдын дунд байгаагүй тул тэд нэгдмэл байж чадсан. Бүс нутаг болон нийгмийн бүлэглэлүүд хооронд зөрчилдөөн байгаагүйн шалтгаан нь 20 дугаар зуунд овог аймаг болон эцгийн удам угсаа зэрэг хүчин зүйлс Монголын нийгэм, эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байгаагүйтэй холбоотой юм.
             


Төв Азийн хэд хэдэн оронд, ялангуяа Таджикистан, Киргизстан болон Узбекистанд орон нутгийн ялгаа болон тэдгээрийн хоорондын зөрчилдөөн мэдэгдэхүйц их байсан. ЗХУ-ын нөлөөнд байсан 70 жил орон нутгийн ялгаанаас үүдэн гарч болзошгүй зөрчилдөөнийг багасгаагүй төдийгүй улам бүр нэмэгдүүлж өгсөн. Тухайлбал, ЗХУ-ын хэмжээнд дэмжигдэж байсан аж үйлдвэржих болон хөвөн боловсруулах зэрэг эдийн засгийн төслүүдийг тухайн нэг улсын нэг эсхүл өөр гол дүүрэгт төвлөрүүлж байсан нь бусад дүүргийн эдийн засгийг улам бүр хоцрогдолд оруулж байлаа.
Таджикистанд Ленинбад болон Куляб зэрэг гол дүүргүүдийн эсрэг жөтөөрхөл, дургүйцэл нь аажимдаа наад зах нь 50000 хүний амийг авч одсон иргэний дайнд хүргэсэн. Төв Азийн Казахстан, Киргизстан, Таджикистан зэрэг гурван улсын хүн амын ихэнх, бараг дийлэнх хувь нь нэрлэсэн улсын биш үндэстэн ястны бүлгээс бүрдэж байсан. Түүнчлэн, Төв Азийн орнуудын нийгэмд одоог хүртэл овог аймгийн байгууллагууд ихээр тархсан байдаг нь үндэстэн ястан хооронд хагарал үүсгэж улмаар сөргөлдөгч улс төрийн хүчнүүд зөвшилцөлд хүрэхэд саад учрулж байна.  Зөвлөлт засаглал энэхүү овог аймгийн ялгааг арилгахыг удаа дараа оролдож байсан хэдий ч чадаагүй.  Албан ёсны нам болон төрийн байгууллагууд ураг төрлийн холбоогоор сүлжилдсэн байсан ба аль нэг овог аймгийн нөлөөг бууруулах гэсэн Москвагийн алдаг оног хүч чармайлт нь бүс нутгийн өөр нэг хүчний төв гарч ирэхэд хүргэж бав. ЗХУ задран унаснаас хойшхи Киргизстанд Ерөнхийлөгч Аскар Акаев болон түүнийг эсэргүүцэгч нарын аль аль нь овог аймгийн холбоо сүлжээнээс ихээр хамаарч байсан бөгөөд бүс нутаг болон овог аймаг хоорондын зөрчилдөөн нь тус улсад ардчиллыг тогтоох үйл явц нурахад голлох үүрэг гүйцэтгэсэн.
3. 1990-ээд оны эхээр гарсан олон нийтийг хамарсан эсэргүүцлийн үед Монголын ардчилсан сөрөг хүчин Хувьсгалт намын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, олон намын парламентын сонгуулийг зохион явуулах гэсэн үндсэн 2 чухал ач холбогдол бүхий шаардлагыг тавьж байсан. Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн нь Монголд олон намын тогтолцоо бүрэлдэн хөгжихөд ихээхэн нөлөөлсөн гэж үзэж байна. Үүний сацуу шинэтгэгч ардчилсан хүчний байгууллага төвт, үндсэрхэг бус, ардчиллын төлөөх хөтөлбөр, мөн бүс нутаг болон овог аймаг хоорондын зөрчилдөөн байхгүй байсан зэрэг хүчин зүйлс нь ЗХУ задран унаснаас хойшхи Төв Азийн орнуудтай харьцуулахад хувь хүнээс илүүтэй нам баримжаалсан улс төрийн тогтолцоо бүрэлдэх үндэс суурийг тавьсан. Ингэснээр МАХН болон тэр үеийн ардчилсан сөрөг хүчин хоорондын харьцангүй тодорхой, хэзээд ч өөрчлөгдөхгүй ялгаатай байдал үүссэн. Нэг талаасаа МАХН хууль ёсны, сонгуулийн гол өрсөлдөгч  байгууллага хэвээр үлдсэн хэдий ч 1990 оноос өмнө тус намыг удирдаж байсан хүмүүсээс хэнд нь ч өөрчлөлт шинэтгэлээс өмнөх үед эдэлж байсан давуу нөлөөтэй эрх мэдлээ шинээр бүрэлдэн тогтсон улс төрийн тогтолцооны үед МАХН-ын төлөөлөл гэдгээсээ илүүтэй хагас биеэ даасан статустай хувь хүний ноёрхлоо тогтоох гэсэн хувийн улс төрийн зорилгодоо ашиглах боломж байгаагүй. Нөгөө