Friday, January 11, 2013

Доноровын БАТСҮХ-ын Говийн нууц

ТЭРГYYН БYЛЭГ

ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР


1. Ертөнцийн сүйрэл

Эдүгээ ”Астроид” хэмээн нэрлэгдэх болсон аварга том хатуу биет олон сая жилийн өмнө харанхуй сансрын гүнээс дэлхийд нисэн ирж аймшигт сүйрэл тарьжээ

Бүгчим халуун чийглэг агаар орчинг нөмөрч, зулай төөнөн шарах наран тэнгэрт цоргин цайрна. Том том навчис нь далбайн унжих урт наст аварга мод, ургамал бүхий үзэсгэлэнт төгөл тэртээд хүрэнтэх сүрлэг уулсын үзэмжтэй хослох нь нэн гайхамшигтай. Ширэнгэ ойн гүнд хавийн амьтад сүүдэр бараадан шургалж, нарны хурц гэрлээс хоргодон нуугдахыг хичээх аж. Араатнуудын тулалдах чимээ алсад гэнэт цуурайтахад сэг горьдсон сарьсан далавчит махчин шувууд залхуутайгаар хөөрөөд буцаж буув. Тэнгэрт үүлс хаа нэг хөвөх нь үзэгдэвч нарыг халхалж үл чадна.
Тэр цухал, нозоорсон орчлонг улам халаах гэсэн мэт хурц гэрэлт зүйл улааран хүрэнтэх тэнгэрийн умард зүгээс агшин зуур тодрон гарч ирэхийг анзаарсан зарим амьтад мэгдэн үргэж өндөлзөв. Төдөлгүй агаар долгилж газар дэлхийг цочоон салхин хуй дэгдлээ.
Ийнхүү нэгэн их эрин үеийг үүрд сөнөөх аюул нүүрлэн буйг олонх нь үл зөгнөөд, харин ч үлээх салхийг нь таатай сорсоор. Гэвч энэ бол олон олон амьдралын сүүлчийн амьсгал байлаа. Тэнгэрээс сум адил нисэн ирсэн тэрхүү галт бөмбөг хэдхэн хурмын дотор ертөнцийг орвонгоор нь эргүүлж, аймшигт сүйрэлд хэрхэн оруулсанг үгээр илэрхийлэхийн арга үгүй ажээ.
Олон сая жилийн тэртээд мөнх тэнгэрээс дэлхийд нисэн ирсэн тэрхүү биетийг одоо нэгэнт астроид хэмээн нэрлэх болжээ.
Харин энэ аюулт сүйрлийн гэрч болсон хэн нэгэн сая сая жилийн өмнө харанхуй сансрын гүнд уулга алдсанг өдгөө хэн ч үл мэднэ.


2. Монголд ажиллахаар шийджээ

Багш бүсгүй алс холын Монгол оронд очиж ажиллах замыг сонголоо

Зөөгч бүсгүй тэдний захиалсан кофе, бялууг авч ирэхэд Бетти, Пол хоёрын яриа хэдийнээ өрнөөд байв.
- Заавал Монгол руу явах ямар учир байгаа юм бэ? Ядаж Япон эсвэл Тайвань явахгүй дээ. Эндээс илүү ойрхон, тэгээд ч хөгжсөн улс. Би ч ажлаар хааяа очоод байх газар юм биш үү? Эсвэл чи надад ерөөсөө сэтгэлгүй болчихоод холдохоор шийдэв үү? Яагаад ийм шийдвэр гэнэт гаргаж орхив оо хэмээн өөдөөс нь инээмсэглэн ширтэх залуухан, царайлаг бүсгүйгээс гомдож цухалдсан хоолойгоор Пол асуув. Пол хэмээх өндөр чийрэг биетэй, хөгжөөнтэй сэргэлэн энэ залуу эр бол Беттид сэтгэл алдан дурласан хүн билээ.
- Би чамд хайртайг чи өөрөө мэднэ шүү дээ. Телефон утас, электрон шуудан, интернет гээд бүх л төрлийн холбоо харилцаа байхад бид нэг дороо хамт байгаа юм шиг л байнга харилцаатай байх боломжтой шүү дээ гэж Бетти инээмсэглэн хариулав.
Тэр өөрийнх нь хэлснийг Пол хэрхэн хүлээн авч буйг ажиглан сууснаа ”Сурсан мэргэжлээ амьдрал дээр туршиж үзэхийг үнэхээр их хүсч, яарч байна. Тэгээд ч би тэнд ердөө л хоёр жил багшлах гэрээ байгуулсан. Магадгүй чи ажлаар Монголд яваад очиж болохгүй гэж үү? Монголыг ертөнцийн хязгаар гэдэг. Тэнд очиж үзэхсэн гэж би яагаад ч юм бүр багаасаа хүсдэг байлаа. Англи хэл заах багшийг сонгон шалгаруулахад арай л гэж тэнцлээ шүү дээ” хэмээн бахархангуй өнгөөр хэлээд ”Энэ тухайгаа чамд гэнэтхэн дуулгаж баярлуулна даа гэж бодсон юмсан” хэмээн Бетти аягатай кофегоо ширтэнгээ намуухан дуугаар тунирхан хариулав.
Бетти ч Полд сэтгэлтэй. Гэхдээ амьдралаа цэгцэлж байж хамт амьдрах тухай ярина гэж хатуу боддог бүсгүй. Түүний энэ зөрүүд гэмээр зан нь ямагт зөв шийдвэр гаргахад нь нөлөөлдөгт өөрөө ч итгэлтэй явдаг юм.
- Би чиний энэ бодолтой ер санаа нийлэхгүй байна. Харин ч надтай хамт үлдээгүйд чинь гомдолтой л байна. Гэвч чи нэгэнт тэгэж шийдсэн хойно би одоо яах ч билээ. Сайн яваад хурдан эргэж ирээрэй. Би чамайг их л санах байх даа хэмээн инээмсэглээд гарыг нь зөөлөн атгавал Бетти ч мөн инээмсэглэн,
- Миний хүслийг дэмжинэ гэдэгт чинь итгэж байсан юм. Чамдаа баярлалаа. Магадгүй бид Монголд хуримын аялалаа хийх ч юм билүү. Би чамд сонин ихтэй захиа байнга бичиж байх болно гээд хариу атгажээ.

