Friday, September 12, 2008

Н.Алтанхуяг: Хоншоортой байя

Илэн далангүй, тал засаагүй ярилцлагын булангийн эхний зочин нь АН-ын дарга Н.Алтанхуяг.
-Олон нийтийн анхаарлын төвд, улс төрийн шийдлийн гол цөмд байгаа тантай ярилцлага хийгээч ээ гэж манай уншигчид хүссэн юм. Та одоо тавин настай, энэ үеийн голлох улстөрчдийн насны бүлэгт хамаарах хүн. Алтантуяа гэдэг нэртэй байсан гэж мэдэх юм байна. Монголд Алтантуяа нэртэй 40-өөд мянган эмэгтэй, нэг хоёрхон эрэгтэй байдаг юм гэсэн. Ер нь ямар хүүхэд байв. Хүн болж төлөвшихөд тань хэн, яаж нөлөөлсөн бэ?
-Увсын Улаангом хотод төрсөн. Норовынх гэдэг айлын найман хүүхдийн тав дахь нь. Би ээжийнхээ энгэрт “Алдарт эх”-ийн одон авчирсан. Ээж намайг эмнэлэгт биш, гэртээ төрүүлж л дээ. Эх барьж авсан хажуу айлын эмээ надад Алтантуяа гэдэг нэр өгсөн хэрэг.

Э.Бат-Yүл их олон юм ярина аа. Тэр бусдаас өөр оюутан байсан. Коммунизмаа л ярина шүү дээ. Хот, хөдөөгийн ялгааг яаж ойртуулах вэ, оюуны болон биеийн хөдөлмөрийн ялгаа арилах юм уу гээд л. Шинжлэх ухаан, коммунизмын онолын хичээл ярилцлага, хэлэлцүүлэг болж өнгөрдөг байсанд Б.Энхмандах, Э.Бат-Yүл хоёрт баярладаг юм.
-Та МУИС-д багшаар үлдэж, оюутан бүсгүйтэй гэрлээд дотуур байранд гал голомтоо бадраасан гэдэг. Танайх хэдэн хүүхэдтэй билээ?
-Би нэлээд оройтож 27-тойдоо гэрлэсэн хүн шүү дээ. Би багш, эхнэр маань оюутан байхад эхний хүүхэд минь төрсөн. Хичээлийн завсраар даавууг нь базах гээд гүйчихнэ дээ. Би чинь дунд сургуульд байхдаа гүйлтээр хичээллэдэг, бүр Увсаас шалгарч улсад үздэг тамирчин байлаа. Сургууль, байр хоёрын хооронд мөн ч их гүйсэн дээ. Бид оюутны байрны умгар өрөөнд 10 гаруй жил амьдарсан. Миний амьдралын их сайхан он жилүүд тэнд өнгөрсөн.
-Хувийн амьдралд тань өөрчлөлт орсон, өөрөөр хэлбэл шинэ амьдрал зохиосон гэж сонссон юм байна?
-Би зургаан хүүхэдтэй. Эхний гэр бүлдээ гурван хүүхдийн аав болсон. Шинэ амьдрал зохиосон, юуг нь нуух вэ. Дахиад гурван хүүхэдтэй боллоо. Бага маань ой гаруйтай жаахан амьтан бий. Том хүүхдүүдтэйгээ, ээжтэй нь халуун дотно харилцаатай.
-Ингэхэд Та яагаад анх социал демократ үзэл баримтлалыг сонгож байсан юм бэ. Р.Гончигдорж С.Мэндсайхан гээд МУИС-ийн физик, математикий тэнхимийнхэн МСДН-ын удирдлагыг бүрдүүлж байлаа шүү дээ?
-МУИС-ийн багш нар өргөн сэдвээр “пан гөрдөг” хоёр үйл явдал болдог байлаа. Тэр үед Октябрийн баяр, майн баяраар жагсана шүү дээ. Жагсаалын үеэр багш нар их сургуулийнхаа гадаа цуглаж 3-4 цаг зогсдог байв. Ялангуяа залуу багш нар дунд өргөн хэлэлцүүлэг өрнөнө. Нам засаг, төр улс ярихгүй л дээ. Гол нь МУИС-ийн ажил явахгүй байгааг, үүнд ректор буруутайг хэлэлцэнэ. Амаараа бол ректороо мөн ч олон удаа огцруулсан даа. Жагсаал дуусахад ректороо халж аваад бөөн баяр харьцгаана. Нэг л хүнийг өөрчилбөл ажил хэрэг сайжрах юм шиг гэнэ материалист үзэлтэй байж. Ардчилсан холбооны анхны цуглаан болсон нь бидний оюун санаанд түлхэц өгсөн. Манай багш нар цуглаж нийгмийг үндсээр нь өөрчлөх талаар санал бодлоо солилцож, найман зүйлт сонордуулга үйлдэж байв. Yүнд хамгийн их зүтгэсэн хүн нь П.Улаанхүү байгаа юм.
Түүх яривал 1989 оны арванхоёрдугаар сарын 29-нд Ардчилсан социалист хөдөлгөөн МУИС-ийн хичээлийн III байранд байгуулагдсан. МУИС дээр байгуулагдсан учраас багш нар хүндийн төв болж, дээр нь Баабар нэмэгдсэн.
-Ардчилсан либералиуд шинэ тутам байсаар байтал яагаад заавал ардчилсан социалист үзлийг сонгосон юм бол?
-Бид нийгмийг үндсээр нь өөрчлөх тухай ярихдаа тэднээс арай өөр зүйл боддог байсан. Социал демократ гэдгийг орчин үеийн чиг хандлага хэмээн Баабар санал болгосон юм. Ардчилсан социализмыг соцдекүүд мөрддөг юм байна гэж бид ярилцаад 1990 оны гуравдугаар сарын 2-нд МСДН-ыг байгуулж байлаа. МСДН анхдугаар их хурлаа хийхдээ Баабарыг даргаар, С.Мэндсайхан бид хоёрыг нарийн бичгийн даргаар тавьсан.