талаасаа Ардчилсан нам болон Үндэсний дэвшил намын имиж, нөлөө нь МАХН-ын өөрчлөлт шинэчлэлийг дэмжигч удирдагчидтай холбоотой байсан эсхүл үндэстэн ястан, бүс нутгийн болон байгаль орчны зэрэг бусад асуудалд анхаарч ирсэн гэхээсээ илүүтэй нэг намын хуучин тогтолцоог халахад тухайн намын удирдагчдын гүйцэтгэсэн шийдвэрлэх үүрэг ролиор тодорхойлогдож байсан. Нам дотроо бус бүтцийн шинэтгэлд анхаарлаа төвлөрүүлсэнээр сөрөг хүчин олон намын парламентын сонгуулийг улс төрийн гол бүрэлдэхүүн хэсэг болгож чадсан.
Үүний эсрэгээр ЗХУ задран унаснаас хойшхи Төв Азийн орнуудын намын тогтолцоо нь задрал бутрал, хувирамтгай чанар мөн улс төрийн болон эдийн засгийн үзэл баримтлалд хувь хүний болон овог аймгийн хүчин зүйлс давамгайлсан байдлаар тодорхойлогдож байсан. Коммунист дэглэмээс шууд өөр хөшүүн тогтолцоонд шилжсэн Узбекистан болон Туркменистан, эсхүл улс төрийн өрсөлдөөн нь иргэний дайн болон хувирсан Таджикситантай харьцуулахад Киргизстан болон Казахстанд улс төрийн тайван өрсөлдөөн явуулах суурь нөхцөл нь илүү таатай байсан хэдий ч эдгээр орнууд тогтвортой хоёр намын эсхүл олон намын тогтолцоог хөгжүүлж чадаагүй. Түүнчлэн, Казахстан болон Киргизстаны улс төрийн байдал нь авторитар эрх мэдлээ улам бүр нэмэгдүүлж байсан хүчтэй ерөнхийлөгчийн засаглал болон тогтворгүй олон жижиг, сул дорой намууд хоорондын илэрхий ялгаатай байдлаар тодорхойлогдож байсан.
Монголтой харьцуулахад үндэстэн ястан, бүс нутаг болон овог аймгийн ач холбогдол өндөр байсны улмаас Төв Азид дахь хуучин коммунист эрх баригчид болон коммунист бус байгууллага хоорондын зааг илүү бүдэг байсан. Энэ нь нэгд, орон нутгийн коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хамгийн сүүлд ажиллаж байсан Туркменистаны Ниязов, Узбекистаны Каримов болон Казахстаны Нурсултан Назарбаев нар хагас бие даасан статустай ерөнхийлөгчид  болсон, чингэхдээ тэдний удирдаж байсан нам нь хуучин коммунист намын шууд албан ёсны залгамжлагчид бус тэдний өөрсдийн хувийн “бүтээл” байсантай холбоотой. Хоёрт, Назарбаев, Акаев нар болон Таджикистаны коммунист намын Гарми болон Горно-Бадахшаны бүлгийн зарим нэг коммунист улс төрчид болон коммунист бус янз бүрийн бүлгүүд хоорондоо хуучинсаг эсхүл бүс нутаг болон овог аймгийн ялгаварчлан үздэг гэж тодорхойлогддог бусад коммунист удирдагчдын эсрэг тактикийн холбоо эвсэл байгуулж байсан. Тухайлбал, 1990 оны намар Киргизстаны ардчилсан хөдөлгөөний гишүүд хэдхэн сарын өмнө Монголын ардчилсан нам Коммунист намд шахалт үзүүлэх зорилгоор өлсгөлөн зарласны адилаар өлсгөлөн зарласан боловч тэдний зорилго нь өөр байсан. Тэд коммунист намын улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох бус намын нэгдүгээр нарийн бичгийн дарга А.М.Масалиевыг огцруулахыг шаардаж, Акаевыг ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжиж байсан. Чингэхдээ Акаев ардчилсан олон намын сонгуулиар бус харин улсын Дээд Зөвлөлөөр сонгогдох байсан бөгөөд Киргизстаны ардчилсан хөдөлгөөн Дээд Зөвлөл ийнхүү томилох эрхтэй байсан эсэхэд огт эргэлзээгүй гэдгийг энд онцлон хэлэх нь зүйтэй. Чингэхдээ, хэдийгээр Акаевыг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нэг жил хүрэхгүй хугацааны дараа түүнийг ийнхүү томилох эрхийг Дээд Зөвлөлд хуулийн дагуу олгосон Зөвлөлт тогтолцоо нуран унасан ч Акаевт өөрөө хүсвэл бүрэн эрхийн хугацаагаа дуусах хүртэл албаа үргэлжлүүлэн хаших боломж байсан.

