Thursday, December 10, 2009

Ардчилагдах үйл явц ба Монгол улс

Ардчилагдах үйл явц ба Монгол улс

Дамбын Ганбат (PhD)
УТБА-ийн захирал

Сүүлийн хэдэн зуун жилийн турш монголчуудын сэтгэлдээ тээж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнол нь Монгол улсад ардчиллын үйл явц өрнөсөн ХХ зууны сүүл үед л бодит биеллээ олох боломж бүрдсэн билээ.  Анхны тайван цуглааны өдрөөс хойш нэгэнт 20 жил өнгөрчээ. Энэхүү хугацаанд олон нам оролцсон өрсөлдөөнт сонгууль ердийн үзэгдэл болж, ардчилсан Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйл болгосон нийгмийн дэглэмийн үзэл санаа хөгжлөө олсоор байна. Дэлхийг бүхэлд нь хамарсан ардчиллын гурав дахь давалгаанаар улс төрийн дэглэм нь үндсээрээ өөрчлөгдсөн бусад улсын нэгэн адил бид уг шилжилтийн нийтлэг болон өвөрмөц сорилтуудтай тулгарсаар байна. Монгол улсад энэхүү ардчилагдах үйл явц хэрхэн өрнөж байна, ардчиллын чанар нь ямар байна, эл үйл явцыг ямар хүчин зүйлс тодорхойлж түүнд нөлөөлж байна, бусад улсад болж буй үйл явцаас бид юугаараа онцлог байна зэрэг нь бидний хувьд анхаарвал зохих бодит асуудал мөн юм.


Онолын хураангуй

1990-ээд оны хагасаас эхлэн ихэнхи улс ардчиллыг танин мэдэх үе шатаа өнгөрөөгөөд байсан тул ардчиллын гурав дахь давалгааны шинжилгээ нь ардчиллын нягтрал руу шилжижээ. Хэдийгээр ардчиллын нягтралын тухай бүтээлүүд улс төрийн хүрээг хамарч буй байдлаараа олон янз байсан боловч тэдгээрийн судалгааны гол асуулт нь шинэхэн ардчиллын орших, эс орших тухай гэдэгтэй бүгд санал нийлж байсан юм[i]. Гэсэн хэдий ч Ф. Шмиттерийн хэлснээр, иргэд болон улс төрчид нь ардчилсан өрсөлдөөний дүрмийг хүлээн зөвшөөрч л байвал ардчилал ямар ч чанарын түвшинд нягтарч болох юм гэсэн байдаг[ii].

Ямар ч тохиолдолд ардчилал нь чанарынхаа утгаар ард түмний хүлээлтийг хангаж чадахгүй бол тэрээр ард түмний сэтгэлд удаан хугацаагаар оршин байж чадахгүй. Тогтсон үзлээр бол ардчиллын шинж чанар, хэрэгжилт нь сайн засгийн гол үзүүлэлт болох улс төрийн эрх чөлөө, тэгш байдал, эрх зүйт ёс, тайлагнал, тунгалаг чанар, хариу үйлдэл үзүүлэх чанар хангагдахгүй бол ард түмний ардчилсан дэглэмд татагдах нь сул байх болох юм. Мөн, муу засгийн шинж тэмдэг болох авлига, сонгуулийн луйвар зэрэг нь ардчилсан байгууллагад хүмүүсийн үл итгэх байдалд шууд нөлөөлнө[iii].

Ардчиллын чанарын талаархи иргэдийн үнэлгээг хоёр арга замаар тодорхойлж болдог байна. Нийлүүлэлт талаас улс төрийн лидерүүд, институци нь ардчиллын шинж чанарыг тодорхойлох гол хүчин зүйлс гэж тооцогддог. Тэгвэл, авлигад автсан улс төрчид болон либерал ардчиллын үнэт зүйлсийг хангаж чаддаггүй, согогтой институци зэрэг нь муу засгийн үндэс суурь болж байдаг. Эрэлт талаас бол ардчилсан дэглэмээс иргэд юуг, хэр хэмжээнд хүсэн хүлээж байгаагаар нь ардчиллын чанарыг мөн үнэлэн тодорхойлдог.