3. Хөдөө суманд

Бетти Монголын хөдөө нутагт томилогджээ. Санасныг бодвол түүнд энэ газар таалагдав

Сумын засаг даргын алба, амьгүй унадаг брезентэн бүрээс нь гандаж цайрсан УАЗ-469 машин сумын Улаан булан хэмээх өндөр босготой шавар байшингийн хойгуур тойрч замгүй газраар дэгдэгнэн гарч ирэв. Машин явсаар цонхондоо модон хаалт бүхий орос маягийн хийцтэй шавар байшинд тулж зогссон нь Бетти багшийн суух байр ажээ. Тэрэгнээс гурван хүн буусан нь Засаг даргын жолооч Ухнаа, Бетти багш мөн сумын дунд сургуулийн захирал Баасан нар байлаа.
Тэднийг байшинд орж очиход Должин хөгшин өрөөнүүдийг цэмцийтэл цэвэрлэчихээд түлхүүрийг нь өгөхөөр хүлээж суулаа. Гадаа машин ирэх чимээнээр цонхны цаанаас цухалзан байсан тэрээр яаран босч,
- Сайн явж ирцгээв үү? хэмээн эелдэгээр мэндлээд Беттиг хэсэгхэн сонжин харснаа таалагдав бололтой толгой дохиод Баасангийн зүг эргэж,
- Захирал багшаа, хотоос бага хүү Баяраа маань ач охиныг минь дагуулаад ирж гэнэ. Тэгээд намайг дуудуулахаар хажуу айлын жаалхүүг гүйлгэсэн байна. Би одоо харьж болох уу? хэмээвэл,
- Бид сайн явж ирлээ. За, Баяраа маань ирээ юу? Дараа очиж хотын сонин дуулдаг хэрэг ээ. Должин гуай, та энэ байрыг сайхан засаж цэвэрлэсэн байна шүү. Танд их баярлалаа гэснээ Беттигийн зүг гараараа дохин,
- Энэ хүн бол манай сургуульд англи хэлний багшаар ажиллахаар ирж буй өнөө хүн чинь шүү дээ. Нэр нь Бетти гээд Бетти багшид хандан,
- Энэ эмэгтэй бол манай сургуулийн тогооч Должин гэдэг хүн. Манай сургуулийг анх байгуулагдах үеэс л эхлэн ажилласан ахмад ажилтан. Тэтгэвэртээ суусан хэдий ч одоо хүртэл манай гал тогоог хариуцдаг юм. Өнөөдөр таныг ирэх сургаар байрыг тань тохижуулж янзлахаар ирээд байгаа нь энэ. Хоол унд, түлээ модны талаар түүнтэй харьцаж байгаарай гэж англиар хэлэв.
Бетти түүний яриаг сонсонгоо толгой дохиод Должин гуайд хандан,
- Та сайн байна уу? гэж монголоор сунжруулан хэлснээ ”Таньтай танилцсандаа таатай байна. Таньд баярлалаа” гээд Должин гуайтай мэндлэхээр гараа сунгавал хөгшин сандран гараа энгэртээ шудраад багшийн гарыг барин ”Дараасчий” гэвэл захирал, жолооч хоёр тас тас хөхрөв. Захирал Бетти багшид,
- Тэр таньтай орос хэлээр мэндлэж байна. Манай Должин гуай ч удахгүй таньтай англиар ярьдаг болох байхаа гэснээ,
- За, Должин гуай та харьж болно. Хүүдээ миний мэндийг дамжуулаарай. Орой сургууль дээр хүлээн авалттай тул эртхэн ирэхийг бодоорой гэж хэлээд цаад өрөөнд оров.
Том өрөөнд цонхны ойролцоо ширээ, хоёр сандал, булангийн тавиур дээр зурагт байрлуулж жижиг өрөөний нэг хананд төмөр ор тулган тавиад нөгөө хананд хуучны дугуй толь өлгөжээ. Гал тогоондоо ширээ, сандал мөн ширмэн зуухтай юм. Ариун цэврийн өрөө нь үүдний дэргэд байна. Өрөөнүүдийг багшид танилцуулан байрны тавилга сэлтийг нягтлан бүртгэж явахдаа цонхны тавцанг хуруугаараа арчиж шалгаад сэтгэл ханасан захирал багш,
- За, багш аа ингээд төвхнөж дээ. Манай сумын сургуульд урьд нэг орос хэл, уран зохиолын багш ажиллаж байснаас хойш гадаадаас хүн ирээгүй юм. Тэр багш мөн л энэ байранд амьдарч байсан. Түүнийг буцахад нь хүүхдүүд байтугай бид хүртэл дасчихаад их хэцүү байсан шүү хэмээн бодолхийлэн хэлээд нүдний булангаар багшийг сэм шинжив.
- Хэрэв танд хэрэгтэй зүйл гарвал бидэнд мэдэгдэнэ биз. Хичээл эхэлтэл долоо хоногийн хугацаа байна. Маргаашнаас таныг дагуулж нутаг орноо танилцуулна аа гээд цонхны дэргэд очиж,
- Тэр харагдаж буй цагаан байшин бол манай сумын захиргааны байр гэж дээвэр дээрээ төрийн далбай хийсгэсэн намхан дээвэртэй навтгар цагаан байшинг заав. Тэгээд цаад өрөө рүү дагуулан орж нөгөө талын цонхоор харуулаад,
- Харин тэр бол манай сургууль. Цаадах нь сурагчдын дотуур байр байгаа юм гэж эгнэсэн гэрүүдийн захад зэрэгцэх сумандаа л сүр нэмсэн цагаан тоосгон хоёр давхар байшин болон намхан урт шавар байшинг зааж танилцуулав.
Тэр байшингийн ойролцоох уяанд хэдэн морьд, ганц нэг тэмээ уяатай байх бөгөөд хүүхдүүд бужигнах нь хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн тул сурагчдаа бүртгэж буй хэрэг аж.
- Өнөө орой 6 цагаас сургуулийн хэмжээнд бүх багш, ажилтнууд оролцсон хүлээн авалт болно. Бид таныг урьж байна гээд жолоочын барьж орж ирсэн багахан савтай зүйлийг авч ”Би танд хөдөөнөөс айраг авсан юм” гэж хэлээд өгөв. Тэгээд ”Өөр зүйлгүй бол орой уулзья” гэвэл,
- Энэ байр надад их таалагдаж байна, захирал аа. Танд их баярлалаа. Хэрэв өөр юм хэрэгтэй болбол явцдаа хэлнээ. Айраг өгсөнд байрлалаа. Их сайхан ундаа гэж сонссон гээд ”Харин байрандаа телефон утас тавиулах боломж бий болов уу?” гэв. Захирал хэсэг бодоод,
- Энд харин бага зэрэг бэрхшээл бий дээ. Манай сум чинь уртаашаа 48 телефонтой газар. Гэвч би тэр талаар холбооны хүмүүстэй уулзаж лавлая гээд гарахад багш ч төвхнөхөөр эргэв.
4. Тэмдэглэлийн хуучин дэвтэр

