Thursday, February 19, 2009

БААБАР ХЭРХЭН ХУВИРСАН НЬ

Уг нь энэ нийтлэлээ нөгөө "Болд хэрхэн хатаагдсан нь" гэдэг шиг "Баабар хэрхэн хатаагдсан нь" гэж гарчигласан бол илүү сэтгэл ханамжтай сайхан байх байлаа. Гэвч даанч тэгж болохгүй нь гачлантай. Нийтлэлийн маань гол баатрыг Баянхошууны гудамжны ноход ч андахгүй билээ. Анх 90 оны их хувьсгалын үеэр Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдаж, түүн дээр үндэслэж Монголын Социал Демократ Нам үүсэн бий болсон үеэс эхлэн Баабарын улаан фен байж, тэрхүү хувьсгалд гар бие оролцон, "Бүү март"-ыг гадуур тарааж, өөрийнх нь гарын үсэгтэй намын гишүүний үнэмлэхийг хармаалж явсан хүн өнөөдөр ийм юм бичихдээ тулна гэж санасангүй. Түүхийн энэ ахар хугацаанд бий болсон дэвшил, өөрчлөлтөнд тэр хүний оруулсан хувь нэмэр, байгуулсан гавъяаг маргах хүн үгүй биз ээ. 90 оны Баабарыг мөнхөд тэр хэвээрээ байх юм гэж бодож итгэж явсан хүмүүс мань эрийг хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч харуусч сууна. Уг хүн маань уул нь их ном уншиж дундаж сэхээтнийг бодвол "кругозор" сайтай, мэдлэг боловсролтой, цол гуншинтай нэгэн. Гэвч "идеал" хүн гэж байх биш, тэгээд ч цагийн эрхээр өөрчлөгддөг нь жам байж мэдэх юм. Хэдий тийм боловч зарим нэг маш чухал асуудал дээр түүний байр суурийг сонсоод үнэндээ сүүлийн үед зөөлөн хэлэхэд "ангайж" хоцордог болоод байна.
Монголын түүхийн тухай Баабарын бичсэн номыг олон эх сурвалж, баримт ашиглаж, "коммунист" биш барилаар бичсэн, үнэнд илүү ойртсон бодит бүтээл болсон гэж хэлэхэд буруутахгүй байхаа. Энд ганц юман дээр олон хүнийг "шоконд" оруулаад байгаа зүйл бол Юань гүрний тухай асуудал. Миний ойлгож байгаагаар Хубилай хаан Хамаг Монголын хаан болж Хятадыг дайлан эзэлж улмаар нийслэлээ урд зүг рүү нүүлгэсэн байдаг. Хубилайн мэдэлд байсан газар гэвэл Эх Монгол улс, Хятад, Түвд, Солонгос ороод одоогийн Бээжинд төвтэй Юань гэж нэрийдсэн асар том гүрэн байжээ. Төв нийслэл нь одоогийн Хятадад байсан болохоор Юань гүрэн Хятадын "Династи" болж хувираад, түүнд багтаж байсан бүх улс (Солонгосоос бусад нь) Хятадын мэдлийн газар болж таарах гээд байна. Үүнд эрхэм Баабар өөрийн хувь нэмрээ оруулж энд тэнд хачин юм ярьж бичиж явдаг болжээ. Өөрөөр хэлбэл, Баабарынхаар тэр Юань династийг нь Хубилай хаантай нь цуг Хятадуудад "бэлэглээд" тэд нарын санааг амраахгүй бол болохгүй гэнэ. Учир нь, хэрвээ бид нар Юань, Хубилай хоёрыг "манайх" гээд байвал Хятадууд тэгвэл Юань династи Хятадынх тул түүнд хамаарч байсан Монгол мөн манайх байх ёстой гээд салахгүй гэнэ. Тийм учраас Юань, Хубилай хоёрыг нь "өгчихөөд" Монголоо аварч үлдэх нь зүйтэй гэсэн утгатай хачин юм яриад байгаа учрыг сайн ойлгохгүй бухимдах юм. Энэ "эх оронч" санаачлага Баабарын хувьд сая гаргасан шинэ эд биш байхаа. Хэрвээ Хубилай хаан Солонгост нийслэлээ байгуулж тэнд төвхнөсөн байгаад Солонгосчууд "манай түүх", "манай хаан" гээд суучихвал мань эр бас л "өг, өг" гэх нь л дээ. Манай нэртэй нийтлэлч маань янз бүрийн сэдвээр бичиж, тэр ч байтугай зарим нэгийг магтан дуулсан хөрөг найруулал ч бичсэн байдаг. За тэр ч яахав, хэнийгээ магтах нь тэр хүний асуудал.
