Wednesday, December 10, 2008

Монгол улсад Ардчилсан хувьсгал эхэлж МоАХ байгуулагдсаны 19 жилийн ойд

1989 оны гу­равдугаар са­рын 10-нд Улаан­баатар хо­тын Залуу­чуудын соёлын төвийн үүдэнд нэгэн даруу­хан цуг­лаан болов. Тус цуг­лаанд 300 орчим хүн оролцож АИХ, МАХН-ын Улс төрийн товчоонд олон намын систем тогтоох, байнгын ажил­ла­гаа­тай парла­менттай болох, хоёр шатлалт банкны тогтол­цоонд шилжих, со­циалист зах зээлийг хөг­жүү­лэх зэрэг ар­ваад шаард­лага тавьжээ. Дэлхийн томоо­хон гүр­нүү­дийн тагнуулын албад ганцхан цагийн дараа мэдсэн энэ цуглааны тухай нийс­лэ­лийн­хэн гурав хоно­гийн дараа, монголчууд ар­ваад хоногийн дараа мэдсэн гэдэг. Эргэлз­сэн, болгоом­жилсон иргэний анхны сайн дурын цуглаан Монголыг нойр­ноос сэрээж, дэлхийд Монголыг таниулсан Азийн ардчиллын бамбар болно гэж хэн ч таасангүй. Цуглаанаас гуравхан сарын дараа далаад жил засгийн эрхийг барьсан дэлхийн хоёр дахь коммунист намын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэ­хүү­­нээрээ огц­ров.