Ларри Даймонд, Леонардо Морлино нар либерал ардчиллын зайлшгүй бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох хамгийн системтэй концепцийн бүдүүвчийг бий болгосон гэж үнэлэгддэг[iv]. Тэд эхлээд “ардчилал, чанар” гэсэн ойлголтуудын тодорхойлолтыг шинжилжээ. Тэдний олж тогтоосноор ардчилал нь хамгийн багадаа дараах дөрвөн элементийг шаардана. 1. Бүх нийтийн, насанд хүрэгчдийн сонгуульд оролцох эрх, 2. Давтамжит, чөлөөт, өрсөлдөөн бүхий шударга сонгууль, 3.Нэгээс илүү, буурьтай улс төрийн нам, 4. Мэдээллийн олон тооны эх үүсвэрүүд юм. Харин чанар нь дараахи гурван зүйлсийн аль нэгтэй холбогдоно. Эдгээр нь ёс горим, агуулга буюу үр дүн юм. Ёс горимын хувьд чанар нь эрх зүйт ёс, оролцоо, өрсөлдөөн, хөндлөн ба босоо хариуцлага гэсэн таван хэмжүүртэй ба эл хэмжүүрээр ардчиллын чанар нь ялгагдана. Агуулгын хувьд чанар нь иргэний ба улс төрийн эрх чөлөөг хүндэтгэх байдал, улс төрийн илүү тэгш байдлын дэвшилт, хэрэгжилт гэсэн хоёр хэмжүүртэй. Харин үр дүнгийн хувьд чанар нь улс төрийн үйл явцаар нэгтгэгддэг иргэдийн эрэлт, шаардлагад төрийн бодлого нь хэрхэн нийцэж буйг хэмжих замаар ёс горимын хэмжүүрүүдийг чанартай нь холбож өгсөн хариуцлагатай байдал гэсэн ганц хэмжүүртэй[v].

Энэхүү онол, арга зүйд тулгуурласан Азийн Барометр Судалгаа (цаашид АБС) нь Монгол улсыг оролцуулан бүс нутгийн хэмжээнд шинжилгээ, харьцуулалтыг сүүлийн арав гаруй жил хийж байгаа билээ[vi]. Эрдэм шинжилгээний нарийвчилсан арга зүйг алгасаад судалгааны гол гол дүгнэлтийг би энд танилцуулах болно[vii].

Монголын ардчиллын чанарыг үнэлэх нь

Ардчиллын чанарын үзүүлэлтийг гаргах үүднээс АБС-нд нийт 25 асуулт оруулсан юм[viii] (Асуулга нь бүхэлдээ үндсэн 170 орчим асуулттай). Эдгээрийг дэд хэмжүүрийг оролцуулан дараахи 11 бүлэг хэмжүүрт нэгтгэж шинжилсэн болно. Эдгээр нь: хууль сахигч засаг төр, авлигын хяналт, өрсөлдөөн, сонгуулийн оролцоо, улс төрийн сонирхол, улс төрийн үр ашиг, хөндлөн ба босоо хариуцлага, эрх чөлөө, тэгш байдал, хариуцан тайлагнал юм. Энд үзүүлж буй дүн бол тухайн асуултанд эерэг хариулт өгсөн хувийг илэрхийлнэ. Хувь их байх нь илүү ардчилсан байдлыг илэрхийлнэ. Эхний баганад Монголын дүн (түүвэр 1211), удаахи баганад судалгааны хоёр дахь шатанд хамрагдсан Азийн 11 улсын дундажийг харьцуулах үүднээс мөн орууллаа (нийт түүвэр 13700)[ix].

Хүснэгт 1

Хэмжүүрийн бүлэгт багтсан асуултанд өгсөн эерэг хариултын хувь

(түүвэр 1211)