Гэхдээ хэн нэгнийг хэтэрхий магтаж, нөгөөг хүн биш болгодог нь арчаагүй хүний зан. Ерөнхий сайд бөгөөд дотны найз Баярыгаа цаг үейин шаардлагаар тодрон гарч ирсэн онцгой хүн гэж нэгэн нийтлэлдээ магтан дуулсан байхыг уншаад гутарч байсан минь саяхан. Нөгөө онцгой хүн нь ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялахаа зарлаж, өөрийн намын нэр дэвшигчид хэрхэн ядуу ардуудыг мөнгөөр зодон доромжилж саналыг нь худалдан авч байгааг үзсэн ч үзээгүй мэт дүр эсгэж, сонгууль луйвардсаныг эсэргүүцэж бухимдсан олныг эс үйлдлээрээ (зарим эх сурвалжид зориуд өдөөн хатгагч, турхирагч нар дунд нь оруулсан байсан гэж бичсэн бий) гэмт хэрэгтэн болгож, 5 хүний амийг тасалсан нэгэн билээ. Баабарын магтан дуулж саймшираад байгаа дотны найз нь хэлэхдээ, хэрвээ хүний амь буудаж хороосон нь цагдаатай холбоотой бол би хариуцлагаа хүлээхэд бэлэн гэж ам гарсан тухай Ц.Элбэгдорж хэлсэн байдаг. Тэр үнэн бол одоо Баабарын найзын огцрох цаг нь болжээ. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газраас энэ хэргийг шалгаад цагдаа нар буудсан байна гэдгийг тогтоосон бөгөөд харин тушаалаар буудсан уу, дураараа буудсан уу гэдгийг тогтоож байгаа юм байх. Ямар ч байлаа гэсэн Ерөнхий сайдын удирддаг цагдаа хүн буудаж алсан нь тодорхой боллоо.
Сүүлд өгсөн нэгэн сонины ярилцлагандаа Баабар найз Баярыгаа Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхгүй гэж хэлсэн амандаа хүрнэ, та нарыг хулхидахгүй гэж өмнөөс нь ам бардам хэлсэн байдаг. Бараг л Баярын хэвлэлийн төлөөлөгч аятай дуугарч байна лээ шүү. Мань эрийн хэлсэнээр Баяр үнэхээр хэлсэн амандаа хүрдэг хүн юм бол одоо улс төрийнхөө хариуцлагыг хүлээж огцрох байх л даа. Харж л байя. Баабарын хувьд бол тэр 7 сарын 1-ний үймээний асуудал огтоос сонин биш байгаа нь харагдаж байна. Тэр тухай ган хийх ч үгүй, харин ч Магнай , Батзандан нарыг бацаанууд хэмээн доош нь хийж томорсон байна лээ. Одоо ч аргагүй, мань эр томорвол томорхоор болсон байхаа, аль аль талаараа. 90 оны "шалдан" Баабар биш болжээ. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж уг нь Монголчууд ярьдаг даа. Мань эрийн хувьд бол шал эсрэгээрээ мөрдөгддөг болсон бололтой. Бүхнийг л мэддэг ухаантны дүрд хувилчихаад, надаас ирж зөвлөгөө авбал би хэлээд өгье, Ерөнхийлөгчид бол дэндүү ухаантайдах учраас дэвшихгүй, ер нь өөр шиг нь зөв ярьж сэтгэдэг хүн Монголд байхгүй аятай юм цухалзуулж "шизотдог" болжээ. Амны "фигур" муутай гэдгээ өөрөө мэдсээр байж одоо хамаа намаагүй бурж явдгаа болиод тэрний оронд "шашнаа өмөөрөөд" явж байх нь өлзийтэй байхаа. Хүн бас ингэж хувирах гэж.
Мэндбаяр Нямбуу

No comments:

Post a Comment