Хөдөөгийн айл хадгалж байсан хуучны тэмдэглэлийн дэвтрийг багш бүсгүйд уншуулахаар өгөв

Англи хэлний багш Бетти Монголд жил гаран болохдоо Монгол хэлийг нутгийн аялгатай нь хүртэл ярьж сурсанд сумын төвийнхөн хөгшин залуугүй ихэд гайхан шагширч, хүндлэн бишрэх болжээ. Тэр энэ хугацаанд сурагчдынхаа гэрээр байнга очиж Англи хэлний дадлага хийлгэх тул бараг айл бүрээр орсоор бүхний танил болсон билээ.
Бетти хаа ч таарсан эелдгээр инээмсэглэн толгой дохиж өдөртөө хэд дахин мэндэлдгийг хөдөөгийнхөн анхандаа их л хачирхан ярилцдаг байв. Төдөлгүй тэд өөрсдөө түүнтэй хаа таарсан газраа ‘’Хай!‘’ хэмээн хариу мэндэлцгээх болжээ. Тэр ч бүү хэл хот, хөдөөнөөс ирсэн хүмүүстэй хамт явах үед нь Бетти багш таарвал барааны газраас шахуу хашгиран мэндэлж, ийм танилтай болсноороо гайхуулна.
Энэ орой Бетти урьдынхаараа сургуулийн тогооч Должин хөгшнийд иржээ. Түүний ач охин Баярмаа нь энэ жил зургаадугаар ангийн сурагч юм. Хичээлдээ идэвхтэй тул багш нь түүнтэй англиар ярилцах тун дуртай.
Өнөөдөр тэдний гэрийн хойморт байгаа хуучин бүдгэрсэн арслантай хүрэн авдар дээрх зургийн жаазнаас хэдэн зураг сонгон хэлний дасгалаа хийв.
- Энэ хоёр хүн хэн бэ? Их сайхан зураг байна шүү, тийм үү?
- Тиймээ сайхан зураг. Энэ зогсож буй эрэгтэй нь миний аав. Түүнийг Баяр гэдэг. Тэр инженер хүн. Хажууд суугаа нь миний ээж Цэцэгээ. Тэр эмч. Энэ зургийг Москвад сурч байхдаа авахуулсан юм. Одоо Улаанбаатар хотод миний дүү Жаргалтай хамт амьдардаг. Тэд бүгдээрээ удахгүй намайг эргэж ирнэ гэж Баярмаа бага зэрэг түгдрэн үгээ тод дуудахаар мэрийж хариулав.
- Чи яагаад тэдэнтэйгээ хамт амьдардаггүй юм бэ? Эмээгээ асарч байгаа юм уу? гэж багшийгаа асуухад,
- Тиймээ, эмээ маань ганцаараа байхад хэцүү тул би Тулгаа ахыг цэргээс иртэл түүнтэй хамт байхаар шийдээд энд ирсэн. Аав, ээж хоёр ч зөвшөөрсөн юм. Тулгаа бол миний авга ахын хүү нь юм гэж хариуллаа.
- Өө, тийм үү? Сайн байна. Эмээ чинь чамайг ажилсаг гэж үргэлж магтдаг юм. Чи Англи хэл сайн сурч байна шүү. Лав сургуульдаа тэргүүлнэ гэж би боддог. Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ? гэвэл,
- Би Улаанбаатар хотод байхдаа англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурч байсан юм. Ирээдүйд түүхч болохыг мөрөөддөг гэв.
- Тийм үү? Энэ их сайхан мэргэжил шүү гээд Бетти багш жаазан дахь зургуудийг сонирхон харж байснаа шарлаж бүдгэрсэн хуучны нэгэн зургийг заан,
- Энэ бүрх малгайтай, дээл өмссөн хүн хэн бэ? Хэдэн онд авахуулсан зураг юм бол? Их л хуучны зураг бололтой гэв.
- Энэ хүн бол эмээгийн аав. Бараг хувьсгалын үеийн зураг гэнэлээ. 1920-иод оны эхэн байхаа. Говьд судалгаа хийж байсан Америк хүн энэ зургийг авч өгсөн гэдэг гэж эмээ хэлдэг юм хэмээн хариулаад, эмээ рүүгээ хандан,
- Эмээ, аавыг тань хэн гэдэг байсан юм бэ? гэж асуув.
Хөгшин тэдний ярилцахыг сонирхонгоо зууханд гал асаан, цай буцалгахаар бөгтийж сууснаа,
- Юу гэнээ хүүхээ гэвэл,
- Эмээ, энэ зураг дээрх хүн таны аав биз дээ? Түүнийг хэн гэдэг байсан юм бэ? гэж ач охин нь түүнд сонсогдохоор чанга хэлэв.
Тэгтэл Должин эмгэн нэгийг санан уулга алдаж,
- Ээ, буян нь дэлгэр гэж, багшид үзүүлнэ гэж бодоод уулзахаараа л мунгинаад мартчихдаг юмаа сая саналаа гээч. Зөнөг хөгшин чинь таныг харахаараа юу билээ гэж тархиа гашилтал бодоод олдоггүй байсан юм. Өнөө ... юу ... наад хөгшнөөс чинь үлдсэн зүйл байгаа юм. Алив Баярмаа охин минь дэрэн дороос юу ... түлхүүр аваад өг гэв.