-Та бол капитализмыг алгасч харайгаад коммунизмд жаргахыг эрмэлздэг цаг үед өсч өндийcөн хүн. Эцэг, эх тань МАХН-ыг сонгож заншсан гэр бүлээс гаралтай хүний хувьд нийгмийн байгууллыг өөрчлөхөөр шийдэхэд хялбар байгаагүй болов уу?
-Тэр үед аав маань талийгаач болсон байлаа. Ээж бол хүү нь зөв зүйл хийж байгаа гэдэгт эргэлздэггүй байсан. “Социал демократ” гэж хэлж чаддаггүй мөртлөө “Миний көвүүний нам аль нь вэ” гэж заалгаад л дугуйлдаг байсан.
-МСДН-ынхны хамгийн идэвхтэй оролцсон улс төрийн үйл явдал 1994 оны өлсгөлөн. Та ч оролцсон. Хүмүүс тэр явдлыг мартсан байх. Тэгээд чухам ямар шаардлага тавьж өлссөн юм бэ?
-Өвгөн партизаны яриа гэдэг шиг л санагдаж байх чинь (инээв). Манай соцдекүүд 90 оны өлсгөлөнд суугаагүй юм шүү дээ. П.Жасрай гуайн Засгийн газрын байгуулсан Айбекс Моламын гэрээг эсэргүүцэж 1994 онд өлсгөлөн зарласан юм. Монголын тэнгэрийг гадаадынханд худалдлаа гээд л бөөн асуудал дэгдээв дээ. МоАХ, МСДН, МYДН нийлж өлсгөлөн зарлалаа. Бидний хэдэн нөхөр 12 хоног ходоодоо сойсон доо. Yр дүнд нь тэр гэрээг хүчингүй болгосон. Жагсаал цуглааныг олон ч жил зохион байгуулсан этгээд бол Алтанхуяг. Тэр үед өлсгөнгөөс илүү тэмцлийн хэлбэр олоо.
-Та хэдийн дэлгэрүүлсэн моод одоо ч үргэлжилж байна. Сүүлдээ төрийн цагдаа хүртэл өлсдөг боллоо. Тэмцлийн энэ хэлбэр үр дүнд хүрэхээ больж байх шиг?
-Хүнд хамгийн их хүрсэн өлсгөлөн бол 90 оных л байлаа. 94 онд 12 хоног өлссөн ч тэгтлээ сүр дуулиан болоогүй. Хугацаа нь уртсах тусам олон нийт цочирдох нь бага байдаг бололтой. Эрх зүйт төр гэж байгаа л юм бол иргэдээ даргалдаг биш, тэдэнд үйлчилдэг болмоор юм. Төр арга барилаа өөрчлөх хэрэгтэй.
-1996 оны сонгуульд МYАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгуулсан. Засгийн эрхийг авчихаад мөн ч их гэнэдэж, үүлэн дээгүүр хөвцгөөсний гол сургамж юу байв. Ардчилсан хүчнийхний хувьд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах бодит шаардлага байсан юм уу?
-М.Энхсайхан нийгэмд шинэ зүйл хийсэн юм шүү. Yнэ чөлөөлөх, орон сууц хувьчлах, татвар тэглэх гээд санаачилсан нь олон. Хоёр жил хэртэй ажиллаад М.Энхсайхан олонхийн бүлэгтэй зөрчилдөх болсон. Эгийн голын усан цахилгаан станцаас эхлээд зөрчил даамжирч, олонхийн бүлэг Ерөнхий сайдад итгэл алдарч М.Энхсайханыг огцруулсан.
-Та Ц.Элбэгдоржийн анх тэргүүлсэн Засгийн газарт Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар ажиллсан байх аа?
-Тэр үед манай яам хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, геологи, уул уурхайн салбарыг хамтад нь хариуцаж байлаа. Ц.Элбэгдоржийн Засгийн газар гурван сар ажиллаад л унасан. Тэгээд долдугаар сараас эхлээд шинэ он гартал үүрэг гүйцэтгэгч Засгийн газар ажилласан.
-Тухайн үед ардчилсан хүчин засгийн эрхэнд байхдаа яма алдаа гаргасан гэж үздэг вэ?
-Бид 1996 онд ялчихаад өрсдөө ч огт сонсоогүй, мэддэггүй хүмүүсээр сайд болгосон. Салбар мэддэг мэргэжилтнээр сайд тавьчихвал “лаг” ажиллана гэж ойлгодог байж. Ерөнхий сайдаар М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал солигдоход дандаа ийм алдаа гаргасан байгаа юм. Улс төрийн бодлого гэдэг бол хаа хамаагүй мундаг мэргэжилтнээр алба хашуулдаг ажил биш юм билээ. Зөвхөн салбараа мэддэг биш, өргөн хүрээнд боддог байж улс орны хөгжлийн бодлогыг хийдгийг ойлгосон.
-Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг, дурсахаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг босоод ирдэг. Хэрэг илрээгүй 10 жил болж байгаа ч мартаж боломгүй. Та хамтран тэмцэгчийн хувьд юу гэж боддог вэ?
-Бид тэр үед засаг барьж байхдаа нялх байж дээ. Цагдаагийн даргаар бид Д.Мөрөнг тавьж байгаа юм. Гэтэл тэр нөхөр МАХН аас нэр дэвшээд УИХ-гишүүн болоо биз дээ. Тэр үед цагдаагийн дарга сайн ажилласан бол хэргийн ул мөр ингэтлээ арилахгүй байсан. Боловсон хүчний бодлого гэж юм бидэнд байгаагүй нь үнэхээр том алдаа. Ардчилсан нам 2004 онд засаг авахдаа энэ хэргийг урагшлуулах талаар олигтой юм хийж чадаагүй. Одоо ч эргэлзээтэй байна. Гэхдээ хаяж болохгүй.
