Saturday, January 2, 2010

Бямбажаргал: Миний оролцсон Ардчилсан хувьсгал номоос

“...намайг хүүхэд байхад Брежнев мөнхийн юм шиг байдаг байлаа. Брежнев үхчингүүт маргааш нь Америк орж ирээд бөмбөгдчихнө гэсэн ойлголттой. Хилийн цаана Америк, Хятад хоёр цөмийн пуужингийн кноп дарахад бэлэн сууж байгаа гээд л. Тэгтэл намайг нэгдүгээр курст байхад Брежнев нас барсан. Дараа нь Андропов, дараа нь Черненко нас барчихсан. 3-р курст байхад Горбачев гарч ирч ирж, ил тод байдал, “сухой закон” гээд нилээн юм болсон. Гэтэл Оросын социализмын үеийн хүмүүс бол зөвхөн Брежневын үед амьдарч байсан. Би Оросод дөрвөн ерөнхий нарийн бичгийн даргын үед амьдарсан. Хэдийгээр систем өөрчлөгдөхгүй ч гэсэн хүнээс хамаарсан хандлага өөрчлөгдөж байгаа нь илэрхий мэдэгдэж байсан юм. Жишээлбэл, Андропов гарч ирээд хатуурхаад Өмнөд Солонгосын билүү Америкийн иргэний Боенг онгоцыг буудаж унагаагаад л уур амьсгал өөрчлөгдөөд ирж байгаа юм л даа. Черненко үзэл суртлын ажлыг эрчимжүүлнэ гээд манай алдарт хоёр лоозон шиг илтгэлээ оюутнуудаар цээжлүүлээд л.


Манайд ч гэсэн Цэдэнбал халагдан Москвад гэрийн хорионд ороод Батмөнх гарч ирсэн үе л дээ.

Тиймэрхүү нөхцөл байдал дунд миний оюутан үе өнгөрсөн юм...”

1989 он.

Берлинээс Бээжин хүртэлх коммунист ертөнцөд гарсан ардчиллын төлөө тэмцлийн хувь заяа янз бүр байсан юм.

Хүйтэн дайны бэлэгдэл Берлины хана нурж Польш, Чехсловак,Унгарт “хамба хилэн”(velvet) гэж нэрлэгдсэн тайван хувьсгалууд ялсан бол Румынд дарангуйлагчаа хээрийн шүүхээр буудан хороосноор зүүн Европын коммунизм төгсгөл боллоо.

Бээжинд Тянь Ан Мины талбай дээр жагссан оюутнуудыг танкын хүчээр цус урган дарлаа.

Харин Монголд хожим Бат-Үүлийн бахархан ярих дуртай “нэг ч хүний тархи, нэг ч байшингийн цонх хагалаагүй” тайван хувьсгал эхэллээ.

Миний оролцсон анхны цуглаан 1989 оны 12 сарын 15 билүү 17-нд дуурийн театрын урд болсон юм. Би уг нь 15 гэж боддог байсан юм. Яагаад гэвэл тэр өдөр манай хүү Эрдэнээгийн төрсөн өдөр гээд манай том ах Ганбүүрэг, бэр эгч Алтанцэцэг хоёр манайд ирчихсэн байсан юм. Орлох бид хоёр тэдэнд мэдэгдэхгүй сэмхэн яваад ирлээ гэсэн чинь харин цуглааны сонин сонсох гээд хүлээгээд сууж байсан юм. Гэхдээ л амралтын өдөр байсан. Ингээд л эргэлзчихлээ. Тэр цуглаанаас эхлээд Ардчилсан холбооныхон ханцуйндаа цэнхэр даавуу уяж эхэлсэн юмдаг. Цуглаан дээр зураг авсан хүн болгоныг До яамных гээд хөөцөлдөөд л хөөрхөн юм болж байлаа. Дараа нь туг лоозонгоо Их сургуулийн хоёрдугаар байранд “малыш” Энхтүвшингийн өрөөнд аваачиж тавьцгаасан.

Ингээд бараг албан бусаар Ардчилсан холбооны гишүүн болчихоод байтал тэр лабороторийн эрхлэгч Нямдорж ах энэ хойно гайгуй тохитой улсууд цуглаад байгаа. Тэнд очье гээд 12 сарын 28-нд АСХ-ний анхны уулзалтанд дагуулж очлоо. Тохитой хүмүүс гэдэг нь Ламзав, Хашбаатар багш хоёрыг хэлсэн юм билээ л дээ.

Яг энэ өдөр байгууллага байгуулах, байгууллагынхаа нэр, тунхаг зэргийг хэлэлцсэн юм. Улаанхүү, Ганбаатар нар нэг тунхагийн төсөл, Ламзав багш нэг тунхагийн төсөл бэлтгэн оруулж ирсэн.

Гэтэл нөгөө тохитой Ламзав яасан гээч.

“Ерөөсөө бид нар коммунизмын эсрэг явж байгаа. Коммунизмын эсрэг явж байгаа юм бол хэнтэй тулах уу МАХН-тай тулна. Шууд үүнийгээ зарлана. Бид нарын объект бол “коммунизм”. Коммунизмыг хэрэгжүүлж байгаа байгууллага нь МАХН. Шууд энэнтэй л үзнэ. Юун засах масах та нар битгий балай юм яриад бай” гээд л “Уг гарлаасаа импортын чанартай, цусан мөр татуулсан МАХН ” гээд эхэлсэн тунхаг хэлэцүүлсэн гэж байгаа. МАХН-д 1989 онд ийм тодорхойлолт өгнө гэдэг бол шууд л хурган дээлээ аваад ганц худаг руу явна гэсэн үг. Өөрөө ч “би хурган дээлээ бэлдчихсэн та нарт ч гэсэн хэрэг болно шүү” гэж байж билээ.

Удтал маргалдсаны эцэст

“.. Бидний хэсэг нөхөд монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөх, ард түмнээ сайн сайхан амьдруулах гэсэн чин эрмэлзлэлээр АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ХӨДӨЛГӨӨН /АСХ/-д нэгдэж байна.

АСХ нь өөрчлөлт шинэчлэл-тийг өнгөлөн засах хэлбэрээр явуулах гэсэн аливаа эрмэлзлэлийг аялдан дагалдахгүй бөгөөд харин үндсээр нь өөрчлөх өөрчлөн байгуулалтын төлөө тайван замаар тэмцэх болно. Бид ганцаар ноёрхох аливаа улс төрийн бодлогоос ангид байх ба ажиллагааныхаа тэргүүн байранд ХҮН, ХҮНИЙ САЙН САЙХНЫГ авч үзэх болно” гэсэн тунхагийн зарчмыг тогтсноор АСХ, МСДН-ын түүх эхэлсэн юм даа.


No comments:

Post a Comment