Friday, February 19, 2010

Ардчилсан хувьсгал 1992-1996 он

Анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан АИХ хуралдаж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонголоо. Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөгчид дотор өдгөө Ардчилсан Намын гишүүн генерал Пүрэвдорж, Дундговь аймгийн адуучин Дашдооров нар орж байлаа. Мөн анхны ардчилсан Засгийн Газрыг эмхлэн байгуулж Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэн, шадар сайдаар Д.Дорлигжав, Да.Ганболд нарыг томиллоо. Тэд өдгөө бүгд Ардчилсан Намын гишүүд юм.


1992 оны нэгдүгээр сарын 13
Монгол Улсад анхны ардчилсан Үндсэн Хууль батлагдлаа. Гурван сар шахам үргэлжлүүлэн хуралдан байж Үндсэн Хууль баталсан депутатуудыг намаар нь жагсаавал МАХН-аас 357, МоАН-аас 16, МҮДН-аас 6, МСДН-аас 4, нам бус 48 төлөөлөгч байжээ.Түүхэнд шинэ хуудас нээсэн тэр депутатуудаас өдгөө Ардчилсан Намын гишүүнчлэлтэй 100 гаран төлөөлөгч байдаг. 1990 онд АИХ- д депутат сонгогдсон тоонд нь харьцуулан суудал оноож бүрдүүлсэн Улсын Бага Хурал байгуулж дарга бөгөөд Монгол Улсын анхны дэд Ерөнхийлөгчөөр С.Зориг Р.Гончигдорж нар нэр дэвшин өрсөлдөж, депутатуудын олонхийн саналаар Р.Гончигдоржийг сонгов. Бага хурлын 51 гишүүдээс 23 нь ардчилсан хүчнийхэн байжээ.

1992 он. Анхны ардчилсан сонгууль.
1992 оны зун мөн л анхны ардчилсан сонгууль явагдав. Шинэ намууд туршлага дутсан, боловсон хүчний нөөц бэлтгэгдэж амжаагүй, олны танил улс төрч, нийгмийн зүтгэлтэн хараахан төрж амжаагүй байсан, сонгуулийн сурталчилгаа нэгдсэн бодлого чиглэлгүй, зохион байгуулалт сул байсан, эдийн засгийн чадавхи дорой зэрэг олон шалтгаан, хүчин зүйл нөлөөлсөн учир цоо шинээр байгуулагдсан анхны УИХ-д зургаан суудал авсан юм. Хэдийгээр суудлын тоо цөөн ч гэлээ анх удаа сонгуульд оролцож буй залуу намуудын хувьд чамлахаар үр дүн биш гэж үздэг.
УБХ үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд УИХ-д бүрэн эрхээ шилжүүлэн өгснөөр Монгол Улс парламентийн засаглалтай улс болов. Анхны УИХ-ын гишүүд: Р.Гончигдорж, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, А.Ганбаатар, Э.Бат-үүл, Т.Эрдэнэбилэг нар байв. А.Ганбаатар, Т.Эрдэнэбилэг нар нөхөн сонгогдсон.

1993 он. Ерөнхийлөгчийн сонгууль
1993 оны зун Ерөнхийлөгчийн сонгууль Шинэ Үндсэн Хуулийн дагуу явагдав. Ардчилсан хүчний зүгээс Ерөнхийлөгч П.Очирбатын нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлж ялалт байгуулснаар бүх ард түмнээс сонгогдсон ,Монгол Улсын анхны Ерөнхийлөгч ардчилсан хүчнээс сонгогдсон юм. Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-ын гишүүн М.Энхсайхан УИХ-ийн гишүүнээс татгалзаж Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга боллоо. Тамгын Газрын ХМА-ны даргаа Ч.Чулуунбаатар ажиллаж байв.

1992.10.25 Ардчиллын төлөө намуудын нэгдсэн Их хурал хуралдаж улс төрийн 4 нам нэгдэн МҮАН-ыг байгуулав. Энэ нэгдэлд МоАН, МҮДН, МСМН, Нэгдсэн Намууд багтаж байлаа. Намын даргын сонгуульд Да. Ганболд, Ц.Элбэгдорж нар сунгаа явуулан өрсөлдөж Ц.Элбэгдорж олонхийн санал авч дарга болов. Намын даргад нэр дэвшигч мөрийн хөтөлбөр боловсруулан орон нутгийн намын байгууллага, гишүүдтэйгээ уулзан шалгаруулалтанд ордог анхны жишээ энэ болов. Энэ үед ардчиллын төлөө намууд нэгдэх ёстой гэсэн байр суурь баримталж байсан МСДН –ын УТЗ хуралдаж намын дарга Р.Гончигдоржийн оруулсан ардчиллын төлөө намууд нэгдэх саналыг зарчмын хувьд дэмжсэн боловч олонхийн саналаар 1996 оны сонгуульд эвсэл болж орох нь зүйтэй хэмээн тогтсон байна. Ийнхүү эвсэл байгуулах яриа , хэлэлцээрүүд хийгдэж эхэлжээ.

No comments:

Post a Comment