-Социнтернийн гишүүн МСДН 2000 онд либераль-консерватив МYАН, бусад намтай нэгдсэнийг улс төрийн намууд эш онол, үзэл санааны хувьд төлөвшөөгүйг харуулсан нэгдэл гэж дүгнэдэг. Одоо МАХН Социнтернийн жинхэнэ гишүүн. Экс соцдек та АН-ын дарга болмогцоо МАХН-тай хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргуулсан нь зүүний үзэл баримтлалтай чинь холбоотой юу?
-Амьдрал дээр зүүн, барууны үзэл баримтлал гэж байхгүй юм билээ, Монголд. Сонгодог онол бол олон намын системээр олон жил замнасан улс төрд л байдаг зүйл.Бид анх 1990 онд танайх, манайх гэх олон намтай болоод тэр онолыг чинь хуулбарлахаас өөр яах юм бэ. Өмнө нь МАХН-аас өөр нам байсан биш. Барууны чиглэлийн улс төрийн нам гэдэг чинь чинээлэг давхарга бүхий улс оронд соёолно уу гэхээс Монгол шиг ядуу газар байхгүй ээ. Баруун, зүүн намуудыг нийлэх гэлээ гэсэн шүүмжлэл 2000 онд хүчтэй өрнөсөн. Онолгүй нөхөр гэж намайг загнасан. Тэгэхэд нь “Би амьдрал мэдэж байна. Чи бидэн хоёрын баруун, зүүний ялгаа нь юусан билээ, хүүхээ” л гэсэн. АН, СДН хоёрын дунд нэг нийтлэг зүйл байсан. Ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдгээрээ л нэгдсэн хэрэг. Одоо бол Монголд үзэл баримтлалын бус, гэр хороолол уу, хотын төв үү, хязгаар сум уу гэсэн ялгаа л байна.
-Прагматик улстөрчийн хэлдгийг л ярьж байх шиг. Харин Таны хариулт Монголын улс төрийн намууд төлөвших болоогүй тухай өгүүлж байна, тийм үү?
-Хөрс суурь нь бий болоогүй байна л даа. Улс төрийн намын төлөвшил нийгмийн нэг хэсэг дээр бий болдог. Дундаж, доод, дээд давхарга бий болж байж л төлөвших нь байна. Барууны үзэл санааг Монголд хуулах хол байна. Одоо хэдүүлээ хөрсөн дээрээ амьдаръя. Дэлхий даяаршиж байна л гэнэ, бидний хувьд ядуурлаа бууруулах, ахуй амьдралаа өөд татах асуудал тулгамдаж байна шүү дээ. Юун баруун, зүүний үзэл суртал вэ,талх…
-Тэгээд яах гэж. Бүгд адилхан бодож сэтгэх гэж үү. Нэг сонин унш, ганцхан телевиз үз гэхгүй биз дээ?
-Yгүй дээ, би анхнаасаа наадахын чинь эсрэг гарч ирсэн хүн. Ил тод, олон ургальч үзэл алга болчихсоны эсрэг одоо ч би ажиллана. Төр засаг нь хүртэл нууц болчихсон. Яахлаараа Сангийн сайдын албан тушаал нууц байдаг юм. Засаг өөрөө ил тод, ойлгомжтой байхаас ажлаа эхлэх ёстой. Парламент олон ургальч үзлийн талбар. Гүйцэтгэх засаглал олон ургальч үзлээр ажилладаггүй юм билээ. Хоёр өөр юм шүү дээ. Би барууны үзэлтэй сайд, ингэж ажиллахгүй гээд хөшчих юм бол ажил явахгүй ээ.
-Та АН-ын дарга. Ерөнхий сайд бол МАХН-ын дарга. Хамтарсан Засгийн газар нэрийн дор нэг нам нөгөөгийнхөө заавраар хөдлөх мэт санагдаад байгаа юм даа?
-Өнгөц харвал тийм. Нэг намын алхаар бүхнийг шийдэхгүйн тулд хийх ажлаа ард түмний өмнө ярья л даа. Хийхээр тохирсноо л хийж байвал хэн алх цохих бол чухал биш гэж би үздэг. 2004 оны эвслийн Засгийн газрын сургамжаар бол чи тэр яам, би энэ яам гэсэн битүү хатуу яриагаар Засагт нэгдчихээр хэрэлддэг. Харин энэ удаа ард түмний өмнө шийдэх асуудлаа нээлттэй тохирчих хэрэгтэй. Хамтарсан Засгийн газарт орно гэснээрээ Алтанхуяаг гэдэг хүн маш том эрсдэлийг өөртөө хүлээж байгаа юм. Уг нь дурлахаар эд биш л дээ. Хамтарсан Засгийн газар байгуулахаар л өргөс авсан юм шиг болчихгүй. Монголчуудын дийлэнхийн амьдрал ядуу байна. Миний чин хүсэл бол дундаж амьдралтай монголчуудыг хармаар байна. Yүний тулд л сонгогдсон. Хоншоортой байя л даа.
-Ц.Элбэгдорж таныг харахаас дур нь гутаж байгаагаа илэрхийлсэн. Өөрөө Засгийн газрын тэргүүн байхдаа зөвшилцлийн тухай сайхан үгийг олонтаа хэлж ухуулж байлаа. Та тэр танхимд Сангийн сайд байсан. МАХН, АН хамтарч ажиллахдаа үр дүнд хүрсэн үү, эсвэл АН цөөнх байхдаа илүү олон ажил хэргийг шийдүүлсэн үү?
-Бид хамтарч Засгийн газар байгуулахдаа хүүхдийн мөнгө, татварын хөнгөлөлт гээд олон ажлыг хийсэн. Бас хийгээгүй орхисон нь ч бий. Авлигатай тэмцэх, засаг захиргааны шинэчлэл гээд өчнөөн ажлыг хаясан. Миний амьдралын туршлага намайг туйлшралаас зайлсхийгч болгосон. Засгийн газар амжаагүйгээ хийгээд л явах ёстой. АН, МАХН хоёр хамтарсан Засгийн газар байгуулахдаа бүтээмжтэй, санаачлагатай ажилласан байдаг юм.
-Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн Засгийн газар хувийн тоглолтоос нь болж огцорсон уу, эсвэл ажил нь явахаа больчихсон байв уу?
