Monday, January 4, 2010

АСХ-ын Тунхаг гараад 20 жил боллоо

АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ХӨДӨЛГӨӨНӨӨС MОНГОЛЫН
АРД ТҮМЭНД ХАНДАЖ ГАРГАСАН ТУНХАГ.
1990 ОНЫ 1 -Р САРЫН 4- НИЙ ӨДӨР УЛААНБААТАР ХОТ

Өнөөдөр МОНГ0Л оронд Т0ГТН0Ж буй НИЙГЭМ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЦ НЬ
манай ард түмнийг ядууруулан хоосруулж, улс орныг хүн төрөлхтний хөгжлийн ерөнхий зүй тогтлоос салган тусгаарлаж, гүн гүнзгий хямрал, мухардмал байдалд оруулжээ.
Энэ нь алдагдалтай үйлдвэр албан газар олширсон, бүхий л өмчийг тэр чигээр нь улсчилан харж хандах эзэнгүй болгосон, хүн амыг хүнсний болон өргөн хэрэглээний бараа таваараар хангаж дийлэхгүй болсон, үнэн худал нь мэдэгдэхгүй гадаад, дотоод өр ихээр нэмэгдсэн, малчин-ажилчин ангийг мөлжигч хүнд сурталт захиргааны нүсэр аппарат давхарга бий болж, хүн амын нийт давхарга идэвх санаачлагагүй болсон зэргээр илэрч байна.
МАХН удтал хүлээлгэсний эцэст 1966 оноос гаднын нөлөө, цагийн эргэлт, олны шахалтаас болж арга буюу улс төр, эдийн засгийн шинэтгэл хийж эхэлсэн авч ТЭР НЬ ганц нэг хүнийг халж солих, нийгэм, эдийн засгийн зарим нэг өрөөсгөл өөрчлөлт хийснээр хязгаарлаж байна. Учир нь НАМ ЗАСГИЙН эрх барьж байгаа хүмүүсийн дийлэнх нь Цэдэнбалын үед дэвшсэн, түүнийг аялдан дагалддаг дундчууд учраас өөрсдөө төдийлөн хүсэхгүй байгаа, нөгөө талаас тэд танил тал харах, нутгархах, үр хүүхэд, хамаатан саднаа дээш татах, хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх зэргээр нэр хүндээ барсан тул ард түмний дэмжлэгийг хүлээж чадахгүй байна.
Энэ хүнд сурталт, захиргааны давхаргынхан манайд хэвшин ТОГТСОН НИЙГЭМ УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТЦЫГ өнгөлөн засаад өөрсдийн эрх ямбаа хэвээр нь үлдээхийг бүхий л аргаар чармайн оролдож байна.
Бидний ХЭСЭГ НӨХӨД монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөх, ард түмнээ сайн сайхан амьдруулах гэсэн чин эрмэлзлэлээр АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ХӨДӨЛГӨӨН /АСХ/-Д нэгдэж байна.
АСХ НЬ өөрчлөлт шинэчлэлтийг өнгөлөн засах хэлбэрээр явуулах гэсэн аливаа эрмэлзлэлийг аялдан дагалдахгүй бөгөөд харин ҮНДСЭЭР нь ӨӨРЧЛӨХ өөрчлөн БАЙГУУЛАЛТЫН төлөө ТАЙВАН ЗАМААР тэмцэх болно. Бид ганцаар ноёрхох аливаа улс төрийн бодлогоос ангид байх ба ажиллагааныхаа тэргүүн байранд ХҮН, ХҮНИЙ САЙН САЙХНЫГ авч үзэх болно.
АСХ улс орноо нийгэм эдийн засгийн гүн гүнзгий хямралаас гаргахын тулд дараах зорилтыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийн төлөө тэмцэнэ.
1. Олон намыг хүлээн зөвшөөрөх боловч алив нэг намд удирдан чиглүүлэх онцгой эрхийг дангаар нь эдлүүлэхгүй.
