Thursday, December 10, 2009

Зүүн Европ дахь шилжилтийн үе

              Др. Проф П.Мазар, Мюнстерийн Их Сургууль, Герман улс

1917 – 1918 оноос Оросын большевикүүд ард түмний өргөн олон түмний эсрэг “ язгууртан, помещик, хөрөнгөтөн, дунд давхрага, чинээлэг тариачид, сүсэгтэн олон санваартан, сэхээтэн”- ний эсрэг алан хядах ажиллагаа явуулж ноёрхлоо тогтоосон билээ.1920 оноос шинэ тутам ЗХУ өөрийгөө тойруулсан хамгаалалтын бүс буюу өөрийн дагалдагч дагавар орнуудаас бүрдсэн зөөлөвч байгуулахыг оролдсон юм.
Гэвч Иран, Хятад, Азербайджан, Унгар, Польш, Герман, Эстони –руу большевик хувьсгалыг экспортлох гэсэн оролдлого нь талаар болов.
Гагцхүү Монголд ЗХУ 1921-1924 онуудад цэргээ оролцуулсан нь 1990 оны хүртэл энэ оронд коммунист хэв маягийн бүгд найрамдах  улс байгуулах боломж олгосон юм.
Хориод оны сүүлчээр Сталин бүх дэлхийд хувьсгалыг ялуулна гэсэн үзэл бодлоосоо татгалзаж зөвхөн ЗСБНХУ-д дарангуйлалыг дээд цэгт нь хүртэл хүчирхэгжүүлэхээр шийдсэн юм.
30-аад оны сүүлчээр зохиомолоор явуулсан харгис балмад шүүхийн шийтгэх үйл ажиллагаа, бүх улс орныг хамарсан Гулагийн хорих лагерууд нь коммунист ноёрхлыг улам хүчтэй байх зорилоготой байвч үнэн хэрэг дээрээ коммунизумын үзэл санааны төгсгөлийн эхлэл мөн байсан бөгөөд зөвлөлт системийг их хэмжээгээр сулруулахад хүргэсэн юм.
Зөвлөлтийн нийгэм Орландо Фигесийн маш оновчтой хэлсэнчилэн “ хов зөөгчдийн” нийгэм болж хувирав. Дэлхийн 2-р дайн эхэлсэн нь Сталинд авралыг авчрав.
Фашизмын эсрэг тулалдахын тулд ард түмний бүх хүчийг дайчлав.1945 оны 5-р сарын 8-ны өдрийн Төв Европын цагаар 23цаг 1 мин.
Германы  Вермахт бүх фронтууд дээр бууж өгөв.
6 дугаар сарын 24-ний өдөр Москва хотноо ялалтын цэргийн парад болов.
Дэлхийн 2-р дайнд ялсны үр дүнд ЗХУ дэлхийн их гүрэн болов. Зөвлөлтийн хувьсгалыг Чехсловак, Польш, Унгар, Болгар, Румын, мөн зөвлөлтийн эрхшээлд орсон Германы зүүн хэсэгсүүлдээ БНАГУ хэмээн нэрлэгдсэн Хойт Солонгос, Хятад, 1954 онд Хойд Вьетнам, 1959 онд Кубад
экспортлосон нь зөвлөлтийн их гүрнийг баталгаажуулах хамгаалалт болж хувирсан юм. Зөвлөлтийн давамгайлсан орнуудад бараг бүгдээрэнд нь нэг намын коммунист ноёрхлыг тогтоосон юм.Үүнийг хүчээр хэрэгжүүлсэн нийгмийн өөрчлөлтүүд, тухайлбал үйлдвэрүүдийг нийгэмчлэх, газар тариаланг өөрчилж, хамтралуудыг байгуулах, боловсролын системийг өөрчлөн байгуулах, шашныг халах, нийгмийн бүх амьдралыг милитаричлах зэргээр баталгаажуулахыг хичээж байв.
Улс төрийн эсрэг үзэлтэн, шашны зүтгэлтнүүд, үндэстний цөөнхүүдийг их хэмжээгээр хэлмэгдүүлж байв.
1953 оны 3-р сарын 5-ны өдөр  Сталиныг нас нөгчих хүртэл олон арван мянган хүмүүсийг ЗХУ-д хүчээр нүүлгэн аваачих, зарим улс орон болон зөвлөлтийн шорон гянданд ба Москвагийн эргэн тойронд байршилтай буудан хороох олон газарт хүмүүсийг цаазаар  аваачих, олон нийтэд сургамж болох үзүүлэнгийн маягтай шүүх хурал, түүний дотор олон тохиолдолд еврейн эсрэг чиг баримжаатай процесс, маш их нөлөө хүчин чадал бүхий аюулаас хамгаалах аппарат байгуулах явдал тэр үеийн цаг үеийг тодорхойлж байсан юм.
Үүний дараа илэн далангүй террор нь арай нарийн арга барилаар солигдсон юм. Коммунист дэглэмүүд нь дарамтад автагдсан хүмүүст нийгмийн сайн сайхан зүйлийг амлаж өөрсдөдөө татах, системийг дэмжигчидэд  давуу эрх боломж олгох арга хэрэглэж байв.