Баярмаа явган ширээний араас год хийн босч эмээгийнхээ орны гудсыг сөхөн суран оосортой түлхүүрийг нь авч өгөнгөө инээмсэглэн,
- Эмээ таньд тийм чухал юм бас байдаг гэж үү? Эмээ ч ер нь их жоортой хүн дээ гэвэл,
- Байлгүй яахав. Тэр бүү хэл их чухал юм бий шүү гээд хөгшин зуухныхаа урдаас өвдөг тулан өндийв.
Тэгээд авдрынхаа өмнө бөгтийн очиж доторхыг нь нууж буй бололтой халхласхийн зогсоод ёроолд нь юм тожигнуулснаа их л нямбайлан баадагнасан зүйл гаргаад бушуухан хааж орхив.
Өнөөхөө мунгинасаар задлаж дотроос нь хатуу ширэн хавтастай хуучин цагийн тэмдэглэлийн зузаан дэвтэр, шарлаж бүдгэрсэн гэрэл зургууд, суран зүүлтэнд нь хэлхсэн оньсон тоглоомын оньс шиг хэлбэртэй нэгэн чулуун сийлбэр, дугтуйтай захиа зэрэг зүйлс гаргаж ирэв. Эмгэн тэднийгээ өвөр дээрээ дэлгээд гараа дээр нь тавьж,
- Наад зураг дээрх хар хүн чинь миний эцэг Нацаг гэж хүн байгаа юм. Тухайн үедээ л их эрдэи номтой хүн байжээ. Зайлуул эсэргүүний жил баривчлагдаад сураггүй болсон юм гэнэлээ. Цаазлуулсан гэж яригддаг байлаа. Ум ма ни бад мэ хум гэж амандаа залбираад хойш эргэн авдар дээрх модон гуутай бурханы өмнөх гуулин хүрдийг их л сүжигтэйгээр имрэн эргүүлээд буцаж суув. Ийнхүү хэсэг зуур маань, тарни амандаа уншин залбираад,
- Гэнэт баривчилсан тул ээжтэй минь ч тухтай ярилцаж, захиас үгээ хэлж амжаагүй гэдэг. Ногоон малгайтнууд аавыг найзындаа байхад нь барьж гэрээр нь дөнгөж нэг оруулаад л авч одсон нь тэр байж. Унтаж байсан намайг үнэрлэнгээ энэ дэвтэр юмсыг ээжид сэм сануулаад ”Хэрэв би эргэж ирэхгүй бол түүнийг охиндоо насанд хүрэхээр нь өгөөрэй. Чухал тэмдэглэл байгаа юм. Миний охины үед л уншигдах учиртай гэж өнөө муу Онгоо хөгшний мэргэнд буусан юм шүү. Эрдэм номтой сайн хүн болгож, өсгөж хүмүүжүүлээрэй” гэж захисан байж. Гэтэл ааваас хойш ээжийн минь амьдрал орвонгоороо эргэж ядарч, туйлдан явсаар нутгийнхаа нэгэн хар хүнтэй нийлж гэр бүл болоод хөдөө амьдарснаар миний эрдэм номтой хүн болох хөг өнгөрч бага ангийн боловсролтой л хоцорсон. Ээж маань намайг анхны хүүгээ төрүүлэхэд энэ зүйлийг надад өгч билээ. Тэр цагаас хойш ер задлаагүй юм. Одоо та нарын үед уншиж үзэж болох байхаа гээд өнөөхөө багшид барив.
Бетти захианы дугтуй дээрх бичгийг сонирхон уншаад,
- Энэ бол Америкийн Нэгдсэн Улсын Yндэсний Газар зүйн Нийгэмлэгийн судлаач эрдэмтэн Ричард гэж хүний захиа байна гээд ”Ноён Нацагийн гарт хүргүүлэв” гэж хаяглажээ хэмээн орчуулж өгөв.
Захидал Монгол нутагт хийсэн өөрийн судалгааны ажилд хэлмэрч, газарчаар явсан Нацагт талархал илэрхийлэхийн ялдамд аян замын тэмдэглэл хөтлөн явсан дэвтрээ түүнд хүргүүлэв. Энэ дэвтрийг Монголд үлдээх ёстой бөгөөд тэдэнд тохиолдсон гайхалтай явдлуудыг цаг нь ирэх хүртэл өөртөө нууцлан хадгалсаар байх болно. Тэгэж чадна гэдгээ сэтгэлтэй байсан бүсгүйнхээ дурсгалыг хүндэлж түүний нэр төрөөр батлана гэсэн утгатай байлаа.
Дээрх хаяг дээр нэгтгэж тавьсанг үзлээ. Баярлалаа. Гэхдээ одоо илүү ойлгомжтой болгож зассан байдлаар нь би оруулж байгаа юм. Тэгэхээр энэ нь арай гайгүй болсон байх учиртай. Өмнөхийг нь шууд зохиогоод биччихсэн тул авцалдаагүй зүйл нилээд байсан билээ. За тэгээд уншиж сонирхоно уу.