Монгол
Азийн дундаж
Хууль сахигч засаг
Бүх (2) асуулт эерэг
18.2
27.5


Зөвхөн 1 нь эерэг
50.1
45.6


Бүх (3) асуулт эерэг
10.8
22.4
Авлигын хяналт
Зөвхөн 2 нь эерэг
27.9
20.0


Зөвхөн 1 нь эерэг
35.1
21.0


Бүх (3) асуулт эерэг
26.4
29.3
Өрсөлдөөн
Зөвхөн 2 нь эерэг
35.9
32.4


Зөвхөн 1 нь эерэг
23.3
23.0


Бүх (3) асуулт эерэг
26.8
7.7
Сонгуулийн оролцоо
Зөвхөн 2 нь эерэг
40.1
21.7


Зөвхөн 1 нь эерэг
25.1
51.2
Улс төрийн сонирхол
Бүх (2) асуулт эерэг
57.1
45.6


Зөвхөн 1 нь эерэг
34.6
37.1
Улс төрийн үр ашиг
Бүх (2) асуулт эерэг
18.0
11.7


Зөвхөн 1 нь эерэг
52.4
40.0


Бүх (3) асуулт эерэг
7.6
10.0
Босоо хариуцлага
Зөвхөн 2 нь эерэг
35.3
33.0


Зөвхөн 1 нь эерэг
39.8
31.9
Хөндлөн хариуцлага
Бүх (2) асуулт эерэг
13.0
28.3


Зөвхөн 1 нь эерэг
49.9
37.3
Эрх чөлөө
Бүх (2) асуулт эерэг
60.5
60.3


Зөвхөн 1 нь эерэг
25.2
17.3
Тэгш байдал
Бүх (2) асуулт эерэг
14.6
42.5


Зөвхөн 1 нь эерэг
36.3
32.1
Хариуцан тайлагнал
Бүх (2) асуулт эерэг
19.1
27.4


Зөвхөн 1 нь эерэг
49.0
33.0







Эндээс юу харагдаж байна вэ?
·               Ардчиллын чанарыг илтгэх 11 бүлэг хэмжүүр дотроос улс төрийн сонирхол, эрх чөлөө гэсэн хоёр л хэмжүүрийн хувьд хамаарах бүх асуудлаар монголчуудын олонхи нь (57.1-60.5%) эерэг дүгнэлттэй байна.
·               Өрсөлдөөн, сонгуулийн оролцоо гэсэн хоёр бүлэг хэмжүүрээр монголчуудын ¼ хувь нь бүх асуултаар эерэг үнэлгээтэй байна. Үүнд, сонгуулийн оролцооны хэлбэрийн хувьд монголчууд Азийн дундажтай харьцуулахад бараг гурав дахин илүү идэвхтэй дүр зураг харагдана. 
·               Нийт 11 бүлэг хэмжүүрийн долоогийн хувьд монголчуудын бараг 80 хувь (эерэг дүгнэлт 7.6-19.1%) сөрөг үнэлгээтэй байна. Үүнийг асуултаар нь задалбал, төрийн өндөр албан тушаалтнууд хуулиа сахидаггүй, засгийн дээд албан тушаалтнууд авлигад гүн автсан, засгийн институциуд хуулиа дээдэлдэггүй, шүүх нь хүн бүрт ижил ханддаггүй, сонгууль нь сонгогчидод бодит сонголт хийх боломж багатай явагддаг зэрэг улс төрчид, институцид итгэх итгэлийн доогуур түвшинээр илэрхийлэгдэнэ.
·               Бүхэлдээ Азийн бусад улсын дундажтай харьцуулахад нийт 11 хэмжүүрийн 3 нь илүү, 2 нь ойролцоо, үлдсэн 6 нь бага байна. Өөрөөр хэлбэл, монголчууд улс төрийг ихэд сонирхдог, эрх чөлөөг мэдэрч, чухалд тооцдог бөгөөд засгийн байдлын талаар нэлээд шүүмжлэлттэй ханддагийн зэрэгцээ ардчиллын илрэлийн тухайд гутранги байдалтай байдгийг харж болохоор байна.

Ардчиллын чанарын энэхүү хэмжүүрт үзүүлэлтийн байдлыг дүгнэхэд, Монгол улсын улс төрийн шинэ систем нь ардчиллын чанарын түвшингээс нэлээд хол байгааг харуулж байна. Ардчиллын чанарын талаархи энэхүү байдлыг хөндлөнгөөс шинжих үүднээс Дэлхийн банкны засгийн индексийн үзүүлэлтийг давхар харж болно (-2.5 муу, +2.5 сайн). Уг индекс нь нийт 6 бүлэг хэмжүүрээс бүрдэх ба бидний явуулж буй судалгаанд хэрэглэгддэг хэмжүүртэй ойролцоо утгыг илэрхийлдэг тул энэ хүрээнд харьцуулж үзэх боломжтой юм.