Сүм хийд нь социалист системд интеграцилах боломжгүй  байсан учир тэдэнтэй нэг ёсондоо сөргөлдөөнт энх тайвны байдалтай оршин тогтнож байлаа. Ийм нөхцөл байдал нэн ялангуяа Католик шашны өөрийнхөө үндэсний онцлог хэмээн үздэг Польш улсад мөн протестант шашны хүч ролийг нэлээд сулруулж чадсан боловч бүхэлд нь устгаж чадаагүй байсан БНАГУ бий болоод байсан юм. Дорнод Европын бусад орнуудад сүм хийдэд гагцхүү ёс төдий шашны үйл хэргийг зөвшөөрдөг байсан боловч
тэдгээр нь ямарч атугай марксист- ленинист үзэл суртлын монопольчлолын эсрэг хандлагатай байсан юм. Мэдлэг боловсролын хувьд дулимагхан, нийгэмд эзлэх байр суурь нь өчүүхэн боловч маш олон тооны нас сүүдэр нь өндөр энэ олон “ эмээнүүд” христос шашны уламжлалын хамгийн үнэнч цаглашгүй хамгаалагчид байсан юм.одоог хүртэл социалогчид энэ үзэгдлийн нууцыг тайлж чадаагүй л байна.
Дорнод Европ  дахь зөвлөлтийн ноёрхол нь нэг загварт тулгуурлаж байв. Бүх гол шийдвэрүүдийг Москвад гаргадаг байлаа.Энэ нь үзэл суртал, эдийн засаг, соёл шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн тогтолцоо, цэрэг батлан хамгаалах, улс төрийн бүх салбарт хамааралтай байсан юм.
Гол боловсон хүчин Москвад бэлтгэгдэж орос хэлээр ярьдаг байв. Тухайн орны тагнуулын байгууллагуудыг ДХЯ_ АХХ-оос удирдаж, тэндээс хянадаг байлаа.
БНАГУ-д зөвлөлтийн иргэдийг “ бидний нөхөд” гэж нэрлэдэг байсан ба тэдний байхгүй газар, байгууллага алга байсан юм.
“ ЗХУ-аас сурах нь ялахыг сурна” гэж бүр бага ба дунд сургуульд заадаг байв.Зөвлөлт их гүрний дотор цав гарсан нь 1956 оны 2-р сард илэрч эхэлсэн юм.
Тэр үед Н.С Хруцёв ЗХУКН-ын ХХ их хурал дээр тавьсан алдарт нууц илтгэлдээ Сталиныг тахин шүтэх явдал, түүний үйлдсэн гэмт хэргийг хурцаар шүүмжилсэн бөгөөд энэ тухай Израйлийн тагнуулын Моссад байгууллага маш богино олон нийтийн хүртээл болгосон юм.
Үүний дараа эхэлсэн Сталины шүүмжлэл ба “ дулаарал” нь соёлын цензур ба либральчлалыг авчирсны сацуу коммунист ёс суртахууны гүн гүнзгий хямралын  эхлэлийг тавьсан юм.
20-дугаар зууны тоталитар дэглэмүүдийн адил төстэй шинж чанар нь илт болсон юм. Нацистуудын улс үндэстнийг устгаж байсан явдал нь коммунистууд ангийн дайснуудаа алан хядаж байсантай амь нэгтэй байв.
1957 онд Нобелийн шагнал хүртсэн Борис Пастернакийн “ Доктор Живаго”
хэмээх зохиол хэвлэгдэн гарсан юм.
1962 онд “ Новый мир” сэтгүүлд Александр Солженицыны “ Иван Денисовичийн амьдралын нэгэн өдөр” өгүүллэг нийтлэгдэв.
Үүгээр “ Хорих лагерийн “ утга зохиолын эхлэл тавигдсан бөгөөд түүний оргил нь “Солженицыны “ Архинелог Гулаг” байсан ба энэ зохиол нь ХХ- зууны хамгийн алдарт бүтээл болсон юм.
Зовлонт их гүрний хүчээр тогтоосон нэг загварчлал нь Сталиныг нас нөгчсөний дараа удаан боловч зогсолтгүй нурж унах хоёр шалтгаан байв.
Нэгдүгээрт, тэрхүү дэглэм нь өөр хоорондоо эрс тэс ялгаатай олон үндэстнүүдийн уламжлал ба түүнд нухлагдан дарамтлуулж байсан ард түмнүүдийг тулгамдсан асуудлуудыг интеграцилах чадваргүй байсан юм.
Нөгөөтэйгүүр, социалист буюу коммунист ахуйн нийгмийн зорилтууд нь биелэх боломж огтхон ч байгаагүй юм.
Өрнөдийн орнуудын амьдралын түвшинтэй харьцуулахад төлөвлөгөөт эдийн засагтай, нам, тагнуул, цэргийн нүсэр аппараттай социалист орнууд хэзээд алдагдалтай эдийн засагтай бүс нутаг байсан юм.