Зургаан сарын дараа "Талын малчид ард­чиллыг сонголоо" хэмээн дэлхий Монголын ардчиллыг хүлээн зөвшөөрчээ. Монго­лын ард­чиллын хувь заяа хутганы ирэн дээр байсан энэ саруу­дыг МоАХ нуруун дээ­рээ үүрсэн байдаг. МоАХ орших, эс орших дээрээ тулсан олон аюулт мөчийг иргэний зориг, амь амьдралаа барьцаалан даван туулсныг хойч үе маань мартах учир­гүй. Анхны үүсгэн бай­гуу­лаг­чид тагнуул, цагдаагаар шалгагдаж, хэдэн сарын турш баривчлагдах тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх өөрийн хэдэн арван орлогчийг томилж бай­жээ. 1990 оны гуравдугаар сарын 4-ний цуглаан, 1990 оны гурав­дугаар сарын 7-9-ний улс төрийн өлсгөлөн, 1990 оны дөрөвдүгээр сарын 27-ны Засгийн газрын ордны бүс­лэлт зэрэг нь МоАХ-ны амь, амьдрал, гэр бүлээ золиосол­сон эр зори­гийн шалгуур байсан. Энэ бүх тэмцлийг зохион байгуулсан, биечлэн оролцсон, туслан дэмжсэн иргэдийг партиза­нууд гэдэг. МоАХ олон арван партизаны­хаа амь нас, амьд­рал, гэр бүл, залуу нас, хүсэл эрмэлз­лэлийг золиослон Мон­голын хойч үед ардчиллыг авчирчээ. С.Зориг, Ц.Элбэг­дорж, Э.Бат-Үүл, Б.Энх­түв­шин, Б.Нинж, Ц.Энхтүвшин, Б.Билигт, С.Амар­санаа, С.Эр­дэнэ, Дарь.Сүхбаатар, Д.Дор­лиг­жав, Б.Галсандорж, Б.Жар­галсайхан... нар Монголын ардчил­лын төлөө тэмцэгч хэдэн зуун мянган иргэдийг нэгэн тугийн дор жагсаав. Тэднээс дутахгүй Монголын эмэгтэй­чүүд ч ардчиллын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн. Улаанбаатар хотод МоАХ-ын анхны даргын тус­лах Т.Оюун­чимэг, С.Зо­ри­гийн нэрэмжит "САНКО" дээд сургуулийн захирал А.Оюун, С.Зоригийн туслах Ц.Оюун­цэцэг, Иргэ­дийн Альянс ТББ-ын тэргүүн Ж.Занаа, Ц.Баярмаа, Г.Цог­золмаа, Р.Гаваа, Р.Саран, О.Цагцал, Ц.Оюун, н.Ган­чимэг, н.Хаш­хүү нар тэмц­лийн тэргүүн эгнээнд жагсч байсан бол тэдний ар талд Э.Бат-Үүл, "ХОНХ"-ны И.Энхбаяр, С.Цогт­­сайхан нарын гэр бүл Дэлгэртуяа, Чимгээ Наташа, нар найдвартай тү­шиг болж байсан. Мөн Хөвс­гөлд Ц.Оюун­­гэрэл, Хэнтийд Г.Баа­сан, Сэлэнгэд н.Тун­га­лаг, Төв аймагт А.Энхтуяа ... нарын бүсгүйчүүд ардчиллын анхны шанг таталцжээ. МоАХ-ны нүсэр гэр бүлд өнөөдөр сая­тан, сайд, коммунист, капи­талист, доктор, ажилгүйчүүд ч бий. Тэдний амьдралын 18 жилээ зориулсан зах зээлийн эдийн засаг, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө зориулан тэмцсэн үр шимийг хүр­тэгсэд тэднээс хэд дахин олон.
Хэдхэн сарын өмнө хам­тарсан Засгийн газар бай­гуулах шийдвэр гаргах АН-ын ҮЗХ-ны хурал болсон. Энэ хуралдаанд партизанууд үгээ хэлэхийг хүсэв. Парти­за­нуудыг "Тэнгэр" хочит Цол­мон толгойлжээ. Тэднийг сэт­гүүлчидтэй хамт хөөгдөж гарахын өмнө "Тэнгэр" Цол­мон индэр дээр гарч ҮЗХ-ны хорооны гишүүдэд ардчиллыг сайдын суудлаар арилжихгүй байхыг уриалав. Харин намын дарга Н.Алтанхуяг түүний мөрөн дээр алгадан 1994 онд түүнтэй өлсгөлөн зарласнаа сануулж байлаа.
Түүнийг энэ хуралд оро­хын өмнө нэгэн эмэгтэй "Хам­­­тарсан Засгийн газрыг эсэргүүцээд та нар үр хүүх­дээ өөрсөд шигээ болгох гээ юу " хэмээн тавлаж байсан. АН-ын дарга Н.Алтанхуяг, партизан Цолмон нарын тэмц­­­лийн түүх газар тэнгэр шиг ялгаатай. 1990 онд Н.Алтан­хуяг хааяа нэг цуг­лаан жагсаалд харагддаг бай­сан бол "Тэнгэр" Цолмон, "Буян" Жагаа нар МоАХ-ны үйл ажиллагааг зохион бай­гуулж, санхүүжүүлэхэд гол үүрэгтэй оролцож байсан. Буян Жагаа МоАХ-ны нийтийг хамарсан үйл ажиллагаанд гар татдаггүй байсан бол "Тэнгэр" Цолмон МоАХ-ны партизан нэртэй бол юуг ч санхүүжүүлэхээс буцдаггүй байж. Тэр "Тэнгэр" хэмээх ундаа үйлдвэрлэж барууны анхны зочдыг гайхшруулж байсан үе бий. Их тэнгэрийн хүлээн авалт "Тэнгэр" ун­даагаар нүүрээ тахалдаг болж партизануудын баяр, гуниг бүхэн Цолмонгийн ун­даагаар бялхаж байдагсан. Харин өнөөдөр "Буян" үйлд­вэр нийгэмчлэгдэж, "Тэнгэр" Цол­мон нийтийн байр хөлс­лөн үр, ачтайгаа нэг өрөөнд энд тэнд­гүй зулан өдөр хоног өнгө­рөөнө. Гэвч тэрээр МоАХ-гоо эргэсээр, ардчиллаа ярьсаар. Тэр төр засгаас юу ч нэхээгүй. Түүнд шар тэмдэг, Эрх чөлөөний одон, партизан нэр нь хан­галттай шагнал гэнэ. Мэдээж тэр пролетари биш. Мөнгө түүнд илүүдэхгүй. Гэхдээ тэр дээдэст зусардаж доодсыг луйвардаж мөнгө олохыг хү­сэхгүй. "Надад ганцаараа баяжих боломж байсан. Тү­мэн олныг дээрэм­дэж ядуу­руу­лаад байхыг ха­раад сууж тэсээгүй" гэж Цол­мон ярьж байна. Түүний ганц үзэж чаддаггүй чанар дээдэст зусардаж доодост дээрэлхэх. 1997 оны Ерөн­хийлөгчийн сонгуульд МАХН ялж намын байраар нэг зу­сард­сан, бө­хөлзсөн амьтдаар дүүрч. Түүгээр ч зогсохгүй муусайн МоАХ-ныхон хэмээн нэг нь зүхэж. Энэ түүний тэсвэрийг барж, МАХН-ын төв байрны шилэн хаалгыг үйрүүлэхэд хүргэсэн гэдэг. Тухайн үедээ МАХН-ын байр­наас гарч яв­сан М.Зэ­нээ, Д.Дэмбэрэл нарыг оноо­гүй­дээ баярласан гэдэг. МоАХ, Элбэг, Үүл гур­выг түүний хажууд муулах нь осолтой гэдэг. Тэрбээр жилд ганц удаа баяр тэмдэглэдэг. Тэр нь МоАХ-ны төрсөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10.

No comments:

Post a Comment