2. Одоогийн сонгуулийн тогтцыг ард түмний жинхэнэ эрх ашгийг илэрхийлэх ардчилсан хуулъ цаазат төр бий болохуйцаар өөрчлөх. Олон намын чөлөөт улс төрийн тэмцлийг хуульчлан зөвшөөрөх.
3. Улс төр, олон нийтийн бүх байгууллагыг чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх эрхээр хангах. Эдгээр нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, мэдээллийг дангаар эзэмших эрхгүй, ард түмэн бүх талын мэдээлэл хүлээн авах эрхтэй гэдэг зарчмыг баримтална.
4. НҮБ-аас гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтуудыг бүрэн хэрэгжүүлж, дагаж мөрдөх. Хүний эрхийг хөсөрдүүлсэн одоогийн НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ТОГТЦЫГ өөрчилж үйл ажиллагааг нь хуулийн хүрээнд явуулах.
5. Нийгмийн бодлогын гол зорилго нь ард иргэдийн амьдралын баталгаат нөхцлийг хангах явдал гэж үзнэ. Энэ зорилгоор ҮНДЭСНИЙ СОЁЛ, ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ, ОРОН СУУЦ, НИИГМИЙН ДААТГАЛ, СУРГАЛТ ХҮМҮҮЖИЛ, ШАШИН ШҮТЛЭГ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ зэрэг салбарыг илүү анхаарах.
6. Социалист гурван хэм хэмжээ буюу ШУДАРГА ЁC, ТЭГШ ЭРХ, ЭРХ
ЧӨЛӨӨГ нийгмийн амьдралын бүх хүрээнд эрхэмлэх. Эдгээрийг бид дараах байдлаар ойлгоно:
- Шударга ёс нь Бие хүн аливаа анги бүлгийн онцгой, илүү эрх дархыг тунхаглах хэрэгжүүлэхэд хүргэхгүй юм.
- Тэгш эрх нь бүх хүнд нэгэн адил өөрийгөө хөгжүүлэн ДЭВШИХ боломж олгох ба хуулийн өмнө БҮГД ТЭГШ ЭРХТЭЙ байх
- Эрх чөлөө нь ард түмэн улс орны болон орон нутгийн асуудалд эзний ёсоор оролцож нөлөөлөх
7. Монгол улсын ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГТ нийцсэн оновчтой, өндөр үр
ашигтай эдийн засгийн бүтцийг бий болгох. Энэ талаар үндэсний биеэ даасан бодлого явуулах. Өмчийн олон хэлбэр ХӨГЖИЛ, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙ ижил нөхцөлд оршин тогтнохыг хүлээн зөвшөөрөх.
8. МОНГОЛ УЛС олон улсын харилцаанд хүч үл хэрэглэх ,бусдын хэрэгт
хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим дээр хөрш улсууд болон, дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцах бөгөөд биеэ даасан, төвийг сахисан бодлогыг эрхэмлэх. өөрийн нутаг дээр гадаадын цэргийн бааз байрлуулахгүй байх.
Эдгээрийг үндэс болгосон АСХ-ний эцсийн зорилго бол МОНГОЛ ХҮНИЙ чадал, боломж бүх талаар ЧӨЛӨӨТЭЙ ХӨГЖИН ДЭЛГЭРЧ, улмаар ХҮН НЬ монгол орон шигээ БАЯН ДЭЛГЭР байж, зөвхөн хөдөлмөрлөх биш харин ХӨДӨЛМӨРИЙНХӨӨ ҮР ШИМИЙГ ҮЗЭХ, ЧӨЛӨӨТЭЙ АМЬДРАХ боломжийг хангахад оршино.
АСХ нь нийгмийн бүх анги давхаргыг хамарсан чөлөөт хөдөлгөөн бөгөөд манай зорилтыг хүлээн зөвшөөрсөн нам, нам бус, хэн боловч нас, үндэс угсаа, шашин шүтлэг харгалзахгүйгээр бидэнтэй нэгдэн нийлж болно.
АРДЧИЛСАН СОЦИАЛИСТ ХӨДӨЛГӨӨН

No comments:

Post a Comment