-Шинэ Засгийн газрын хамтарч ажиллах зарчимд аль нэг намын даргын дургүй нь хүрэхээр засаг огцордгийг больё гэж тусгах саналтай байна. Одоо тэр өнгөрсөн Засгийн алдааг яриад яахав. МАХН, эсвэл АН дангаараа ашигт малтмалын салбараас иргэдэд хувь хүртээж чадахгүй. Тийм боломж байхгүй нөхцөл бий болчихоод байна. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ өсч байхад бид дөрвөн жилийг харамсалтайгаар алдлаа. Тавантолгой, Оюутолгойн аль нь ч ашиглалтад орсонгүй. Хэн, хаанаас, ямар мөнгө идэх нь вэ гэж хэрэлдсээр байгаад зургаан жилийг алдсан. Хүмүүс тараах хувиас хүртэх сэтгэлгээнээс салах цаг ирснийг бас сануулъя. Гар, хөлөө хөдөлгөе. АН-ын үйлдвэржилтийн бодлого бол өөрсдөө бүтээж амьдрах хөтөлбөр юм.
-Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулах АН-ын шийдвэр намын дүрмийг зөрчлөө гэж С.Эрдэнэ нар үзэж байгаа. Тэдний нэхэмжлэлийг АН-ын дүрмийн хороо хангачихвал хамтарсан Засгийн газар байгуулах үйл явц тэг рүү буцаж болох юм?
-Тийм юм болохгүй. YЗХ-ны 200 гаруй гишүүнээс 180-ад нь цуглаад, 132 нь санал хураалтад оролцоод 111 хүн Хамтарсан Засгийн газрыг дэмжсэн. Дүрмийн хороонд маргаан үүслээ гэхэд 132 хүн ирээд л шийдвэрээ баталчихна шүү дээ.
-Та Ц.Элбэгдоржийг харахаар яах юм. Лав Таныг харахаар Элбэгдоржийн ой гутаад байгаа гэсэн?
-Хэн нэгнийг хараад миний сэтгэл хөдлөөд байгаа юм алга.
-С.Баяр танд хамтрах санал тавьсан талаар тодорхой ярихгүй юу? Сонирхолтой түүх болж үлдэх нь гарцаагүй.
-АН-ын Гүйцэтгэх зөвлөл УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч хуралдсан нэгэн хуралдаан дээр (пүрэв гариг) Ц.Элбэгдорж намын даргын албаа өгөхөө мэдэгдсэн. Бямбад YЗХ хуралдаж З.Энхболд бид хоёр намын даргад нэрээ дэвшүүлсэн. Бид хоёрын мөрийн хөтөлбөрт нэг ижил зүйл байсан нь АН засгийг хуваалцана гэсэн байлаа. Тэр хурал дээр би АН-ын дарга болж, маргааш нь С.Баяртай уулзсан. Хүмүүс Алтанхуяг бүр өмнө нь Баяртай тохирсон гэдэг. Гэтэл YЗХ-ны хурал болохоос ердөө хоёрхон хоногийн өмнө надад намын даргад нэрээ дэвшүүлэх боломж нээлттэй болсон байгаа биз.
-АН-ын нөхөдтэй зөвшилцлөө гэж СЕХ-ны дарга мэдэгдсэн шүү дээ. Намын даргын хийх ёстой мэдэгдлийг СЕХ-ны дарга хийчихсэн?
-Хольж хутгаад байгаа явдал байна. Бас нэг зүйлийг хэлэхэд тойргийн хороо хуралдахгүй байхад л асуудал урагшлахгүй байгаа. Тэгэхээр тойргийн хорооны гишүүдтэйгээ харилцах хүртэл намын даргын оролцоо байж болноо доо. Ядаж хуралдаа орж суу гэж хэлж болно шүү дээ.
-Ерөнхий сайд та хоёрын сүүлийн ганцаарчилсан уулзалт гээд хэвлэлүүд бичээд байна. Тэр уулзалтын гол сэдэв бол таныг Засгийн газарт оруулах. АН-ын дарга орсноороо хамтарсан Засгийн газарт баталгаа бий болгоно гэж үзсэн. Энэ үүднээс Тэргүүн шадар сайд гэдэг харьцангуй шинэ албан тушаалд таныг томилуулах халаасны яриа байсан уу?
-Тийм сэдвээр ярилцаагүй. Бид өчигдөр уулзаж ярилцсан. Тэгэхдээ сайдын тухай яриагүй. Би бас нэг зарчим яриад байгаа шүү дээ. Манайхан чинь бүх асуудлыг сайдын асуудал болгон хувиргадаг болохоор их төвөгтэй. Би тодорхой асуудал ярьсан. Одоо сонгуулийн хоёр тойргийн дүн саатаад байна. Yүнийг хурдхан шиг оруулаад 76 гишүүнээ бүрдүүлээд явбал яасан юм бэ. Одоо та өөрөө Ерөнхий сайд болох нь. Ерөнхий сайд болоход тань УИХ бүрэлдчихсэн байвал зүгээр юм биш үү. Танайхаас болон манайхаас хамааран саатаж байгаа асуудал юу байна. Хурдлуулах арга юу байна гэдэг талаар санал солилцсон. Энэ чинь бас нэг л нийтлэг эрх ашиг мөн биз дээ. УИХ-ын сонгууль явагдсанаас хойш хоёр сар боллоо. Хоёр тойргийн асуудал шийдэгддэггүй хэвтээд байдаг. Ийм хариуцлагагүй юм гэж хаа байна. Энэ чинь чухал асуудал шүү дээ. Yүнийг л би хөндсөн.
-Гэхдээ АН-ын даргыг хамтарсан Засгийн газарт биечлэн оролцуулах тухай яриа бол байгаа шүү дээ. Та орох уу?