Батсүх ах


5. Хоёр сар мандав

”Yл мэдэгдэх нисдэг биет”-ийг хөдөө газар санамсаргүй үзэв

Бүрэнхий болтол ярилцаж суусан Беттиг харихаар өндийхөд Баярмаа цугтаа гарав. Тэд замдаа тэр дэвтрийг Должин гуай хэрхэн өдийг хүртэл нандигнан хадгалж чадваа хэмээн гайхан ярилцаж явлаа. Тэгтэл Бетти хойт уулан дээр зээрэнцэг хэлбэртэй дугуй зүйл хуйлран эргэлдсэн гэрэлт дүрс үүсгээд агаарт дэнлүү адил тогтож байхыг анзаарчээ. Тэр анхандаа ”Ямар том сар вэ? Өнөөдөр билгийн тооллын арван таван юм байхдаа” гэж бодтол тэнгэрт өөр нэг буюу жинхэнэ сар харагдав. Хөгшнийхөөс авсан дэвтрээ бушуухан харьж уншихсан хэмээн догдлон явсан түүнийг энэ үзэгдэл саатуулж сонирхолыг нь татлаа.
Тэнгэрт бий болсон хуурамч ”Сар” тэнхлэгээрээ нар зөв жигд аажмаар эргэлдэн тэднийг ажиглах мэт байснаа гэнэт дээш хөөрч үүлний араар орчихов. Энэ үед ямар нэгэн дуу чимээ гарсангүй. Yүл рүү нисэн орсон түүний хойноос чандмань байрлалтай гэрэл даган хөөрч холдох тутамд гэрэлтүүлэх хүрээ нь өргөсөн тэлсээр хэсэгтээ орчныг гийгүүлээд замхарчээ.
”Багшийгаа гэрт нь дөхүүлж өг” гэсэн эмээгийнхээ үгээр хамт гарч ирсэн Баярмаа багадаа үүнийг нэг удаа харснаа өгүүлээд ер авч хэлэлцэхгүй байх нь Беттиг гайхшруулж байв.
- Энэ ер нь бөмбөгөн аянга эсвэл агаарын хуйларсан урсгал байхаа. Олон жилийн өмнө эмээгийндээ хэд хоногоор ирээд байхдаа үүнийг бас энэ газар харсан. Манай энэ хавийнхан энэ зүйлийг цаг агаар дулаарах, хүйтрэхтэй холбож ярьдаг юм. Би сургуульд ороод бөмбөгөн аянга зэрэг байгалийн зарим үзэгдлийн талаар уншиж мэдсэн гэж Баярмаа хэлэв.
Харин Беттигийн хувьд дэвшүүлэх ямар нэгэн санаа байсангүй тул ”Арай үл мэдэгдэх нисдэг биет гэдэг нь энэ биш биз” хэмээн бодоод,
- Yүнийг үзсэн хүн энд олон байдаг уу? хэмээн эргэлзэн асуувал,
- Олон биш байхаа. Гэхдээ үзсэн гэж зарим нэг хүмүүс ярьдаг юм. Харин настангууд энэ тухай ярихаас цээрлэдэг гэж хариулжээ.
Багшийгаа байрных нь ойролцоо дөхүүлж өгөөд,
- Багшаа та сайхан амраарай гээд эргэтэл Бетти,
- Охин минь болгоомжтой яваарай, баярлалаа баяртай, сайхан амраарай гээд үдшийн бүрэнхийд цайран бүртийж тооноор нь гэрэл шаргалтан цацрах гэрийнхээ зүг хормой дэрвүүлэн гүйж одсон шавиа инээмсэглэн харж басхүү саяхан тохиолдсон тэр сонин үзэгдлийг эрэгцүүлэн зогссоноо гарт байгаа зүйлээ тэмтрэн санамагц байрлуугаа эргэв.

6. Ричардын тэмдэглэл

Сонирхолтой тэмдэглэлийг уншиж эхлэв

Бетти байрандаа ирээд өнөө дэвтрийг уншихаар ширээнийхээ ард тухлан суув. Он цагийн аясаар хуучирч удсанаас хатуурч шарласан хуудсуудыг болгоомжтой нээхгүй бол урагдаж, хугарам болжээ. Дэвтрийн хавтасны завсарт зузаан цаастай хуучин цагийн фото зураг хавчуулсан байлаа.
Эхний зурагт дэрэвгэр хүрээт бүрх малгай духдуулж, дугуй рамтай нүдний шил зүүсэн, ухаалаг дөлгөөн нүд нь номын хүн болохыг илтгэх залуугийн хөгжилтэй мишээсэн зураг байв. Түүний ард ”1918 он Египет, Гиза хөндий” гэсэн бичиг байлаа. Түүний дор Ричард гэжээ.
Нөгөө зураг дээр тэрбээр урт өтгөн хар гэзгээ энгэрээрээ гогцооруулж мөр давуулан шидсэн үеийнхээ Монгол залуутай байх бөгөөд ард нь хуучин монгол бичгээр хэдэн үг бичсэний хажууд ”Нацаг бид хоёр” гэжээ. Монгол залуу нь Должин гуайнд зураг нь байсан хүн байв.
Беттид Ричардын зураг нэг л танил юм шиг санагдахад хэсэг ажиглаад инээмсэглэн ширээн дээр өрсөн номнуудынхаа өмнөх Полын зургийг түшүүлэн тавиад тэмдэглэлийн дэвтрийн эхний хуудсыг нээн дараах зүйлсийг уншиж эхлэв.