Хүснэгт 2
Дэлхийн Банкны Засгийн индекс


1996
1998
2000
2002
2003
2004
2005
2006
2007
2008
Зөрүү
Илэрхийлэл,
хариуцлага
0.46
0.51
0.37
0.33
0.33
0.22
0.04
0.06
0.23
0.24
-0.22
Улс төрийн тогтвортой
байдал
0.58
0.39
0.80
1.06
0.93
0.73
0.93
0.73
0.65
0.35
-0.22
Засгийн үр нөлөө
-0.52
-0.35
-0.35
-0.16
-0.27
-0.45
-0.37
-0.49
-0.69
-0.68
-0.16
Зохицуулалтын чанар
-0.76
-0.11
-0.11
-0.10
-0.37
-0.47
-0.37
-0.29
-0.34
-0.29
0.47
Эрх зүйт ёс
0.06
-0.04
-0.03
0.22
0.06
0.07
-0.21
-0.31
-0.43
-0.54
-0.59
Авлигын хяналт
0.37
-0.32
-0.31
0.08
-0.20
-0.38
-0.51
-0.49
-0.61
-0.62
-0.99

Зөрүү гэдэг нь 1996 ба 2008 оныг харьцуулсан абсолют ялгаа

Дүрс 1



Ардчиллын чанар, ардчилалд хандах хандлагын хамаарал

Ардчиллын чанарын асуудлыг нарийвчилж шинжлэхдээ дараахи асуудал бидэнд илүү практик ач холбогдолтой юм. Үүнд, ардчиллын чанарыг илтгэх хэмжүүрийн аль нь ардчиллыг дэмжих иргэдийн дэмжлэгийн өсөлтөнд илүү нөлөөтэй байна вэ? Иргэдийн улс төрийн үнэт зүйлс ба ардчиллын талаархи үнэлгээ ямар хамааралтай байдаг вэ? зэрэг асуудал үүнд юуны түрүүнд багтана.

АБС-ны ардчиллыг дэмжих иргэдийн норматив дэмжлэг нь олон янзын хэсгүүдээс бүрдэнэ гэсэн угтвар нөхцөлтэй уялдан хийгдсэн. Энэхүү олон хэсгүүд нь дараахи таван хэмжүүрийг агуулна. Үүнд: ардчиллыг хүсэмжлэхүй, илүүд үзэхүй, тохирохуй хийгээд ардчиллын үр ашиг, түүний тэргүүлэх байдал орно. Ардчиллыг хүсэмжлэхүй нь иргэд өөрийн улсыг ардчилсан байгаасай гэж хүсэх хүслийн түвшинг харуулдаг бол ардчиллыг илүүд үзэхүй нь ардчиллыг иргэд үргэлж засгийн бусад хэлбэрээс ямагт илүүд үзэх түвшинг харуулна. Ардчиллын тохиромжтой байдал нь иргэд ардчиллыг өөрийн оронд зохимжтой гэж үзэх байдлыг илтгэдэг бол ардчиллын үр ашиг нь тухайн орны гол тулгамдсан асуудлыг шийдэхэд ардчилсан дэглэм ямар үр нөлөөтэй байгааг илтгэнэ. Харин ардчиллын тэргүүлэх байдал нь ардчилал нь нийгэм дэх бусад зорилгоос хэр зэрэг чухал байгааг харуулна. АБС нь уг таван хэсгийг хэмжих тусгай үзүүлэлтүүдийг бий болгосон юм.

Үүнээс гадна, АБС нь эрх зүйт ёс, эрх, эрх чөлөө, ард түмэнд тайлагнахуй, эрх мэдлийн хуваарилалт зэрэг либерал ардчиллын гол зохицуулагч үнэт зүйлсэд хандах судалгаанд оролцогсдын үнэлэмжийн чиг баримжааг илрүүлэн гаргах асуултыг оруулсан. Дээрхи хэрэгслүүдэд өгөх хариултууд нь иргэдийн либерал ардчиллын хэм хэмжээг баримтлаж буй байдлын агуулга, цар хүрээг харуулна[x].