Сталины дараахь Дорнод Европын түүх коммунист дэглэмийн эсрэг чиглэсэн бослого, хөдөлгөөний түүх байв.

·       1953 оны 6-р сард ажлын нормчлолыг хэт өндөр болгосны эсрэг БНАГУ-д бүх улсыг хамарсан жагсаал, цуглаан, ажил хаялт, эсэргүүцэл өрнөсөн юм.
Энэхүү ажилчдын бослогыг 20 мянган цэрэг бүхий Зөвлөлтийн дивиз, БНАГУ-ын 8 мянган дотоодын цэрэг цагдаагийн хүчээр цус асгаруулан дарсан юм.
70-аад хүн амь насаа алдаж, түүний дотор 7 хүнийг цаазалсан юм.
6000 гаруй хүн баривчлагдав.Олон мянган залуучууд, түүний дотор оюутан сурагч, өөрөөр хэлбэл нийгмийн хамгийн идэвхитэй хэсгийнхэн, Баруун Германруу зугтан гарсан юм.
·       1956 оны 6-р сард Польшийн Позен хотын олон мянган ажилчид хөдөлмөр, аж амьдралын муу дорой байдлын эсрэг босоцгоосон юм.
Мөн энэ бослогыг нухчан дарсны уршгаар 74 хүн амь насаа алдаж, 500-аад хүн шархдав.
·       1956 оны 11 сард Унгарт болсон ард түмний бослогот олон оюутан, түүнчлэн мөн намын ажилтнууд оролцов.Зэвсэглэсэн тэмцэл Будапешт хотноо хэдэн хоног үргэлжилж, унгарын талаас 2500 хүн амь насаа алдав.Зөвлөлтийн цэргүүдээс 720 хүн алагдсан гэдэг юм.Нийтдээ 200 мянган унгарчууд Өрнөдийн орнууд руу дүрвэн гарч 350 хүнийг цаазалсан юм.
·       Александр Дубчекийн удирдсан ЧС-н коммунист нам 1968 оны хавар Хүмүүнлэгийн дүр төрхтэй социализм” хэмээсэн либирал ба ардчилсан хөдөлгөөн өрнүүлэв. “Прагийн хавар” хэмээн  нэрлэгдсэн энэ хөдөлгөөн нь хүн амын өргөн дэмжлэгийг хүлээсэн бөгөөд түүнийг 1968 оны 8-р сарын 21-ний өдөр Варшавын Гэрээний гишүүн орнуудын цэргийн хүчийг оруулснаар төгссөн юм.Үүний улмаас 98 Чех, Словак хүмүүс алагдаж, 150 000 хүн Өрнөдийн орнууд руу дүрвэж гарсан юм. Бараг  хагас сая орчим ЧС Коммунист намын гишүүдийг намаас нь хөөв.
Өөр өөр шалтгаанаас үүдэлтэй энэ олон бослогуудад хүн амын янз бүрийн  давхрагуудын төлөөлөл оролцсон ба үүний үр дүнд Коммунист ноёрхлын ёс суртахуун, улс төрийн оршин тогтнох эрч хүчийг сулруулж, ард түмэн эрх баригчид хоорондын ан цавыг улам өргөсгөж, тухайн орнуудын элит хүмүүсийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн юм.
Социалист өдөр тутмын амьдралын дүр төрхийг хүмүүсийн бухимдал, үл итгэлцэл, дэглэмийн дуран хараанаас далд цөөн хэдэн нүх сувганд хорогдох явдал тодорхойлж байв. Өрнөдтэй харьцуулахад социалист орнуудын хоцрогдол улам бүр өсөн нэмэгдэж байв. Дэд бүтэц эзэнгүйдэж, хямрал ердийн үзэгдэл болов.

1961 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Берлиний хана гээчийг байгуулан БНАГУ-ыг өрнөдөөс бүр мөсөн салан тусгаарласан нь дэлхий ертөнцийг бие биенийхээ эсрэг дайсагнан сөрөн зогссон хоёр лагерт хуваах үйл явцыг оргилынхоо дээд цэгт нь хүргэсэн юм. Баруун Германы Засгийн газраас ойртох замаар өөрчлөлтөд хүрэх гэсэн бодлого ба БНАГУ-д их хэмжээний зээл олгох явдал ба мөн улсын хэмжээнд өрнөж байсан үйл явц /Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны бага хурал/ хоёр Германы хоорондын харилцааны зарим хатуу ширүүн байр суурийг зөөлрүүлэх нөлөөтэй байсан юм. Ерөнхийд нь авч үзэхэд коммунист улс орнуудын хэрэгжүүлж ирсэн тусгаарлах бодлого нь тэдгээр улсын нийгэм эдийн засгийн зогсонги байдлын шалтгаан болж байв. Социалист орнуудын хязгаардлагдмал бүрэн эрх байдлыг тунхагласан Брежневийн доктрин нь тэдгээр улс орны үзэл суртал, улс төрийн байдлыг тодорхойлж, тэрбээр “зогсонги байдлын эрийн үе”-ийн бэлгэ тэмдэг болсон юм.

Коммунист дэглэмүүдэд болсон үндсэн өөрчлөлтүүд нь эдгээр дэглэмүүдийг уналтад хүргэсэн нь Өрнөдийн орнуудын ойртох бодлогын үр дүн биш, коммунист намуудын доторхи модернизацийн процессын ч үр дүн биш байсан ба энэ нь коммунист дэглэмүүдэд нам доторхи реформд найдаж байсан улс төр судлаачдын үзэл бодлоос тэс өөр зам байв. Харин  энэ нь өөрчлөлт хийхийг шаардаж байсан социалист орнуудын дотор бие даан тэмцэл өрнүүлж байсан олон хэсэг хүмүүсийн тэмцлийн үр дүн байсан юм. Дорнод Европын орнуудын сөрөг хүчнүүдийн арга зам нь олон янз байсан ба үүний шалтгаан нь тэдний үндэс суурь нь өөр өөр байсантай холбоотой юм. Сөрөг хүчнийхний бүрэлдэхүүн нь янз бүр байсан нь тэдний хүсэл эрмэлзэл, зорилго нь эхлээд их ялгаатай байснаас улбаатай юм. Эхний үед Дорнод Европын социалист орнуудад эдгээр сөрөг хүчнүүд нь түүхэн өөрчлөлт хийх үүрэг роль гүйцэтгэж чадна гэдэгт итгэл үнэмшил туйлын бага байсан учир тэд олны анхаарлаас ангид байсан юм. Харин байдал 80-аад оны сүүлчээр өөрчлөгдөв. Гэвч бид эхлээд сөрөг хүчний үзэл бодол, үйл хэргийн хүсэл эрмэлзэл, түвшинг эргэн санацгаая:

