Thursday, February 18, 2010

Монголын анхны сөрөг улс төрийн нам тунхаглагдсан түүхэн өдөр

Өнөөдөр бол улс төрийн нэгэн томоохон хүчин болох Ардчилсан нам үүсэн байгуулагдаж, тунхаглагдсан түүхт өдөр. 20 жилийн тэртээ энэ өдөр МоАХ Анхдугаар их хурлаа МҮЭСТО-д зохион байгуулж, тус холбооны бүрэлдэхүүнээс Монголын Ардчилсан нам мэндэлсэн тухай албан ёсоор зарласан байна. Улс оронд олон нам зэрэгцэн оршдогийг ном хэвлэлээс мэдэх төдий болж байсан Монголчууд энэхүү үзэгдлийг янз бүрээр хүлээн авч байсан юм. Ямартай ч цаашид өөр өөрийн үзэл санаа, чиг хандлагатай олон нам төрөх эх үндсийг тавьсан нь түүх болон үлджээ.

Байгуулагдсанаасаа хойш 70 хоногийн нүүр үзсэн МоАХ Анхдугаар их хурлаа нэлээн сүр дуулиантайгаар эхлэн, тухайн үеийн нам, төрийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр орон даяар радиогоор шууд дамжуулж байлаа. Уг хурлаар шинэ намыг зарласнаас гадна улс төрийн байдал болон хуулийн шинэчлэл, сүсэг бишрэл, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 80 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлаар илтгэл тавин, хэлэлцсэн юм. Түүнчлэн Монголын ард түмэнд хандан уриалга, БНМАУ-ын АИХ болон МАХН-ын Төв хороонд хандан өргөх бичиг тус тус гаргасан байна. Уг өргөх бичигт:
  1. Эрх баригч намын Төв хорооноос шууд томилогдсон, ард түмний итгэл найдварыг биелүүлж чадахгүйгээ нэгэнт харуулсан Сайд нарын зөвлөлийг огцруулж, АИХ-ыг тараах.
  2. Засаг төрийн бүх эрхийг гартаа авч, ард түмний эрх ашигт харш бодлогоо муйхраар үргэлжлүүлэн, хувьсгалт өөрчлөлтийг хазаарлан барьж байгаа өнөөгийн намын Төв хороог огцруулж, хэмжээгүй эрх мэдлийг нь халах.
  3. Засгийн бүх эрхийг гартаа авч, нийгмийн өмчийг сүйтгэж, эдийн засгаа унаган доройтуулж, өөрсдийн эрх ямбаар ард олноо золиосолсон этгээдүүдийг нийт ард түмний зөвлөлөөр шалган шүүж, яллах.
  4. Ард түмнээсээ нууж, тэдний өмч болсон Монгол орны эд хөрөнгө, үнэт баялгуудыг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого, үйл ажиллагааг зогсоож, Мардайн ураны, Эрдэнэтийн зэсийн, Заамарын алтны, Асгатын мөнгөний уурхайнуудыг нэн даруй хааж, цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг бүрэн эрхт, цорын ганц эзэн болох нийт ард түмнээр хэлэлцүүлж шийддэг журам тогтоохыг шаардсан байна.

МоАХ-ны Анхдугаар их хурлаар тус холбооны Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг, Ерөнхий зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр С.Амарсанаа, Я.Батсүх, И.Жавхлант, С.Зориг, Д.Нинж, Д.Сосорбарам, Дарь.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, Ц.Энхтүвшин нарын 9 хүнийг тус тус сонгожээ. Зочид төлөөлөгчдийн анхаарлыг татсан бас нэгэн зүйл бол анхны чөлөөт хэвлэл болох “Шинэ толь” сонины анхны дугаар тэдний гар дээр очсон явдал байв. Нийт 611 төлөөлөгч, 200 гаруй зочноос гадна гадаадын 30 орчим сурвалжлагч жуулчны дүрээр ирж оролцсон энэхүү хурал нь монголын улс төр, эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт авчирсан чухал үйл явдал байсан юм.

Ардчилсан намын хэвлэлийн албанаас мэдээлэв.

No comments:

Post a Comment