4. Коммунист нэг намын тогтолцооны 1986-1989 оны хоорондох сүүлийн 4 жилд Монголын Засгийн газрын гадаад бодлогын чиглэл аажимаар өөрчлөгдсөн. Хятадтай харилцаагаа сайжруулах сонирхолтой байсан ЗХУ-ын эрх баригчид Монгол дахь цэрэг болон улс төрийн нөлөөгөө бууруулж эхэлсэний сацуу Монголын Засгийн газарт Хятад, Япон, АНУ блон баруун Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлэх боломж олгосон. /Тухайлбал Монголын нутаг дэвсгэр дээр байрлаж байсан цэргээ татан гаргасан./ Монголын эдийн засаг гадаадын тусламжаас ихээхэн хамааралтай байсан тул ЗХУ болон Зүүн Европын орнуудаас үзүүлж байсан эдийн засгийн дэмжлэг туслалцаа буурсан нь Монголын эрх баригчид эдийн засгийн өөр түнш болон хандивлагч орон хайхад хүргэсэн. Монголын Засгийн газар 1988 оны 9 дүгээр сард ЭҮНХ-нд ажиглагч улс болох, мөн ЗХУ болон түүний бүрэлдэхүүнд байсан орнуудаас импортлож буй бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, мөн Сингапур Тайландтай харьцуулахад бүтээгдэхүүний чанар муу гэсэн үндэслэл дээр Зүүн өмнөд Азийн шинээр аж үйлдвэржсэн орнуудтай худалдааны харилцаа байгуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлж байсан. Барууны хөрөнгө оруулалтыг татах боломжийг судлах үүднээс 1989 оны 7 дугаар сард Монголын Гадаад худалдааны сайд Англи, Америкт айлчилсан. Монголын эрх баригчид Япон болон барууны орнуудтай харилцаагаа хөгжүүлэх тусам ардчилсан хөдөлгөөний эсрэг арга хэмжээ авах боломжгүй болж байсан бөгөөд ийнхүү арга хэмжээ авах нь гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтыг татах хүч чармайлтад нь магад саад учруулах байсан буйзаа. Магадгүй барууны орнууд хүний эрхийг зөрчиж байна хэмээн шүүмжилдэг Бирм, Узбекистан зэрэг тодорхой нэг улс дахь адрчилсан бус дэглэмд дэмжлэг үзүүлж ирсэн Хятад улс Монголд нэг намын тогтолцоог хэвээр үлдээхийн тулд хүч хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх, тэр бүү хэл сайшаах цор ганц хүчтэй гадны гүрэн байсан байх. Гэсэн хэдий ч Монголын ард түмний Хятадад үл итгэх байдал, түүний эсрэг дургүйцэл зэрэг уламжлалт хандлага маш хүчтэй байсан тул Монголын Засгийн газар Бээжингийн тусламжтайгаар тайван жагсаал цуглааныг дарах бодлого явуулахаар шийдсэн тохиолдолд эсрэг үр дүнд хүргэх байсан. Түүнчлэн, Монголын засгийн газар өөрөө ч зөвхөн Хятадыг дэмжсэн чиглэл баримтлах сонирхолгүй байсан.
Төв Азийн орнуудын хувьд гадаад хүчин зүйлс шилжилтийн үйл явцад хоёрдмол үүрэг гүйцэтгэсэн. Төв Азийн хамгийн ядуу орнуудын нэг болох Киргизстанд барууны орнуудаас эдийн засгийн туслалцаа авах шаардлага нь Төв Азийн бусад орнуудын удирдагчидтай харьцуулахад Акаевыг эхэндээ ардчиллын үзэл санааг, мөн эдийн засгийн эрс шинэчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө байр суурь баримтлахад хүргэсэн. Гэсэн хэдий ч гадаадын тусламж, барууны орнуудтай болон төрийн бус