-МАХН Бага хурлаа хийгээд манай намаас гурав, тэдний намаас гурван хүн уулзсан. Тэгээд албан ёсны шийдвэрээ өгсөн юм. Өгөхдөө юу гэж хэлсэн гэхээр “Бид бол АН-ын дарга энэ Засгийн газарт заавал орох ёстой гэж үзэж байгаа” гэсэн. Ингэхгүй бол та бүхэн өөрсдөө хамтарсан засаг байгуулъя, засаг хуваалцъя гэж ярьчихаад өөрсдөө энэ засгийнхаа гадна талд суугаад шүүмжлэгчийн байр суурин дээр очиж болохгүй. Yнэхээр эрсдэл хүлээж байвал харилцан үүрээд явъя. Албан тушаал биш эрсдлээ харилцан үүрч явья гэсэн санал гэж ойлгож байгаа.
-Сайдын сандал, суудал ярьсан ч яриагүй ч шийдэгдэх гэж байгаа гол асуудал шүү дээ. Сайдуудаа тодруулахад амаргүй л байгаа байх. Ерөнхий сайдын хэлснээр туршлага, чадвар, мэдлэгээр нь шалгаруулж хэр чадах бол?
-Энэ чинь харьцангуй ойлголт шүү дээ. Миний барьж байгаа бас нэг зарчим бол мэдлэг чадвартай, олон түмний итгэлийг даах, зохион байгуулагч, зүтгэлтэй хүнийг тавимаар юм шиг ээ. Зүтгэлтэй хүн гэдэг их чухал.
-Ерөнхий бөгөөд гоё тайлбар байна. Ирэх орон нутгийн сонгуульд АН тусгаар нам шиг оролцох баталгаа байна уу. 2004 онд хэрвээ нийслэлийн болон дүүргийн ИТХ-д АН-аа сонгочихвол хүүхдийн мөнгө улам баталгаатай болно гээд сурталчилгаагаа хийгээд явж байтал Засгийн газрын АН-ын сайдууд одоогоор бололцоо тун муу байгаа гэх маягийн бараг намынхаа бодлогын эсрэг сурталчилгаанууд хийгдэж байсан. Тэгэхээр дээгүүрээ хамтарсан үйл явц нь доод шатанд үргэлжлэх болов уу гэсэн хардлага байна. Намын гишүүдийн санаа бодол ямархуу байгаа бол?
-Хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг чинь нэг их дурлаад, зүтгээд байх асуудал биш. Гэхдээ цаана нь ард түмний эрх ашиг гэж үүнээс илүү давж гарах хүчин зүйл байгаагаас л хийхээр зүтгэж байна. Хүмүүсийн хэлээд байгаа шиг нэг их сайдын суудал мөрөөдөөд байгаа юм алга. Би хоёр удаа сайдаар ажиллаад үзчихсэн хүн. Сангийн сайдаар хүртэл ажиллаж байлаа. Тэгэхээр тэнд нэг сайдын албан тушаал хашиж үзэх тухай асуудал биш. Хамтарсан Засгийн газарт орох гэдэг бол бөөн хардлага, хараал, за нэг жаахан ерөөл. Гэхдээ би улс төрчдөд хэлээд байна шүү дээ. “Чи улс төрч болсон юм бол, чи намын дарга болсон юм бол хариуцлага хүлээ. Чадахгүй бол түүнийгээ хэл. Явья гэвэл явья” гэж. Би Засгийн газрыг хуваалцах ёстой гэж хэлсэн. Түүнийхээ л төлөө вяж байна. Намайг хараана л биз дээ. Эцсийн эцэст эндээс ард түмэнд тодорхой хэмжээний ашиг унавал боллоо.
-Улс төр үр дүнгээрээ тодорхойлогдоно гэсэн үг үү?
-Улс төрийн үр дүн тэр. Yр дүнгээр нь хэмжье. Түүнээс биш чи сайд болж уу, би болж уу эсвэл, тэд хоёр жил хэрэлдсэн гэдгээр нь биш. Ц.Нямдорж, Л.Гүндалай нар лав хоёр жил хэрэлдэнэ лээ. Сангийн сайд байсны хувьд хэлье, тэрнээс нэг төгрөг ургаагүй. Нэг төгрөг ард түмэнд очоогүй байхгүй юу. Сайхан хэрэлдэж болно л доо, парламент юм чинь. -Олон ургальч үзэл гэдэг үүднээс тэр биз. Сэтгүүлчид бол хамтарсан Засгийн газар буруу, зөв гэх аль нэг үзлийг давамгайлж илэрхийлдэггүй. Зөв гэж үзэж байгаа хүмүүсийнх нь үзэл бодлыг дамжуулж байгаа. Буруу гэж үзсэн хүмүүсийнх нь байр суурийг ч дамжуулж байна. Өнгөрсөн долоо хоногт манай сониныг нэлээд шүүмжилсэн. Хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэрт олон нийт эхлээд нэлээд цочирдсон. Өдөр хоногууд өнгөрөөд ирэхээр ямар прагматик чиг хандлага тогтов гэхээр Готов нь авна уу, Шадав нь авна уу. Дангаараа байгуулна уу, давхарлаж байгуулна уу хамаагүй ажил хийгээд өг. Имфляцийг бууруулж, үнийг тогтвортой болгоод өг гэсэн хүлээлт бий болжээ.
Энэ хүлээлт өдөр өдрөөр нэмэгдээд байх шиг байна?
-Мэдэхгүй, би тэрнийг сүүлийн үед нэмэгдэж байна гэж бодохгүй байгаа. Би хавар сонгуулийн кампанит ажилд явж байхдаа л харсан. Yнэхээр манай ард түмэн ямар гундуу байна даа. Сонгинохайрхан иргэд ямар хүнд нөхцөлд байна даа, чааваас. УИХ-ын гишүүн болдог юм бол жаахан зүтгэх юмсан гэж бодож явсан. Улстөрчид хүмүүсийн төлөө зүтгэхгүй юм бол болих хэрэгтэй шүү дээ. Компанийхаа ажлыг хийгээд явж бай л даа. Би ийм зарчмыг л мөрдлөг болгоод байгаа.