Манай экспедицийн үндсэн зорилго бол Төв Азийн өнөөгийн хээр тал, говь нутагт хадгалагдан үлдсэн эртний амьтан, ургамлын үлдцийг судлан баримт цуглуулах, тэдний мөхлийн шалтгааны талаар дүгнэлт гаргах явдал байв. Энэ удаагийн судалгааны аялалыг Yндэсний Газар зүйн Хүрээлэнгээс санаачилж, санхүүжүүлэхээр шийдсэн үндсэн шалтгаан бол өмнө нь Египетэд хийсэн миний судалгааны ажлыг сайнаар үнэлсэн явдал байлаа. Иймд миний бие болон манай багийнхан энэ саналыг дуртай хүлээн авч билээ.
Манай аялалын талаар шийдвэр гарч батлагдахын өмнөхөн ажлын өрөөнд маань болсон нэгэн уулзалт намайг их догдлуулсан юм. Учир нь Төв Азийн нүүдэлчин улсуудыг нэгтгэн түүхэнд хамгийн өргөн уудам нутаг дэвсгэртэй хаант улсыг байгуулж чадсан Монголын их хаан Чингисийн бунхан шарил бидний судалгаа хийх газрын орчимд байж болзошгүй гэсэн таамаглал төрсөн явдал билээ. Ийнхүү үндсэн судалгааныхаа ажлын хажуугаар одоог хүртэл илрээгүй байгаа тэр нууцийг нээх юмсан гэсэн сонирхол давхар бий болсон юм.
Бороо шивэрсэн тэр орой Монгол руу явахад шаардагдах бичиг баримтаа цэгцэлж, албан бичигтэй танилцан, газрын зураг судлаж суух үед хаалга тогшин орж ирсэн хүн бол Оливер гэгч байв. Тэрбээр урт цув нөмөрч, ганган цэвэрхэн хувцаслан бүрх малгай тавьсан дэгжин эр байх бөгөөд барьж ирсэн шүхрээс нь шалан дээр дуслах усыг хараад зовсон шинжтэй мэндэлж билээ.
Надтай нэр ус мэдэлцэн танилцмагц цуваа тайлж өлгүүрт өлгөөд нүүрэмгий хүний зангаар миний ширээний дэргэдэх сандалд сууж болохыг лавлав.
Би түүнд зөвшөөрөөд ханын шүүгээнээс виски гарган хундагалах уу хэмээн дохивол тэр зөвшөөрлөө. Ингээд бидний яриа эхлэв

гэж эхний хуудсанд бичжээ.
Бетти тэмдэглэлийг улам шимтэн унших тусам тэнд өгүүлж буй үйл явдлууд нүднийх нь өмнүүр кино адил хөврөн харагдах шиг болж байлаа.
7. Таамаглал