- Коммунизмын ноёрхлын үндсийг таслах сүхний цохилт болсон сөрөг хүчний хөдөлгөөн анх Польшид эхэлсэн билээ. Тэр оронд үндэсний уламжлал, соёл иргэншлийн түшиг тулгуур болсон католик шашны сүм хийд хэзээ ямагт хүчирхэг нөлөөтэй байсан юм. 1957-1976 онд Польшийн сеймд хууль ёсны сөрөг хүчин болж байсан католик шашны сэхээтнүүдийн клубууд коммунист дэглэмийн санаархлын эсрэг зогсож байсан сэхээтний сөрөг хүчний төв байсан юм. 70-аад оны дундуур эдгээр клуб нь “Ажилчдын хамгаалах холбоод” болон Радом ба Катовице хотод байгуулагдаж эхэлж байсан чөлөөт үйлдвэрчний холбоодтой хүчээ нэгтгэсэн юм. 1979 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Краковын дээд хамба лам Карол Войтилаг Ромын хамба лам /папа/-аар сонгосон нь дэлхийн түүхэн ач холбогдолтой байлаа.

1979 оны 6 дугаар сарын Христийн баярын үед Ромын пап II Иоханн Пауль Варшавын ялалтын талбайд хуран цугларсан сая гаруй нутаг нэгтэндээ хандаж хэлсэн үгэндээ энэ дэлхий ертөнцийг Ариун сүнсний хүчин дор үндсээр нь өөрчлөх шаардлагатай байгааг цохон тэмдэглэсэн юм. Энэхүү шашин шүтлэгийн уриа дуудлага нь Польшийн гаднах ертөнцөд ч улс төрийн уриалга хэмээн маш их дэмжлэг сайшаал авсан юм. Дэлхий дахинд маш их нэр нөлөөтэй, цаглашгүй эрчим хүчтэй, улс төрийн маш их ухаалаг хүмүүн коммунизмын эсрэг тэмцэлд уриалан дуудсан юм. Ийм нөхцөл байдалд Польшийн анхны чөлөөт үйлдвэрчний эвлэлүүд байгуулагдсан билээ.

1980 онд Гданьск усан порт, Варшавын тракторын завод зэрэг томоохон үйлдвэрийн газруудад болсон ажил хаялт Польшийг тэр аяар нь донсолгосон юм. 10 дугаар сарын 3-ны өдөр Дорнод Европын анхны чөлөөт үйлдвэрчний эвлэл “Солидарношч”-ийн шүүхээр хүлээн зөвшөөрөгдөв. Үүнээс нэг сарын дараа Польш ажилчдын тэн хагас илүү нь Лех Валенсагийн удирдсан “Солидарношч”-ийн гишүүн болов.

Энэ бүх нийгмийн хамарсан хөдөлгөөнийг 1981 оны 12 дугаар сард зарласан байлдааны онцгой байдал ба хорих лагеруудыг байгуулаад ч зогсоож чадаагүй юм. Тэр үед Варшавын Гэрээний орнуудын цэргийг Польшид оруулах асуудалд Москва хориг тавьсан юм. Байлдааны онцгой байдлын үед ч Польшийн сөрөг хүчнийхэн эрх чөлөөнийхөө төлөө тэмцлийг шийдвэртэйгээр үргэжлүүлсээр байлаа.

Польшийн самиздат эрх чөлөөний үзэл бодлыг өргөн олон нийтийн дунд сурталчилж байв. 1989 оны 4 дүгээр сард Коммунист нам, сөрөг хүчний төлөөлөгчид дугуй ширээний яриа хэлэлцээ хийж, коммунист ноёрхлыг түлхэн унагах асуудлын талаар маргалдсаны эцэст нь ардчилсан институц /чөлөөт сонгууль олон намын тогтолцоо, парламентийн бүтэц, эрх зүйт төрийн шүүх эрх мэдэл г.м/-ийг зөвшөөрүүлж чадсан юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд, Польш дахь коммунист дэглэмийг католик шашны сүсэгтэн олон нийт, сэхээтэн, ажилчдын эвслийн хүчээр түлхэн унагаж чадсан бөгөөд тэднийг эрх чөлөөт Польш улсыг байгуулах Христийн шашны үнэт зүйлс нэгтгэж байсан юм.