-Хамтарсан засгийн газрыг байгуулах талыг баримтлагчид нь ачаалалтай завгүй болохоор ч тэр юм уу, тайлбараа багадуулаад нөгөөдүүл нь завтай учраас их ончтой, уран яруу хэлээд байх шиг. Ц.Элбэгдорж даргын “Одод анивчина”, “Наран мишээнэ” гэдэг хийсвэр сэтгэлгээний улстөр сүүлийн хэд хоног хүчтэй явж байна. Тэгэхээр бид өөсрдийнхөө хувьд бас бяцхан нээлт хийж байгаа нь юу вэ гэхээр, нэг талаас хоёр бөх зэрэг түрүүлдэггүй. Нөгөө талаас энэ сонгууль олон сонголт буюу давхар сонголт шүү дээ. Сонгинохайрхан дүүргээс дэвшиж ялалт байгуулсан Н.Алтанхуяг гэдэг хүний саналыг 100 хувь гэж үзвэл түүний 20 хувь нь МАХН-ыг дэмжигчдийнх байгаа. Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан С.Баярын саналын 3/1 нь АН-ын дэмжигчдийн санал байгаа юм байна. Тиймээс МАХН, АН гэсэн давхар сонголт буюу ард түмний захиалга нь өөрөө хамтарсан Засгийн газар юм биш үү гэсэн үндэслэл байх шиг?
-Та нөхөд нарийн ухааны юм ярьж байна. Тийм байж магадгүй. Нууцаар санал өгч байгаа юм чинь нэг хүн хоёр намыг дэмжсэн байж болох талтай. Тэр бол бодитой зүйл. Гэхдээ би тэр тухай юм бодоогүй. Хэн нь намайг хэдэн хувиар дэмжсэн нь надад хамаагүй. Гэвч нэгийгээ УИХ-ын гишүүн болголоо. “Хөөе, ажил хийе” гэдэг үгийг л би сонсч байгаа. Лоозонгоор, уран цэцэн үгээр амьдардаг тэр цаг үе дуусчээ. Одоо хэдүүлээ газар дээр хоёр хөлөөрөө бат гишгээд амьдралынхаа тухай бодитойгоор ярья. Тэгээд улстөрчдийг дүгнэхдээ хэн гоё уран цэцэн үгээр ярьснаар нь биш, хэн ард түмний амьжиргааг жаахан ч болов дээшлүүлэх юм хийв гэдгээр нь ярья. Ерөөсөө улс төр дахь хэмжүүрээ өөрчилье. Хүмүүсийн хэлсэн уран цэцэн үгний ном уншаад давхиад байх юм бол ямар хэрэг байна вэ. Ингэмээргүй байна. Ажил хийх гэсэн хүн аргыг нь хайж олдог. Хийхгүй гэсэн нь шалтаг хайж олдог гэдэг үгийг би хэлэх дуртай. Миний өмнө ямар ч асуудал байсан би аргаа олоод бүтээхийг л боддог. Томас Эдисоны хэлсэн мундаг үг байдаг даа “Хөөе наадахыг чинь хийх нэг арга байж таарна, тэрийг л олоодох” гэж. Ийм юмны төлөө явья л даа.
-Та бүхэн аргаа олоод үр дүнгээ бидэнд өгөх нь байна шүү дээ. Тэгэхээр 2008 оны арванхоёрдугаар сарын 31-нд бид “Эрдэнийн хишиг” юм уу, “Эх орны хувь” эсвэл нийлүүлээд “Эрдэнийн хишиг ба эх орны хувь”-аа авчих болов уу?
-Тэрний төлөө л явна. Би өмнө нь АН-ын бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байхад сонгуульд манай нам “Эрдэнийн хувь” өгье. Тэр нь сая төгрөг байх юм гэдгийг ярьсан шүү дээ. Бид тодорхой хэмжээгээр тооцоо, судалгаа хийсэн. Гэхдээ 2008 оны арванхоёрдугаар сард гэж бас яриагүй. Ер нь газрын доорх баялгаасаа ард түмэндээ хүртээе. Нэг бол сая төгрөг өгье. Гэхдээ ямар хугацаанд яаж өгөх вэ. Арван мянган төгрөг бас тэгж эхэлсэн. Намайг Сангийн сайд байхад гурван мянган төгрөгөөр эхэлсэн. Тэгэхээр үүн дээр бие биеэ баалаад хэрэггүй юм. Тэр мөнгө нь ямар нэгэн хэмжээгээр очих нь л чухал. Өгөхийн төлөө ажиллана.
-Хамтарсан засаг байгуулахаар намын үйл ажиллагаа бүдгэрдэг юм уу даа. 2004 онд тийм байдалтай байсан?
-Би намын дарга болоод нэг ийм үг хэлээд олон хүнээс шүүмжлэл сонсоод байгаа. “Алтанхуягаа чиний тэр намын бодлого хаа байна” гэхээр нь би өөдөөс нь ард түмний амьжиргааг дээшлүүлнэ гэчихээд байгаа. Ард түмний амьжиргааг дээшлүүлье гэдгээс өөр ямар намын бодлого байх юм бэ, би ерөөсөө ойлгохгүй байна. Намын дарга ер нь юу хийдэг юм бэ. Ингэж хэлэхээр жаахан болхидуу хүн сонсогдож магадгүй. Надад онол монол гэх балай юм ярих сонирхол алга. Ер нь бол тийм юм байх ёстой. Yнэт зүйл гэж байх ёстой. Би физикийн багш хүн л дээ. Хүндийг юугаар хэмждэг вэ, килограммаар. Урт өргөнийг метрээр хэмждэг. Энэ улс төрчдийг тэгээд юугаар хэмжих юм. Бүдүүн нарийнаар нь хэмжих юм уу. Эсвэл гоё цэцэн үг, янз бүрийн юм ярьснаар нь хэмжих үү. УИХ-д олон жил сууснаар нь хэмжих үү, ер нь юугаар хэмжих юм бэ. Ерөөсөө л ард түмний төлөө энэ хуруу хумснаас аваад юугаа өгч чадах юм түүгээр нь хэмж. Ийм шинэ маягийн гэх юм уу даа санал хэлэхээр хүмүүс зарим нь ойлгохгүй байна гээд уурлах юм. Өмнө нь ер нь хэмжүүргүй явсан шиг байгаа юм. Одоо бол тийм юм байхгүй, бүгд хэмжүүртэй. Өмнө нь ямар хэмжүүр байсныг асуухаар зарим нь тойрогтоо хэчнээн хөрөнгө оруулалтаар тийм ажил хийгээд гэх мэтээр ярьдаг. Энэ чинь улсын мөнгийг л өгч байгаа биз дээ. Тойрогтоо гурван сургууль бариулсан нь мундаг, нөгөөх нь муу гэж болохгүй шүү дээ.