Хүснэгт 3-т ардчиллын чанарын талаархи олон нийтийн үнэлэлт, төсөөллийг 1. ардчилалд хэр сэтгэл ханамжтай байгаа байдалтай, 2. ардчиллыг дэмжих дэмжлэгтэй, 3. либерал ардчиллын үнэт зүйлсд итгэх итгэлтэй ямар хамааралтай байгааг авч үзнэ.

Тухайлбал, ардчилалд сэтгэл ханамжтай байгаа байдлыг “Манай оронд ардчилал хэрэгжиж буй байдал Таны сэтгэлд хэр нийцэж байна вэ? - Их нийцдэг, Нилээд нийцдэг, Бараг нийцдэгүй, Огт нийцдэггүй” гэсэн дөрвөн хариулттай асуултаар хэмжсэн. Ардчиллын чанарын 11 үндсэн ба дэд хэмжүүрийн дүнг энэхүү 4 онооны шатлалтайгаар хамаарлын коэффициентийг гаргасан. Энэ нь улс төрийн системийн шинж чанарын талаархи олон нийтийн төсөөлөл нь ардчилалд сэтгэл ханамжтай байх байдалд хэрхэн нөлөөлж байгааг харуулах юм. Энэ нь уг төсөөлөл сайн байх тусам сэтгэл ханамж нь өндөр байна гэдгийг харуулна. Үүнтэй нэгэн адил, ардчиллын чанарын төсөөлөл ба ардчиллыг дэмжих дэмжлэг, ардчилсан үнэт зүйлсийн хамаарлын коэффициентийг харж болно. Монгол улсыг Азийн бусад улсын нэгтгэсэн дүнтэй харьцуулах үүднээс хажууд нь байрлуулсан болно. 


Хүснэгт 3

Ардчиллын төсөөллийн хамаарал



  Сэтгэл ханамж
       Дэмжлэг
       Итгэл

Монгол
Ази
Монгол
Ази
Монгол
Ази
Хууль сахигч засаг
0.136**
0.281**
-0.015
0.134**
-0.245**
 -0.189**
Авлигын хяналт
0.138**
0.360**
-0.014
0.175**
 -0.119**
 -0.126**
Өрсөлдөөн
0.074**
0.336**
-0.109**
0.186**
 -0.240**
 -0.251**
Сонгуулийн оролцоо
0.008
0.092**
0.034
0.109**
-0.009
 -0.128**
Улс төрийн сонирхол
-0.003
0.085**
0.130**
0.235**
-0.004
 -0.037**
Улс төрийн үр ашиг
0.157**
0.159**
0.570**
0.659**
0.022
 -0.069**
Босоо хариуцлага
0.047
0.135**
-0.046
0.106**
 -0.075*
 -0.060**
Хөндлөн хариуцлага
0.099**
0.260**
-0.022
0.140**
 -0.089**
 -0.045**
Эрх чөлөө
0.065*
0.140**
0.029
0.089**
 -0.203**
 -0.217**
Тэгш байдал
0.099**
0.283**
-0.016
0.116**
 -0.129**
 -0.251**
Хариуцан тайлагнал
0.165**
0.383**
0.004
0.200**
 -0.153**
 -0.245**







