Friday, February 19, 2010

Ардчилсан хувьсгал 1989-1990 он

Хойт хөршид өрнөсөн “перестройка” буюу шинэчлэлийн нөлөө Монгол оронд бага багаар нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болов. 1986 он орчмоос эхэлсэн энэ байдал аажим аажмаар хүрээгээ тэлсээр 1989 оны 11 дүгээр сарын 27 -29-ний өдрүүдэд нийслэл хотноо болсон Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар Зөвөлгөөний индэр дээрээс МАХН-ын ТХ-ны УТТ / Улс Төрийн Товчоо / -д өргөх бичиг барих хэмжээнд хүрч задарсан юм.


Улмаар 1989 оны 12 дугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо / МоАХ/ байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулагдсанаар Монгол оронд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг. Нийслэлд болсон энэ цуглаанаас сар агруйн өмнө Ховд аймгийн Багшийн сургуулийн хэсэг багш оюутнууд цуглаан хийж аймгийн МАХН-ын Хороо, Засаг даргад өргөх бичиг барьсан байдаг. Энэ цуглааныг Эдүгээ Ардчилсан Намын гишүүн Болдбаатар, Буяндэлгэр нар санаачилсан болох нь хожим тодорхой болсон юм. 10 мянга гаруй хүн оролцож алдарт “Хонхны дуу” цуурайтсан анхны цуглаанаас хойш ардчиллал хүчээ аван тэлж, 1990.02.11-нд Ялалтын талбайд зуу гаруй мянган хүн оролцсон дараагийн цуглаан болов. Энэ цуглаанаас хойш ардчилсан хүчнүүд шил шилээ даран төрөн гарснаа зарлаж байв. Орон нутагт холбоо, нам, хөдөлгөөний салбарууд бараг зэрэгцэн байгуулагдлаа. Зарим аймагт төв нам Улсын Дээд Шүүхэд бүртгэгдэхээс өмнө байгуулснаа зарлаж тамга, тэмдэгээ өөрсдөө хийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь ч бий. / Аймгын намын анхны дарга нарын нэрс бичигдэнэ / Ардчилсан Социалист Хөдөлгөөн, Шинэ дэвшилт Холбоод зохион байгуулах хурлуудаа зарлан хийж улмаар Монголын Социал Демократ Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам байгуулж байгаагаа мэдээлэв.
МоАН – 1990.02.18 Анхны дарга нь Э.Бат-үүл
МСДН – 1990.02.26 Анхны дарга нь Б.Батбаяр/Баабар/
МҮАН – 1990.03.11 Анхны дарга нь Да.Ганболд
1990.02.18–нд МоАХ-ны анхдугаар Их Хурал МҮЭСТО-нд хуралдсанд хот хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад, дотоодын 200 гаруй зочид төлөөлөгчид оролцов. Уг хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах Зөвлөлийг 35 хүний, тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй баталж Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг баталлаа.

МАХН-ын ТХ-ны УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагаа тавьсан юм. Хурлын үеэр ардчиллын анхны чөлөөт сонин болох “Шинэ толь” хэвлэгдэн гарсан түүхтэй. Цагаан морин жил өрнөсөн энэ хувьсгалд монголчууд нийтээрээ дэмжин оролцсон гэж үздэг. Ингэж эв хүчээ нэгдэн нэгэн сонирхолын төлөө хөдөлсөн нь МАХН-ын Улс Төрийн Товчоо гэх онцгой эрх дарх бүхий дарангуйлагчаас салж дэлхийн хүн төрлөхтний нийтлэг алхаанд нэгдэх гэсэн сонирхолоос нь үүдэлтэй хэмээн судлаачид, улс төрчид тодорхойлдог. Тиймээс ч ардчилсан хөдөлгөөн хүчтэй байлаа. Олны энэ хүсэл сонирхолыг цэрэг, цагдаа хүртэл дэмжиж байсан учир МАХН-ын ТХ-ны УТТ арга буюу хүлээн зөвшөөрч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. “Оготоны хамраас цус гаргалгүй” хийсэн гэгддэг эн хувьсгалын ялалтанд тухайн үеийн Ерөнхий сайд бөгөөд МАХН-ын дарга Жамбын Батмөнхийн ухаалаг, бодлоготой байр суурь онцгой үүрэг гүйцэтгэснийг хэн ч үгүйсгэдэггүй.

Тун удалгүй Монголын Ардчилсан Нам байгуулагдаж анхны даргаар нь Э.Бат-үүлийг сонгосноо албан ёсоор зарлав. 1990.04.07-ны өдөр Улсын дээд Шүүхэд бүртгүүлж гэрчилгээ авсан энэ өдрийг өдгөө Ардчилсан Намын төрсөн өдөр буюу Ардчиллын өдөр болгон орон даяар тэмдэглэх ажлыг 2007 оны дөрөвдүгээр сарын долоонд эхлүүлсэн байна.

1990.03.04-ний том цуглаан, 1990.03.07-нд Монголын түүхэнд анхны өлсгөлөн, 1990.03.29-нд МАХН-ын ТХ-ны УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, зорилгоо биелүүлсэн өлсгөлөн зогссон, улмаар 1960 онд баталсан Үндсэн Хуулийн оршил хэсгээс “ БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-лененист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн” гэсэн заалтыг хасч олон намын тогтолцоог хуульчилсан том ялалт гээд үйл явдал улам өрнөсөн түүхтэй. Жагсаал цуглаан бараг өдөр алгасалгүй болж, олон нам тэгш эрхтэй оролцсон ардчилсан сонгууль явуулах, Улсын Бага Хурал байгуулах шаардлага тавьсан нь биелэлээ олж 1990 оны зургаадугаар сард олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль болов. Энэ бүх үйл явдал, ардчиллын ялалтыг зохион байгуулагчид нь эдүүгээ Ардчилсан Нам нэрийн дор нэгдсэн МҮАН, МСДН, МҮДН, МоАН, МСМН, МШАН, МУНН-ууд, эдгээр намын мянга мянган гишүүд дэмжигчид байв.

No comments:

Post a Comment