БНАГУ-д улс төрийн сөрөг хүчин Христчүүдийн энх тайваны төлөө хөдөлгөөнөөс үүдэлтэй юм. Протестант сүм хийдийн ивээл дор өрнөсөн цэргийн алба хаахаас татгалзсан нациаристүүдээс улс төрийн сөрөг хүчин бий болсон бөгөөд тэдний улс төрийн шаардлага нь улам бүр өргөжиж байв. Эдгээр сөрөг үзүүлэлтүүдийн олонхи нь ГНСН-н диктатурыг тайван замаар халж реформчлогдсон БНАГУ-г  байгуулхыг хүсч байв. Эхний үед тэд хоёр герман улсыг нэгтгэх зорилгыг тавьж, байгаагүй бөгөөд энэхүү зорилго 1989 оны намаар өрнөсөн олон түмнийг хамарсан жагсаал цуглааны үеэр улс төрийн зорилго болж хувирсан юм. Жагсагчдын тавьж байсан “ Бид бол ард түмэн” гэж өөрчлөгдхөд Баруун Германы улс төрчид хоёр герман улс нэгдэх хөдөлгөөнийг зогсоох ямарч арга зам байхгүй болсныг ойлгосон юм. Миний анд Берлиний хамба лам Мартин-Михаэль Пассаүэр энэ тухай та нөхдөд илүү дэлгэрэнгүй ярьж өгөх болно.
              -Унгар бол зөвлөлтийн ноёрхлын их гүрэн дотор ямагт онцгой байр суурь эзэлж байв. Энэ орныг Дорнод Европын “хамгийн наргиатай барак” гэж нэрлэдэг байв. Унгарын социализмыг “коммунист гуляш” гэж хошигнодог байсан нь тохиолдлын хэрэг биш байлаа. Энэ зөвлөлт системийн арай хялбарчилсан хэлбэр буюу унгарын хоол амтлагчтай гэсэн утгатай юм. 1956 оны бослого, ард түмний дунд амь бөхтэй оршсон эсэргүүцлийн үр дүнд 50-иад оны сүүлчээр Якош Кадар зөвлөлтийн удирдлагаас зарим хөнгөлөлт эдлэх зөвшөөрлийг авч чадсан юм. Тухайлбал үүнд зарим хувийн аж ахуй эрхлэх, соёлын зарим ардчилсан хэлбэр, мөн “жирийн” иргэд Өрнөдийн орнуудад жуулчлах эрх эдлэх зэрэг зүйл орж байв. Унгарын Ажилчдын Социалист Нам “Бидний эсрэг биш бол бидний талд” гэсэн Библийн сургаалийг (Лукас, 9.50) даган мөрддөг байв. Энэ маягийн “нийгмийн гэрээ” нь энэ орны ард түмэнд бага хэмжээний эрх чөлөө эдлэх боломж олгосон ба үүний үр дүнд 1987-1988 онд бүр намын дотор хүртэл сөрөг хүчний группүүд ч байгуулагдсан юм. Унгарын удирдлагын хийсэн шийдвэрлэх алхам нь 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Унгарын Гадаад хэргийн сайд Гюүла Хорн Австрийн Гадаад хэргийн сайд Алоис Мокийн хамт Австрийн хэл дээрхи өргөст торыг хайчилж тасалснаар эхэлсэн юм. Энэ нь БНАГУ-ын олон зуун иргэд Унгараас Австрийг дамжин ХБНГУ-руу дүрвэн гарах боломж олгосон юм. Дорнод, Өрнөд хоёрыг хэдэн арван жилийн турш салган тусгаарлаж байсан “төмөр хөшиг”-ийн нэгэн чухал хэсэг ийнхүү цоорсон түүхтэй билээ.
              - 1989 оны 8, 9 дүгээр сард 3500 орчим БНАГУ-ын иргэд Праг дахь ХБНГУ-ын ЭСЯ-ны эзэмшлийн газарт нэвтрэн орж маш хүнд хэцүү нөхцөлд орогнож байв. 9 дүгээр сарын 30-ны өдөр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Ханс-Дитрих Геншер баяр сэтгэлийн хөөрлөөр бялхсан дүрвэгсдэд тэдэнд Баруун Германд очих зөвшөөрөл олгосныг мэдэгдэв. БНАГУ-ын дүрвэгсдийг БНАГУ-ын галт тэргээр БНАГУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэн гаргасан нь бүх дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байсан хамгийн чухал мэдээ болж байлаа. Берлины хана нурж, 11-р сарын 12-нд Болгарт Живковын дэглэмийг унасны дараа 11-р сарын 16-17-нд Братислава, Праг хотноо оюутнуудын жагсаал, цуглаан болж, түүнд Прагийн театруудын жүжигчид нэгдэв. Эдгээр үйл явдал нь 11-р сарын 24-нд бүр бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн болтлоо өрнөж, тэр үеэр зохиолч Вацлав Юавель, “Прагийн хаврын” гол баатар Александр Дубчек нар намын удирдлагыг бүхэлдээ огцрохыг шаардаж амжилтанд хүрч байв.
Зөвхөн 2 цаг үргэлжилсэн бүх нийтийн ажил хаялтын үр дүнд энэхүү “ зөөлөн (хилэн) хувьсгал” оргилдоо хүрэв. 12 дугаар сарын 10-нд 1948 оноос хойшхи анхны коммунист бус “ Үндэсний эв нэгдлийн засгийн газар” албан ёсоор ажилдаа оров. Александр Дубчек парламентын дарга, Вацлав Хавель улсын ерөнхийлөгчөөр сонгогдов. 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чех, Словак хоёр салан тусгаарлаж, биеэ даасан улс болов.