-Дэмжүүштэй гэдэг юм уу, сайн тал нь эхлээд бодлого, зорилтуудаа тодорхойлоод дараа нь Засгийн газрын бүтцээ түүнд нийцүүлж бий болгох гэж ярьж байна?
-Энэ бол ухаантайдаа яриад байгаа юм биш. Бид 2004 онд хийсэн алдаанаасаа л сургамж аваад байгаа юм.
-Ямар алдаа хийсэн юм бэ?
Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед бид хийх ажлаа тохироогүй юм билээ.
-Зөвшилцөх бичгээ хууль эрх зүйн акт болгоно гэж ярьж байгааг хэрхэн ойлгох вэ. Хоёр тал гарын үсэг зурсан шүү дээ. Түүнээс хойш нотариатаар орох юм уу?
-Хуучин нэг архивын газар хадгалуулаад буруудсан түүхтэй байхгүй юу /инээв/. Тэгэхээр хууль эсвэл, УИХ-ын эрх зүйн акт болгох ёстой гэж үзсэн. Энэ бол дахиад л монголчуудын эмгэнэл шүү дээ. Яагаад гэвэл, өмнө хамтраад гарын үсэг зурсан юм нь цаас болоод үлдчихсэн. Ингээд хоёр намын итгэлцэл хоёр тийшээ салаад уначихсан. Гэхдээ итгэлцэл гэдэг харьцангуй ойлголт. Чи надад итгээд би чамд итгэх гэдэг өөр хэлбэр. Цаасан дээр буулгаад хууль болгох бас өөр хэлбэр. Тиймээс нэг нэгийгээ хулхидаад яах юм бэ. Олон түмний өмнө ил тод хэлээд тогтчих хэрэгтэй.
-Ерөнхий гарчгийн чанартай зөвшилцөх бичгээ хууль болгоно гэсэн үг үү?
-Эрх зүйн акт гэж яриад байгаа юм. Би жаахан ерөнхий үгээр хэлчихье. Хууль эсвэл УИХ-ын тогтоол болгоно.
-Тэгэхээр бид Засгийн газрыг бараг байгуулчихлаа. Энэ асуултыг нэлээд дээр асуух байлаа. Та хамтарсан Засгийн газрыг эртнээс байгуулах ёстойг сайд байхдаа мэдэрч байсан гэж хэллээ. Тэгэхээр УИХ-ын сонгуульд оролцохдоо энэ санаагаа мөрийн хөтөлбөртөө яагаад тусгаж болоогүй юм бэ. АН-ыг сонгосон цөөнхийн сонголтыг АН хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах вэ. Ажил хийхийн тулд сөрөг хүчингүй болж байгаа юм шигээр ярьж, АН-ын өмнөх хийсэн ажлыг бараг үгүйсгэж байгаа юм биш үү?
-Өмнөх парламентад байсан манай АН-ын гишүүд сайн ажилласан. Сайн гэдэг нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед дэмжиж ажилласан. Хоёрдугаарт, Ц.Элбэгдоржийн танхим огцорсны дараа М.Энхболд, С.Баярын Засгийн газрын болохгүй бүтэхгүй байгааг тод томруун гаргаж тавьж засч залах талаар сайн ажилласан. Аль ч үед нь үнэхээр зүтгэсэн.
-МАХН болохоор үүнийг сөрөг хүчин буруу зөвөө ч мэдэхгүй тэгнээд хэвтчихдэг “Чөтгөрийн тойрог” гэж хэлсэн шүү дээ?
- Тэгэхдээ АН-гүйгээр дангаараа шийдээд явж болохгүй асуудал бас байна гэж би хэлсэн. Ойлгож байна уу. Тэр нь монголын ард түмэнд маш хэрэгцээтэй уул уурхайн салбарын асуудал юм. Ялгаатай шүү дээ. Би аль ч үед нь сайн ажилласан гэж хэллээ. Та бүхэн АН-ыг саяны сонгуульд орохдоо эвсэнэ гээд орчихгүй яасан юм бэ гэж асуулаа. Юу гэж байгаа юм, АН сонгуульд ялна гэж орсон. Харин ялагдчихлаа.
-Ямар алдаанаас болов?
-Yүнийг яриад яах юм бэ, би өнгөрсөн юмыг ярих дургүй. Харин дуртай үгээ хэлчихье, манай ээж “Өнгөрсөн юманд хүн бүхэн цэцэн, үлтэрсэн маханд шүд болгон хурц” гэдэг байлаа. Өнгөрсний тухай ярьвал, бүгд уран цэцэн. Бүгд гоё тайлбарлана. Yгүй тэгээд “Тэр нэг муу юм...” гэх хэрэг үү. Яах гэсэн юм бэ, би тийм зүйлд дургүй. Би яагаад өнгөрсний тухай хааяа нэг яриад байна гэвэл, маргааш зөв байхын тулд л хааяа санах хэрэгтэй. Аль дивангарын юм ярих хэнд хэрэгтэй юм бэ.
-Одоо тэгээд сөрөг хүчний орон зай, хяналтыг яаж хийвэл дээр вэ. Мэдээж хэвлэл мэдээллээс бусад...?