байгууллагуудтай өргөн харилцаа тогтоож чадсан нь Киргизстанд хагас авторитар дэглэм дахин тогтоход саад болж чадаагүй. Зарим нэг зохиолчид гадаадын тусламж нь Акаевт сөрөг хүчнийг дарах замаар өөрийн байр суурийг бэхжүүлэх боломжийг олгосон гэж маргадаг. Туркменистан, Узбекистан, Казахстан газрын тос, байгалийн хий  гэх мэт байгалийн асар их нөөц баялагтай байсан нь эрх баригч Засгийн газарт эдийн засгийн түнш олох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хялбар боломжийг олгож, улмаар эдгээр орнуудын зүгээс дарангуйллын эсрэг барууны орнуудын шүүмжлэлийг үл тоомсорлох явдлыг өөгшүүлж байсан. Тухайлбал, Казахстан дахь АНУ-ын хөрөнгө оруулалт 1990 оны дунд үеэс өсч эхэлсэн ба яг энэ үеэд АНУ-ын Засгийн газар Назарбаевын авторитар дэглэмийг илүү ихээр шүүмжилж байсан.
Ерөнхийдөө, Төв Азийн орнуудын авторитар удирдагчид өөрсдийн явуулж байсан бодлогыг барууны орнуудын шүүмжлэлээс хоёр байдлаар хамгаалж байсан. Нэгд, гадаадын орнуудын эрх ашгийн төлөөх өрсөлдөөнийг ашиглан тэдний дунд чадварлаг маневрлэх замаар тэдгээр орнуудын аль нэгээс нь хэт хамааралтай болохоос сэргийлж чадсан. Орос, Хятад, Иран, Турк болон Япон гэх мэт орнууд нэгэнтээ ардчилсан шинэтгэл өөрчлөлт хийхийг шаардаж шахалт үзүүлэх сохнирхолгүй байсан учир Төв Азийн дарангуйлагч нар АНУ болон баруун Европын орнуудаас шүүмжлэлд өртсөн тохиолдолд дээр дурдсан орнуудтай түншлэх боломжтой байсан. Тухайлбал, 2005 онд АНУ-ын Засгийн газар Узбекистаны цэргүүдийн Андижанд явуулсан алан хядлагыг буруушаасан бол Хятад, Орос хоёр хоёулаа энэ үйлдлийг нь зөвтгөж байсан. Хоёрт, Төв Азийн удирдагчид үндэстэн ястан хоорондын хүчтэй мөргөлдөөн, лалын хөдөлгөөнүүд заналхийлж байдаг бүс нутагт тогтвортой байдлыг батлан даагчид хэмээн өөрсдийгөө дүрсэлж, улмаар явуулсан хязгаарлалтын бодлогоо зөвтгөхийг эрэлхийлж ирсэн. Жишээлбэл, Назарбаев Казахстаны казакууд болон орос суурин иргэд гэх мэт үндэстэн ястан хоорондын зохицуулагч дүрд тоглож байсан бол Каримов Ферганагийн бослого болон лалын алан хядах үйл ажиллагаа гарах болсныг өөрийн авторитар арга барилын шалтгаан хэмээн дурдсан. Монголоос ялгаатай нь Төв Азид улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл, бүс нутаг хоорондын болон үндэстэн ястан хоорондын зөрчилдөөн их байсан /1989-1990 оны хооронд гарсан бослогууд, Таджикистан дахь иргэний дайн/ бөгөөд тус бүс нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан гадаадын аль ч гүрэн тогтвортой байдлыг хадгалах, аюул занал «савнаасаа халих»-аас сэргийлэх сонирхолтой байсан бөгөөд энэхүү аюулгүй байдалд төвлөрсөн байр суурь өөрийн «зохих» үүргээ гүйцэтгэсэн юм.

2


2 comments:

  1. хаанаас авснаа тодорхой бичвэл иш татаж болох л ёстой ш дээ. сонин юм аа...

    ReplyDelete
  2. хэрэв тэр чигээр нь хуулаад багшдаа үзүүлчихсэн бол яах уу

    ReplyDelete