-Румынд 1989 онд үйл явдал яаж өрнөснийг дахин санацгаая. 1965 онд засгийн эрх мэдлийг гартаа авсан Николая Чаушеску 1974 оноос Румын тоталитар цагдаагийн төрийг байгуулав. Сөрөг үзэлтнүүдийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүчээр эмчлэх эсхүл эх орноос нь хөөн гаргаж байв. Секуритатэ хэмээх тагнуулын байгууллага 15000 орон тооны ажилтантай, 700000 орчим мэдүүлэгчтэй байв. 1982 оноос эхлэн Чаушеску румыны үндэсний онцгой зам хэмээх замналыг сонгосон нь улс орноо бүхэлд нь маш богино хугацаанд нийтээр нь ядууралд хүргэв. Хоол хүнсний зүйлийн худалдаа нормчилж, махыг бараг зарахаа больж, орон сууцны халаалтыг өвлийн нөхцөлд 12 градусаас дээш байлгахгүй байхаар тогтоож, нэг өрх айл зөвхөн 25 ваттын лампа хэрэглэхийг зөвшөөрдөг, нэг автомашинд сардаа 60 литр, дараа нь бүр 20 литр бензин өгдөг, телевизийг 20-21ц.45 хүртэл ажилладаг, нялхсын эндэгдэл Европт хамгийн өндөр байв. Агуа том барилга байгууламж, тухайлбал Дунай-Хар далайн суваг, нэн ялангуяа Европын хамгийн том барилгад тооцогдох Чаушескугийн харшийг барих нь нийт ард түмний ядуу дорой байдлыг улам дордуулж байлаа. “Тосгодын систем оруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 6500 тосгоныг үгүй хийж, хүн амыг “хөдөө аж ахуй – аж үйлдвэрийн төв”-үүдэд нүүлгэн суулгахаар төлөвлөж байв. Авилга, хээл хахуульд нийгэм бүхэлдээ идэгдсэн байлаа. Дорнод Европын бусад орнуудтай харьцуулахад Румыны хувьсгал нэлээд цус урсгасан байдалтай болж өнгөрөв. Түүний эхлэл нь унгар гарлын санваартан тэрслэгч үзэлтэн Ласло Тёкештйг (Тимисоарад ажиллаж байсан) эх орноос нь хүчээр хөөн гаргах гэсэн санаархал байв. Иргэний дайн хэлбэрийн тулаан тэмцэл эхэлж тэр нь бүр нийслэл Бухарестийг хүртэл хамарч үүний улмаас олон мянган хүн амь насаа алдав. 1989 оны 12-р сарын 22-нд их удирдагч Чаушеску орон даяар онц байдал зарлаж түүнийхээ журам дүрмийн дагуу тэрбээр гэргий Еленагийн хамт 12-р сарын 25-нд 14 цаг 50 минутад Тарговисте хотод цаазлагдсан юм. Румынд болсон хувьсгалт засгийн эргэлтийн олон факт баримтууд өнөөг хүртэл бүрэн гүйцэд тодруулагдаагүй байна. Урьдах системтэй (мах цусны тасархай) гүн гүнзгий холбоотой байсан хувьсгалын дараахь эрх баригчид (ёс төдий) өнгөцхөн “декомминизаци”-ийн арга хэмжээ авсан хэдий боловч цаашид ч коммунист боловсон хүчний резерв (нөөц) хэвээрээ байв. Зөвлөлт систем давамгайлсан их гүрэн (империя) ба зүүн Европын коммунист дэглэм ийм байдлаар нуран унана гэдгийг хэн ч таамаглаж (төсөөлж) чадаагүй юм. Сөрөг (тэрслэгчид) үзэлтнүүдийн ихэнх хэсэг нь өөрчлөлт (реформ)-ийг хүссэн боловч энэ нь шинэ эрин үеийн эхлэлийг тавьсан хувьсгалд ( галыг асаав) хүргэв. Өрнөдийн орнууд ч Дорнодын блокд ийнхүү системийн өөрчлөлт, задрал болно гэдэгт бэлэн бус байв: Вашигтон, Бонн, Парис, Лондонгийн албан ширээнүүдийн шургуулгануудад энэ талаар ганц ч бэлэн төлөвлөгөө, бэлэн баримт байхгүй хоосон байлаа.
Бас нэг гайхшил төрүүлсэн зүйл гэвэл Дорнод Европын ихэнх оронд болсон эргэлт нь ерөнхийдөө тайван болж өнгөрсөн явдал юм. Энэ нь жагсаал цуглаанд оролцогсод тайван байсантай холбоотой юм. Бас нэг цохон дурдах зүйл гэвэл зөвлөлтийн цэрэг урьдах үетэй харьцуулахад хүч хэрэглээгүйтэй холбоотой юм:  цэргийн хуарангуудын үүд хаалга нь хаалттай байж, танкууд хөдөлгөөнгүй зогсож, буун дуу гараагүй юм. С. Горбачёвын зарлан тунхагласан “перестройка”, “гласность”-ийн дор Зөвлөлтөд хэрэгжүүлсэн гүн гүнзгий өөрчлөлт шинэчлэлт бүх харилцаанд үндсэн өөрчлөлт хийх боломжийг олгосон юм. ЗХУ цаашдаа Европт байрлаж байсан бүх цэргээ гаргав. Зөвхөн хуучин БНАГУ -аас нийтдээ 546000 цэргийн албан тушаалтан гэр бүлийнхээ гишүүдийн хамт гарсан юм. Энэхүү үйл явдал нь зөвхөн логистик (арын алба)-ийн ач холбогдолтой байсангүй. Германы нутаг дэвсгэрээс зөвлөлтийн цэрэг гарч явсан нь мөн Дэлхийн 2-р дайны дараахь эрин үеийн төгсгөл байв. Эх орны дайны гялалзсан ялалтын дараа энэ чинь эцсийн эцэст бидний ялагдал юм бишүү хэмээн Улаан армийн олон ахмад