** Хамаарал нь 0.01 түвшинд зөвшөөрөгдөнө



* Хамаарал нь 0.05 түвшинд зөвшөөрөгдөнө




Эндээс юуг ажиглаж болох вэ?
·      Азийн улсуудын нэгтгэсэн үзүүлэлтээс бидний харьцуулж буй сэтгэл ханамж, дэмжлэг болон бүгд 11 хэмжүүрийн хамаарлын   коэффициент нь статистикийн хувьд зөвшөөрөгдөх түвшинд ба эерэг чигтэй байгаа бол итгэл нь мөн зөвшөөрөгдөх түвшинд, харин урвуу чигтэй байна. Өөрөөр хэлбэл, либерал ардчилсан үнэт зүйлсэд итгэх итгэл нэмэгдэх тусам улс төрийн системийн бүрдэл хэсгүүдэд илүү шүүмжлэлтэй ханддаг байна.
·      Монгол улсын хувьд Азийн нэгтгэсэн коэффициентээс доогуур үзүүлэлт ажиглагдаж байна. Мөн сэтгэл ханамжийн хувьд нийт 11-ээс 8, дэмжлэгийн хувьд 3, итгэлийн хувьд 8 хэмжүүрийн хамаарал зөвшөөрөгдөх түвшинд багтаж байна. 
·      Харьцуулж буй гурван үзэгдлийн корреляцийн коэффициентийн дийлэнхийн хувьд ардчиллын талаархи монголчуудын төсөөлөл нь ардчилалд хандах хандлагад тийм ч их нөлөөтэй байж чадахгүй дүр зураг харагдана. Энэ нь юуны түрүүнд монголчууд ардчиллын чанарын талаар нилэнхүйдээ доогуур үнэлгээ өгсөнтэй холбоотой. Хоёрт, иргэдийн хүлээлт илүү өндөр, ингэснээр одоогийн байдалд сэтгэл ханамжгүй байгааг тэмдэглэх хэрэгтэй.
·      Бүхэлдээ, монголчуудын хувьд хариуцан тайлагнал, авлигыг хянах, хууль сахидаг байх зэрэг нь ардчилалд сэтгэл ханамжтай байх явдлыг, харин улс төрийн үр ашигт байдал, улс төрийг сонирхох түвшин ардчиллыг дэмжих дэмжлэгтэй тус тус хамааралтай гэдгийг эндээс харж болно. 


Ардчиллын чанарын ач холбогдол

Монголчуудын хувьд ардчиллыг дэмжих дэмжлэгт аль бие даасан хувьсагч илүү чухал байгааг шинжлэх нь магадгүй илүү практик ач холбогдолтой байх. Үүний тулд дээр дурьдагдсан ардчиллын чанарын 11 хэмжүүр тус бүрийн нийлбэр оноон дээр либерал ардчиллын үнэт зүйлсийн нийлбэр, мөн эдийн засгийн нөхцөл байдлын талаархи монголчуудын үнэлгээг (улс орны ба өрх гэрийн) нэмсэн болно. Үүнд регрессийн шинжилгээ хэрэглэсэн. Хүснэгтэн дээр буй тоо нь иргэдийн ардчиллыг дэмжих дэмжлэгийн түвшинг тодорхойлох хувьсагч бүрийн ач холбогдлын эрэмблэл юм. Хамгийн чухал хүчин зүйл нь 1 гэж тэмдэглэгдсэн болно. Зарим хувьсагч нь статистик зөвшөөрөгдөх түвшинд байхгүй тул дугаарлагдаагүй. Монгол улсын дүр зураг ямар байгааг харьцуулах үүднээс мөн Азийн эрэмблэлийг хажуу баганад оруулсан болно.

(Хүснэгт 4 энд)


Ардчиллын чанарын хэмжүүр
Монгол
Ази
Хууль сахигч засаг


Авлигын хяналт

6
Өрсөлдөөн
3
3
Сонгуулийн оролцоо


Улс төрийн сонирхол
2
1
Улс төрийн үр ашиг

5
Босоо хариуцлага

7
Хөндлөн хариуцлага


Эрх чөлөө
4
10
Тэгш байдал


Хариуцан тайлагнал

4
Эдийн засгийн нөхцөл


Улсын эдийн засаг
5
8
Өрх гэрийн эдийн засаг

9
Либерал ардчиллын үнэт зүйлс
1
2

Энд юу ажиглагдаж байна вэ?
·      Ардчиллыг дэмжих дэмжлэгийг тодорхойлох хүчин зүйлс дотроос бүхэлдээ иргэний соёл гол үндэс болж байна.

Иргэний соёлын бүрдэл хэсэгт улс төрийн сонирхол, либерал ардчиллын үнэт зүйлсэд итгэх итгэл, улс төрийн үр ашгийн тухай мэдрэмж багтана. Ардчиллын чанарыг тодорхойлох хувьсагч дотор Азийн хувьд эдгээр нь ач холбогдлоороо 1, 2, 5 дугаарт жагссан байна. Улс төрийг анхаардаг иргэд ардчиллыг илүү дэмждэг байна. Либерал ардчилсан үнэт зүйлсэд төгс итгэдэг хүмүүс ардчиллыг дэмжихдээ илүү байна. Монголчуудын хувьд иргэний соёлын бүрдэл хэсгийн хоёр нь эхний хоёрт жагсчээ.