-УИХ хяналтынхаа үүргийг маш сайн гүйцэтгэнэ. Хоёрдугаарт, хамтраад сууж байгаа Засгийн газрын гишүүд гэдэг том хяналт байдаг. Бод доо, та хоёр МАХН-ын сайд, би АН-ын сайд байлаа гэхэд асуудал оруулахад нээлттэй яригддаг байхгүй юу. Хэдэн төгрөг хаашаа гарах гэж байгаа юм. Юунд зарцуулагдах гэж байгаа юм бэ гэдгийг тал талаас нь хянана. Дээр нь Засгийн газрын хурлаар та асуудал оруулах гэж байгаа бол долоо хоногийн өмнө бусад сайд нараасаа санал авна. Энэ бол маш том хяналт. Би Сангийн сайд байхдаа агуу хяналтад байсан. Тиймээс миний тухай янз бүрийн юм одоо яригддаггүй юм шүү. Бас нэг тогтвортой байдлын гэрээг Н.Алтанхуяг ганцаараа хийсэн юм шиг зүйл ярьдаг. Тэгээгүй л байхгүй юу. МАХН-ын сайд нар хоёр удаагийн УИХ-аар оруулж байж батлуулсан хууль шүү дээ. Тиймээс дараа нь намайг хэн ч юу ч гэж ухах гээд дийлэхгүй байгаа. Гэтэл сонин хэвлэлээр янз бүрийн юм бичдэг. Тэр нөхөр түүнд тийм хэмжээний газар бэлэглэж гэнэ гээд л мэдээлдэг. Засгийн газрын гишүүнд тийм эрх байхгүй. Харин одоо энэ Засгийн газарт орвол нэг зүйлийг чангалах ёстой гэж бодож байгаа. Ашигт малтмалын лицензийн асуудал Засгийн газарт хамаагүй болчихоод байна. Нийслэл, дүүрэгт газар өгч буй асуудал Засгийн газрын хуралдаан дээр яригддаггүй. Yүнийг өөрчлөх ёстой. Нийслэл, дүүрэгт газар өгч балиартуулж байгаа явдал бол дүүрэг, хотынхны хийж байгаа ажил. Тийм учраас орон нутгийн сонгуульд ард түмэн энэ асуудлаа ярих хэрэгтэй шүү. Өөрийн чинь хүүхдийн тоглоомын талбайд хэн байшин бариулсан билээ. Түүнийгээ бодож байгаад яриарай. Хашааныхаа гадаа овоолоостой байгаа хогоо харж байгаад сонгуулиа өгөөрэй. Орон нутгийн сонгууль ийм онцлогтой. Улаанчулуутын хогийн цэг хотын салхин дээр байна. Сонгинохайрханы иргэд хийссэн хогон дунд амьдарч байгаа. Yүнийгээ бодож орон нутгийн сонгууль өгөх ёстой. УИХ-ын сонгуультай адил орон нутгийн сонгуульд өрсөлдөнө шүү дээ.
-Долдугаар сарын 1-нээс өмнөх АН, хойшхи АН гэдэг асуудлаар санал асуулга явуулбал, алинд нь ард түмэн илүү хайртай байх бол?
-Явуулж үзээд хэнийгээ хайрлаж байгааг нь мэдэх байх даа. Физикийн бодлого бол пуужин хөөргөөд явах замыг нь бодож тооцоолоод гаргадаг. Гэхдээ би улс төрд таавар хэлэхээс зугтаадаг. Мэдэхгүй шүү дээ, би ямар үзмэрч биш. “Ингэж байна, тэгж байна” гэж дүн шинжилгээ хийх бол хэрэгтэй байлгүй яахав. Дээр нь би яагаад зарим юманд таамаг хэлэхээс зугтаад байна гэвэл, МУИС-д арван жил багшилсан хүн шүү. Нарийн шинжлэх ухаануудаар ноцолдсон хүний хувьд тэр маань намайг эргүүлж хүлээд байдаг. “Алтанхуягаа чи пан гөрөхгүй шүү, хамаагүй юм ярихгүй шүү” гээд хүлчихдэг. 50 дээр нэмэх хасах нэг гэдэг ойлголт байхаас нэг дээр нэмэх, хасах 50 гэж байдаггүй. Пан гөрнө гэдгийг би үнэнээс савлахыг л хэлээд байна л даа. Би 50 дээр нэмэх, хасах нэгийн тухайд ярина. Эсвэл 49, 51 ер нь 50 хавьдаа л донгодно. Энэ хүмүүс хасах 50, эсвэл хасах нэг гэх юм. Юу вэ, хасах 49 байх шиг.
-Сүүлийн өдрүүдэд та Ц.Элбэгдоржоос илүү С.Баяртай ойр байгаа байх. С.Баярыг хүнийх нь хувьд цөөхөн хоногт таньж мэдэж байж ч магадгүй. Намдаа ялалт авчирсан, МАХН-ын лидер С.Баяр гэж хэн бэ, таныхаар. Мэдээж хамтарсан компани байгуулахад хүртэл түншээ судалдаг шүү дээ?
-Би хоёр юм л харж байна. Нэгдүгээрт, нүдний шилтэй нөхөр байна лээ, надаас ялгаатай нь. Хоёрдугаарт, надтай адилхан юм ярьж байгаа нь хамтарсан байдлаар монголчуудын өмнө тулгараад байгаа асуудлыг шийдээд явах юмсан гэсэн. Бусдыг нь би мэдэхгүй. Надад тэр хүний гоё сайхан, муухай ярих сонин биш. Хамтарч ард түмний төлөө юу хийх юм гэдэг л чухал. С.Баярыг эргүүлээд би яах юм бэ.
-Танай намынхан чинь л таныг С.Баяртай хардаад байгаа биз дээ?
-Хардаж л байг л дээ /инээв/. Хэрэггүй юм л яриад байгаа байхгүй юу. МАХН-ын зүгээс ч гэсэн ард түмний төлөө хийх гэж байгаа зүйлээ л гаргаж тавьцгаа. Түүнээс биш С.Баяр, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүн нэгэндээ сайн, муу байх нь хамаагүй. Манайхан хоёр хүн уулзаж гэнэ гэхээр л нэг хөнжилд оруулаад зураад байх юм /инээв/.

No comments:

Post a Comment