дайчид сэтгэлээ эмтрүүлэн асуун сууж байна. ХБНГУ зөвлөлтийн цэргийг гаргасны шанд 20 тэрбум орчим дойче маркийг ЗХУ-д төлөв. Зөвлөлт маягийн дэглэмүүдийн уналт Берлинээс Улаанбаатар хүртэлх орон зайн цаг хугацаанд болсон юм. Зүйрлэж хэлэхэд, нэгэн өмхөрсөн модон овоохой эхний хүчтэйхэн салхины үлээлтээр бүрмөсөн эвдэрч нурсантай адил төстэй зүйл болов. Энэ үйл явдал нь юуны өмнө Москвагийн тушаалаар бий болсон нь нэг маягийн загварчлалтай холбоотой юм. Олон арван жилийн турш ЗХУ өөрийнхөө дагуулуудыг хазаарлан барьж байв. Эхний улс орнууд энэхүү хазаарыг тас татахаар бусад нь энэ сүргээс мөн зугатан одов.
Энэ бүх үйл явдал болсноос хойш 20 жил буюу бараг бүхэл бүтэн үе өнгөрчээ. Тэр үед дөнгөж төрж байсан хүүхдүүд одоо их, дээд сургуулийн оюутан болжээ. Эдгээр залуучуудын олонхи нь тэр үеийн үйл явдал, түүнийг удирдаж эргэлт хийхэд шийдвэрлэх үүрэг роль гүйцэтгэсэн хүмүүс коммунизмыг сүйрэлд хүргэсэн түүх –улс төрийн нөхцөл байдлын талаар багаахан зүйлийг л мэдэж байгаа. Тэдний асуух зүйл бол: “Энэ чинь бидэнд юу авчирч, өгсөн юм бэ?” гэнэ. Тэд эцэг эх, өвгөн аав, эмээ ээж нараасаа тэдний хувьд аль хэдийнээ өнгөрсөн цаг үеийн тухай янз бүрийн, олон тохиолдолд өөр хоорондоо зөрөлдсөн зүйлүүдийг сонсож, бидний орон зай хаана байна, биднийг ирээдүйд юү хүлээж байна гэсэн асуултыг асууна.
Коммунизмын 20 жилийн өмнө болсон уналт сүйрэлтэй холбогдож өнөөдөр тухайлбал дараахь асуудал үүдэн гарна. Үүнд:
-         Тэр үйл явдалд оролцож явсан хүмүүсийн хүсэл эрмэлзлэл биелэлээ олов уу?
-         Юу нь хий хоосон мөрөөдөл байв, бодит үнэн нь юу байв?
-         Иргэний нийгэмлэгийн, олон ургальч үзэл бүхий, ардчилсан намын бүтцийг хэрэгжүүлж чадав уу? Чадсан бол хэр гүн гүнзгий, бат бөх байдлаар?
-         Төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг ямар хэмжээгээр хэрэгжүүлэв?
-         Эрх зүйт төрийг цогцлон байгуулж чадав уу? Ямар түвшинд?
-         Коммунист цаг үеийн үлдэгдлийн дарамт байгаа эсэх?
-         Түлхэн унагагдсан дэглэмийн боловсон хүчин, зүтгэлтнүүд хаана, юу хийж явна?
-         Шинээр бий болсон ардчиллын тогтолцоо бэхжиж чадсан уу? Түүний эсрэг чиглэсэн аюул занал хаанаас гарч байна вэ?
-         Үндсэрхэг үзлийн байр суурь хэр хэмжээнд байна, үнэт зүйл үнэгүйтэх гээд байна уу?
Коммунизмаас олон орон чөлөөлөгдсөн учир би энэ бүх асуултад тодорхой хариу өгч чадахгүй. Тэгсэн хэдий боловч хэдэн санаа хэлэхийг надад зөвшөөрнө үү.
              - Коммунизмын ноёрхол төгсгөл болсны дараа Зүүн Европын ихэнхи орон нийтдээ өрнөжсөн юм. Тэдгээрийн олонхи нь коммунист ноёрхлын үед таслагдсан Өрнөдийн соёлтой холбогдож байсан холбоо сүлбээгээ сэргээж чадсан. Энэ нь юуны өмнө Габсбургийн хаант улсын бүрэлдэхүүнд орж байсан Өмнөд Европын орнуудтай хамааралтай юм. Ахуй амьдрал нь өрнөжсөн нь түүхэн уламжлалтай нягт холбоотой хүн амын хэсэг, тухайлбал тариачин ард түмний хувьд сэтгэл зүйн –нийгэмийн хувьд хэт их дарамт, үнэлэмжийн үгүйрэлд хүргэсэн талтай.
              - ЗХУ буюу ОХУ-д шилжилтийн үйл явц өөрийн өвөрмөц онцлогтой явагдсан ба энэ нь өргөжих бүх чиг хандлагийн эсрэг Оросын эрт урьд үеийн уламжлал, оросын үнэн алдартны сүм хийдийн ёс заншлыг зориудаар хэвшүүлсэнтэй холбоотой юм. Владимир Пүтин Орост хаант засаглалыг тогтоогоогүй хэдий боловч түүний ард түмэнтэйгээ хийсэн “нийгмийн гэрээ”-ний чиглэх нь тэр зүг рүү заагаад байгаа билээ. “Шинэ эзэд” амьдрал аажмаар сайн сайхан болохыг амлаж байгаа боловч үүний тулд тэд ард түмнээсээ улс төрийн оролцооноосоо татгалзахыг шаардаж байна. Энэхүү бүтцэд гарч буй иргэний нийгмийн хоосон үлдэж буй орон зайг Оросын үнэн алдартны сүм ба эрээ цээрээ алдсан үндсэрхэг үзэлтнүүд дүүргэж байна.