·      Азийн улсуудтай харьцуулахад монголчуудад эрх чөлөөний ойлголт ардчилалтай шууд холбоотой тодорхойлох хүчин зүйл болж байна. Эрх чөлөө нь ардчиллын суурь утгыг илэрхийлэх элемент болдог утгаараа бидэнд энэхүү үзүүлэлт чухал мэдээлэл өгч байна.

·      Ардчиллын дэмжлэгийг бий болгоход эдийн засгийн баялгаас илүү либерал ардчиллын үнэт зүйлсийг хангах нь чухал байгаа нь харагдаж байна.

Уг үнэт зүйлс дотор өрсөлдөөн, хариуцан тайлагнал, авлигыг хянах, босоо хариуцлага, эрх чөлөө орно. Азид эдгээр нь чухал тодорхойлох хувьсагчийн хувьд 3, 4, 6, 7, 10 дугаарт жагсажээ. Монголчуудын хувьд эдгээр дотроос өрсөлдөөн, эрх чөлөө нь 3, 4 дугаар байрт ач холбогдлоороо орж байна.

·      Ардчиллыг дэмжих дэмжлэгийг хангахад улс орны болон хувь хүний эдийн засгийн байдал хамгийн чухал хүчин зүйл биш байна.

Нийт бүс нутгийн хувьд эдгээр нь ач холбогдлоороо 8, 9 дугаарт орсон. Ардчилал судлаачийн дунд ардчиллыг дэмжих дэмжлэгийг бий болгохын тулд эд баялгаар хангах нь улс төрийн баялгаар хангахаас илүү чухал уу, үгүй юу гэсэн мэтгэлцээн явдаг. АБС-ны энэхүү дүн нь иргэд эдийн засгийн болон улс төрийн үзүүлэлтийн ялгааг харах чадвартай байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжил хангалтгүй гэж үзсэн ч улс төрийн үр дагаварынх нь төлөө ардчиллыг үнэлэх боломжтой гэдгийг харуулж байна. Монголчуудын хувьд энэхүү хувьсагч нь ач холбогдлоороо айргийн тавд багтсан болно.

Ерөнхий дүгнэлт

Ардчилал бол монголчуудын сонгосон улс төрийн систем. Үүнээс ухрах асуудал байхгүй боловч ардчиллын чанарыг хэрхэн ахиулах нь харин анхаарах асуудал болсоор байна. Ардчиллын өөрийнх нь амин сүнс болсон утгаараа, ард түмний дунд ардчиллыг дэмжидэг, ардчилалд итгэл төгс хэсэг олонхи болох нь үзүүлэлтийн хувьд хамгийн чухал. Энэхүү судалгаанаас харахад, эрх зүйт ёс, засаг төрийн хяналт, хариуцан тайлагнал зэрэг засгийн институцитэй холбоотой хэмжүүрүүд энэхүү дэмжлэгийг нөхцөлдүүлэх хүчин зүйлсийн жагсаалтад ороогүй байна. Эдгээр нь ардчиллын илрэлийн чухал тээгч боловч олон нийтийн дунд ардчиллыг дэмжих дэмжлэгийг нөхцөлдүүлэхгүй байгаа нь анхаарал татах учиртай. Дэлхийн банкны үзүүлэлтийг эргэн саная. Хоёр зууны заагаас эхлэн засгийн бүх үзүүлэлт өндөөр бүгд муудсан .

Тийм учраас, ардчилсан институцийг ардчилсан байдлаар ажиллуулдаг болгох нь Монгол улсын хөгжлийн тулгамдсан асуудал болж байна. Ардчиллыг шинээр тогтоосон ихэнхи орнуудад буй энэхүү байдлын нийтлэг дүр зураг Монголд бас байна.