Монголд хийх эрдэм шинжилгээний аяллын хэсэгт хамтран оролцогчид нэмэгдэв

Оливер бол соёлтой, боловсон хүн бөгөөд нэлээн чинээлэг боловч их даруухан эелдэг хүн байв. Тэрээр ”Монголын нууц товчоо” хэмээх номын барласан хуулбарыг үзүүлээд,
- Энэ түүхийн бичээст нүүдэлчин улсуудыг нэгтгэн их Монгол улсыг байгуулж, ойр хавийнхаа улс орнуудыг эрхэндээ оруулан захирч байсан их хаан Чингис, түүний удам угсаа, үр хойчийнхны тухай өгүүлсэн байдаг.
Энэ ном эртний домогт зохиол, түүхийн хураангуй мэтээр бичигдсэн бөгөөд хүн төрөлхтөний оюуны соёлын санд асар том байр суурийг эзлэх бүтээлийн нэг мөн гэдэгт би эргэлзэхгүй. Миний бие өөрийн сүйт бүсгүйнхээ хамтаар үүнийг олон жил судлаж байна.
Монгол хэлээр боловч Хятад үсгээр хадан бичсэн анхны гэгдэх эх байдаг ч Уйгар бичгээр Монгол хэл дээр бичигдсэн жинхэнэ эх нь байж болзошгүй номын хуулбарыг олж авах завшаан бидэнд таарч билээ. Одоо бидний үзэж буй энэ ном бол тэрнээс хуулж авсан хуулбар нь юм гээд Араб маягийн хэлбэртэй боловч босоо бичгээр их л уран бичсэн ном үзүүлэв. Тэгээд ”Энэ ном бол тэр их хааны амьдралын түүх байдлаар эртний нүүдэлчин ард түмнээс хүн төрөлхтөнд илгээсэн оньсогот захидал байгаа юм” гэх зэргээр тайлбарлан ярьсан нь надад тун ч сонирхолтой байлаа. Цааш нь ”Суурин улс орнуудын адил нүүдэлчид агуу гайхамшигт барилга байгууламж, гүүр, далан, хэрэм цайз босгоогүй хэдий ч тэд түүхийн урт хугацаанд оюун санааны бүтээл хэлбэрээр өөрийн гүн ухаан, сэтгэхүйн агуу соёлын өвийг бий болгон үлдээсэн ажээ. Түүний нэг баримт нь энэ ном байгаа юм” гэв.
Оливер уг номонд бичигдсэн зарим өгүүлбэр, шүлгийн далд утга санааг жишээ болгон их л итгэлтэйгээр хичээнгүйлэн тайлбарлаж байсан нь яг л Библийн сургаалыг түгээн номлогчид шиг санагдаж байлаа.
Тэрээр Библид анхны хүмүүс болох Адам, Ева хоёр хорт жимс идсэнээр шидээ алдсан гэдэг бол Монголын нууц товчооны нэг хувилбар болох Алтан товч гэдэгт эрт цагт хүмүүс хувилж төрдөг, мөнх наст, огторгуйгаар явагч байснаа хорт идээнээс болж шидээ алдсан гэж бичсэн байдаг нь гайхалтай төстэй юм гэж ярьсан нь тун сонирхолтой байв.
Маргааш нь мань хүн дахин ирж газрын зураг дээр заан Чингис хаан нас нөхцөхөд түүний шарилыг хойт зүгт авч одсон гэх боловч их элсэн говийг туулж чадалгүй замдаа үлдээсэн байх магадлалтайг өгүүлсэн юм. Тэгээд ”Өнөөг хүртэл олдоогүй байгаа тэр их хүний шарил говьд хаа нэгтээ бидний таамаглаж буй үл мэдэгдэх соёл иргэншлийн байгуулсан байж болох нууцлаг газарт хадгалагдсан байхыг үгүйсгэхгүй. Магадгүй тэр байгууламж одоо ч хэвээрээ байж болно” гэж билээ.
Yүний зэрэгцээ тэрхүү номонд бичсэн зарим нэгэн нэр, томъёо, оньсого мэт тайлбарыг өгүүлж тэдгээр нь үл мэдэгдэх соёл иргэншлийн тухай бичигдсэн хийгээд тэр үеийн хүмүүс тэдэнтэй хэрхэн харьцаж байсан тухай үлгэрийн мэт зүйлс ярив. Тухайлбал, Гондваны эх газар задарч эхлэх үед сансраас ирсэн гийчид дэлхийд галав юүлэх эхлэлийг тавьсан. Тэр цагаас хойш ертөнцийн амьдрал байнга эргэж урваж байх болжээ. Дэлхийд хүн төрөлхтөнтэй адил ухамсар, сэтгэхүйтэй амьтан бүхий хэд хэдэн эрин үе үүсч байсан ч анх ирсэн гийчдийн үлдээсэн нууцад нэвтрэн хүрмэгц тэдний заасан аргаар гаргах эрчим хүчийг түрүүлж эзэмшихээр хоорондоо өрсөлдөн тулалдаж мөхсөөр байжээ. Энэ нь цаг хугацааны тодорхой хуулиар давтагдаж байсан бөгөөд мөдхөн манай эрин үед тохиох тэр мөчлөг нь ирэх юм. Тэр тухай далд утгаар өгүүлсэн байдаг эртний олон судрууд болон бидэнд олдоод байгаа ”Монголын нууц товчоо”-ны сүүлийн эх хувиуд учир битүүлгээр алга болж оронд нь засварлагдсан хуулбар нь үлджээ гээд ийм хэлбэрээр бичигдсэн эртний өрнө дорны нэлээн хэдэн үлгэр домог, сурвалж бичгээр жишээ татан ухуулав.
Ингээд миний судалгааны ажилд эрс өөр нэгэн сонин санаа бий болж Монголд очих хүслийг минь улам татсан юм.
Тэрээр энэ удаагийн аялалд сүйт бүсгүй Сюзантайгаа хамт явах боломж олгохыг хүсч, хичээнгүйлэн шалсаар надаар зөвшөөрүүлж дөнгөсөн ба харин зардлаа өөрсдөө хариуцахаа амласан билээ. Төдөлгүй тэдэн дээр Оливерын туслах бөгөөд дагуул Том хэмээх хүдэр чийрэг негр эр мөн нэмэгдсэн юм.
Yнэн хэрэгтээ Оливер бол бизнесмен байсан бөгөөд Монголд газрын тос, алт эрдэнэсийн орд хайх зорилготой байж харин сүйт бүсгүй Сюзан нь түүний дээр ярьсан таамаглалуудыг дэвшүүлсэн болох нь Монголд ирсэний дараахан л шууд мэдэгдсэн юм.

8. Уулзалт

Домог судлаач Сюзантай танилцав

Судалгааны ангийнхан Монголын зүг хөдлөхийн өмнөхөн бид бяцхан үдэшлэг зохион байгуулж билээ. Энэ цайллаганд манай удирдлагууд, аялалын багийнхан болоод бусад зочид ирсэний дотор Оливер, түүний сүйт бүсгүй Сюзан нар байлаа.
Yнэнийг хэлэхэд би Сюзаныг анх тэнд хармагцаа л өөрийн эрхгүй сэтгэл алдарсан юм. Судалгааны ангийн Монголд хийх аялалын зорилго, явах зам чиглэл, хугацааны талаар ерөнхийлөн танилцуулж байх үед зочдын ширээний захад суусан Оливерын дэргэд намайг сонжсон шинжтэй ширтэх залуухан бүсгүйг олж харав. Тэр үед голдуу эрчүүд цугласан тул тэрээр онцгойрон харагдахын зэрэгцээ миний яриаг инээмсэглэн маш анхааралтай сонсох нь энд зөвхөн бид хоёр л байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж билээ.
Yдэшлэгийн дундуур Оливер биднийг танилцуулав. Би Сюзантай мэндлэж гарыг нь үнсвэл тэрээр тэвдсэн бололтой харц буруулж байсан нь санаанаас гардаггүй юм.
- Таньтай танилцсандаа таатай байна. Манай шинжилгээний ангийн аялах зам, очих газар орны нөхцөл хүндэвтэр байх нь тодорхой бөгөөд энэ аялалд оролцохоор зориг шулуудсаныг тань биширч байна гэж намайг хэлэхэд,
- Би ч таньтай уулзан танилцсандаа таатай байна. Танай ангийнхантай цуг аялах эрх олгосон танд Оливерын өмнөөс болон хувиасаа талархахын ялдамд судлаач бид чинь сонирхсон зүйл рүүгээ тэмүүлсэн үедээ ямар ч зам туулан хүрдэг чадвартайг та надаар хэлүүлэлтгүй мэдэх хүн шүү дээ гэж билээ. Би ингэж анх Сюзантай танилцсан юм. Анх би түүнийг их л эмзэгхэн биетэй, ямбалаг бүсгүй юм гэж бодож байсан бол аялалын явцад тохиолдсон бэрхшээлийг эрчүүдтэй адилхан давж байсанд нь бахархах болсон юм даа.
9. Их цагаан хэрмийн хаалгаар гарав