              - ХБНГУ -ын шинэ муж улсуудад (хуучин БНАГУ) хоёр герман улс нэгдсэн явдлыг үг дуугүй сайшаан хүлээн зөвшөөрч, ардчиллыг мөн талархан хүлээж авсан юм. Тэгсэн хэдий боловч эхний үеийн сэтгэлийн хөөрлийн давалгаан намжсаны дараа сайхан зүүд зүүдэлж байснаа сэрсэнтэй адил лугаа өдөр тутмын бодит амьдралтай нүүр тулан учирч үүнээс зарим талаар цочирдох явдал ч гарч байна. Ямар ч хольцгүй цэвэр үндэсний бахархал үгүйлэгдэж байна. Хуучин муж улсууд (Баруун Герман)-аас шинэ муж улсуудад тусламж дэмжлэгийн зорилгоор шилжүүлсэн мөнгөний тоо хэмжээ тодорхой биш бөгөөд барагцаалсан тооцоогоор 300 тэр бумаас 1, 2 биллион (их наяд) гэдэг юм. Хөдлөшгүй үнэн бол маш их мөнгө гэдэг нь үнэн, харин түүний үр дүнд олон хүн эргэлздэг билээ.
              - Европтой интеграцичлах үйл явцыг Польш улс 1989 онд олж авсан ололт амжилтынхаа баталгаа хэмээн үздэг юм. “Польш Улс Өрнөд рүү чиглэсэн замаар явсан ба үүн дээрээ хатуу зогсож байгаа” гэж (Вроцлавын) профессор Рухневич тодорхойлсон билээ. Түүний үзэж байгаагаар “пост-коммунистууд шинэ тогтолцооний бүтцийн хэсэг болж ардчилсан бүтцүүдийн амжилт бүхий бүтээн байгуулалтад” хамрагдсан юм. Орчин үе, олон ургальч үзэл, гэр бүлийн үүрэг роль, католик шашны нийгэмд эзлэх байр суурь, өөр бусад үзэл бодол, хөрш орнуудтай харьцах харилцааны талаархи асуудалд өгөх хариулт хүлээлэгдэж л байна.
              - Харин эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засагруу дэн дун найгаад ороод явчихсан Унгар улсын өнөөгийн байдал нэлээд хэцүү байна. Хуучин коммунист намын зүтгэлтнүүд маш богинохон хугацаанд капиталистууд (хөрөнгөтөн) болж амжсан. Эрх баригчдад итгэх ард түмний итгэл найдвар алдарсан. Унгарыг сайн мэддэг хүмүүс “энэ орныг мафийн группүүд удирдаж байгаа ба тэнд ёс суртахууны хямрал нүүрлээд байна” хэмээж байна. Унгар бол ардчилагчид үгүй ардчилсан орон (демократия без демократов) гэж тодорхойлж болно. Үндсэрхэг үзэл, хэт барууны үзэл, еврейчүүдийг гадуурхах үзэл өсөн нэмэгдэж буй нь энэ орны ирээдүйд улс төр – нийгмийн хувьд заналхийлж байна.
              - Прагад харин “зөөлөн хувьсгал”-ыг амжилттай болсон гэж үздэг. Энэхүү хувьсгалыг уул шугамандаа сэхээтэн, урлагийн зүтгэлтнүүд хийсэн боловч коммунист ноёрхлыг зэвүүцсэн эсхүл түүнд залхсан ард түмэн тэдэнтэй нэгдсэн юм. Шинэ нөхцөл байдалд ард түмэн тун амархан дасч суралцсан. Тухайлбал парламент, засгийн газар хоорондын харилцаанд зарим тэнцвэргүй байдал байдаг боловч ардчиллын инститүүцүүд ерөнхийдөө хэвийн ажиллаж байна. Нийтдээ бол Чех улс ч тэр, Словак ч тэр хуучинтайгаа харьцуулахад илт баян болж, хотууд нь хөгжин цэцэглэж байна. Хөдөө аж ахуйн салбар хүчнийхээ бараг гуравны хоёрыг чөлөөлсөн боловч, ажилгүйдэл боломжийн хэмжээнд, өөрөөр хэлбэл дунджаар 5 хувьтай байна.
              - Румынд шинэчлэлийг гүйцэт дуусгаад хуучин хууль тогтоомжуудыг нийтэд нь шинэчлэн боловсруулах шаардлага байна. Дэлхий нийтийн эдийн засгийн хямрал дотоодын хямралыг улам гүнзгийрүүлэв. Хүн амын тоо 3 саяар цөөрсөн нь бас нэг зүйлийг хэлээд л байгаа юм.
Хоёр дахь ээлжийн коммунистуудын байхгүй газар алга. Эдийн засаг нь патериализм, либрализм хоёрын дунд хэлбэлзэж байна. Ардчиллыг эргэлзэх үзэл хүчтэй байгаа боловч эхлэлүүд бол байна. Авилга хээл хахууль хүчтэй газар авсан хэвээр боловч, түүний зэрэгцээ эрх зүйт төрийн үүрэг роль өсөн нэмэгдэж байна. Үндэсний цөөнхүүдэд, юуны өмнө герман, унгаруудад хандах хандлага жирийн гэж хэлж болж байна. Харин Рома хэмээн нэрлэдэг Цыгануудад энд мөн бусад шилжилтийн орнууд шиг нэгэн адил их хүндрэл бэрхшээлтэй харилцаа бий болоод байна. Тэд харин шилжилтийн үеийн ялагдагчид гэж тодорхойлж болох юм.
Би илтгэлээ орчин үеийн нэрт түүх судлаач Бонны Их сургуулийн профессор Ханс-Петер Шварцын хийсэн дүгнэлтээр дуусгамаар байна. Тэрбээр “Хүлээц найдлага их, прогноз тооцоо нь харьцангуй зөв, хөтөлбөр нь ерөнхийдөө боломжийн, шилжилтийн хэрэгжилт нь хүнд хэцүү, сэтгэл санаагаар унахуйц байсан боловч тэр үед хүсч хүлээж байсан олон зүйл биелэгдсэн юмаа” гэсэн юм.
Энэ бол чамлахааргүй зүйл биш гэдэг нь мөнөөс мөн!





13



No comments:

Post a Comment