АБС-ны туршлагаас харахад ардчиллын чанарыг үлэмж хэмжээгээр тодорхойлдог дор хаяж гурван чухал хүчин зүйл байна. Нэгдүгээрт, олон нийтийн улс төрийн соёл. Хэрвээ дийлэнхи иргэд улс төрийн үйл явцад анхааралтай хандаж, эрх чөлөө, хязгаарлагдмал төр, ардчилсан тайлагнах ёс, эрх зүйт төр зэрэг зарчмуудыг тууштай баримтлаж байвал төрийн албан тушаалтнууд сайн засгийн ёс горимыг дагахаас өөр аргагүй болно. Хувь хүний эрх чөлөөнд халдсан, хууль бус үйлдэл хийсэн, авлига авсан төрийн албан хаагчид сонгуулиар байр сууриа алдана хэмээн санаа зовинох болно. Хоёрдугаарт, улс төрийн элитүүд. Улс орны оюун санаа, соёл, бизнес, нийгмийн байгууллагуудын манлайлагчид болон төрийн бүх гол удирдагчид ардчиллын хэм хэмжээ, ёс горимыг баримтлахгүй бол ардчиллын чанар муу байх нь гарцаагүй. Эцэст нь, иргэний нийгэм мөн ардчиллын чанарыг тодорхойлоход чухал үүрэгтэй. Хүчтэй иргэний нийгэм, иргэний байгууллын уламжлал нь улс төрчид, намуудыг ардчилалд түлхэх амин чухал нөхцөл юм. Ийм иргэний нийгэм нь бүхэлдээ төрийн албан хаагчдийг хүчтэй хянан шахах, шаардах хүч болдог билээ.



8


[i] Äàðààõè á¿òýýë¿¿äèéã æèøýýëýí õàðíà óó:
Richard Gunther, Nikiforos Diamandouros and Hans-Jurgen Puhle, eds. The Politics of Democratic Consolidation: Southern Europe in Comparative Perspective (Baltimore: The Johns Hopkins University Press, 1995); Juan J. Linz and Alfred Stepan, Problems of DemocraticTransition and Consolidation: Southern Europe, Latin America, and Post-Communist Europe (Baltimore: Johns Hopkins University Press, 1996), Leonardo Morlino, Democracy Between Consolidation and Crisis. Parties, Groups and Citizens in Southern Europe, (Oxford: Oxford University Press, 1998), and Larry Diamond, Developing Democracy: Toward Consolidation (Baltimore: Johns Hopkins University Press, 1999).
[ii] Philippe Schmitter, “The Ambiguous Virtues of Accountability,” in Larry Diamond and Leonardo Morlino eds., Assessing Quality of Democracy (Johns Hopkins University Press, 2005): 18-31.
[iii] Michael Bratton and Robert Mattes. "Support for Democracy In Africa: Intrinsic Or Instrumental?" British Journal of Political Science 31 (2001): 447-474; Eric Chang and Yun-han Chu, “Political Corruption and Institutional Trust in East Asia,” Journal of Politics, 68, 2 (May 2006).
[iv] Larry Diamond and Leonardo, “Introduction” in Larry Diamond and Leonardo eds. Assessing Quality of Democracy (2005): x-xi.
[v] Зүүн Азийн Барометр. Улс төрийн Боловсролын Академи, 2005: 20-41 дэх тал
[vi] Азийн Барометр Судалгааны дэлгэрэнгүйг www.asianbarometer.org сайтнаас үзнэ үү.
[vii] АБС-ны хүрээнд зохиогдсон Бага хурлын материал дээр тулгуурлав. Эдгээрийг УТБА-иас эрхлэн нийтэлсэн “Зүүн Азийн Барометр” 2005, “Азийн Барометр” 2008 номноос дэлгэрүүлэн харж болно.
[viii] Монгол улсад уг судалгаа 2003, 2006 онд хийгдсэн. Энд танилцуулж буй үзүүлэлт нь 2006 оных юм.
[ix] АБС-ны II шатанд хамрагдсан Япон, БНСУ, Тайван, Филиппин, Тайланд, Индонези, Сингапур, Малайзи, Хонг-Конг, Вьетнамын нийлбэр дундаж.
[x] Fu Hu and Yun-han Chu. "Neo-Authoritarianism, Polarized Conflict and Populism in a Newly Democratizing Regime: Taiwan’s Emerging Mass Politics." Journal of Contemporary China, 5, 11 (1996): 23-41.



No comments:

Post a Comment