Эртний Хятад газрын хил дээр уулзсан анхны Монгол хүмүүс

Өглөөний наран тэнгэрийн хаяаг улааруулан мандаж эхлэв. Хятадууд хэдийнээ ажил, албандаа жигдэрчээ. Эртний Хятадын уран барилгын дурсгал төдийгүй ертөнцийн түүхэнд бүтээгдсэн гайхамшгуудын нэг болох урт цагаан хэрэм байгалийн үзэсгэлэнтэй хослон нэн сүртэй болоод ихэмсэг орших нь түүний хормойд бужигнах олныг үл тоомсорлох мэт.
Энэ их аварга цогцолборыг хойт зүгийн дайчин нүүдэлчдээс хамгаалахаар бүр Цингий хаанчлалын үед хилийн зурвас хэмээн барьж эхэлсэн юм гэдэг.
Ричард нар хэрмийн хаалганы орчимд бужигнах олныг дохиогоо хангинуулан зайчилж чихэлдсээр гарч ирэхэд тэднийг монголын нутгаар газарчлан, хэлмэрчээр ажиллах Нацаг хэмээх залуу тосч угтаад ойролцоо хүлээж байсан Өвөр Монголын Хошуу захирагч Тогтох болон түүний бараа бологчдын зүгт дагуулан аваачив.
Нацаг бол монгол эрийн бүх л сайхан төрхийг биедээ шингээсэн гуч орчим насны хүн бөгөөд түүний өтгөн хөмсөг, хурц тунгалаг нүдийг харсан залуу бүсгүйчүүл өөрийн эрхгүй эргэн харах аж. Хүрэн чисчүү дээл дээр угалзан эмжээртэй хөх хантааз өмсөж тийм өнгийн дөрвөн талт эсгий малгай хазгай тавьсан нь тун зохижээ.
Тогтох ноёнтон машины цуваа болон тэдний араас ачаагаа дааж ядан зүтгэж буй илжгээ гуядан гүйлдэх хятад ажилчдыг хараад малгайгаа засвал бусад нь дор бүрнээ багахан хөдөлгөөнд орж зочдоо угтахаар хичээнгүйлэн бэлдэв.
Ричард тэргэнээс бууж угтагчдад мэхийн ёслоод хүн бүртэй гар барин золгов. Энэ үед тэдний яриаг Сюзан орчуулж байлаа.
Тийнхүү хэсэг саатаад ноёны бэлтгэсэн зоогийн өргөө бүхий ойролцоох өндөрлөгийн орой дээрх дэн буудалд морилов.
Тэндхийн зоогийн өргөөний цонхоор харагдах уулын хяр даган алсалсан их цагаан хэрэм зураг шиг байх нь өөрийн эрхгүй сэтгэлд нэгийг бодуулж түүний тухай хэлцэхгүй суухын арга үгүй болгоно.
Ричард энэ хэрмийн талаар олонтоо уншсан хэдий ч эдүүгээ нүдээр үзэхэд нэн сүрлэг ажээ. Тэрээр эрхгүй бишрэн,
- Их хэрэм хичнээн олон хүний, ямар их хүч хөдөлмөрөөр, хэр урт хугацаанд байгуулагдсан юм болоо хэмээн хэлээд “Хятад орны хаа ч явсан нэг өрх айлаас эхлээд нэгэн хэсэг суурин газар хүртэл тус бүртээ хэрэм хайсаар хүрээлэгдсэн байх юм. Тэд ингэж юм бүхнийг хашаа, хэрмээр хүрээлсэн байхад нүүдэлчин Монголчуудад ер тийм зүйл байдаггүй гэж сонссон. Бидний байгаа газраас Гадаад Монголын хил хүртэл хэдий хугацаа шаардагдах бол?” хэмээн асуувал Хошуу ноён Тогтох,
- Их хэрэм бол нүүдэлчин аймгуудаас хятадууд улс гүрнээ хамгаалах зорилгоор олон сая хүний хүчээр 2000 гаруй жилийн тэртээх эртний их Цинь гүрний үеэс эхлэн байгуулж байгаад хэсэг орхиод Хан гүрний үед үргэлжлүүлэн Мин гүрний үе хүргэсэн юм гэдэг. Тэр үед илүү идэвхтэй барьж байгаад хэсэг хугацаанд зогсчээ. Гэвч энэ их барилгын ажил бүрмөсөн зогсоогүй Хятад хүний ухаанаар сөөм сөөмөөр өнөөдөр хүртэл үргэлжилж байдаг юм. Хятадууд гэр орноосоо эхлээд улс орноо хүртэл бусдаас тусгаарлан ханан хэрмээр хүрээлүүлдэг нь танай газрын цайз хотуудтай ч адил юмуу даа хэмээвэл бүгд “Тийм, тийм” хэмээн баталж хөгжилдөн хөхрөлдөв.
Нацаг нэмэж “Хятадууд энэ хэрмийг “Түмэн газрын цагаан хэрэм” гэдэг. Ли буюу газар гэдэг хэмжээс нь барууны мил гэдэг нэгжийн гуравны нэгтэй ойролцоо юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ хэрмийн урт тэр хэмжээнээс хамаагүй урт билээ” гэж хэлэв.
Тогтох ноён цааш нь “Суурин соёл иргэншил, нүүдлийн соёл иргэншил эрс ялгаатай байдаг шиг хүмүүсийнх нь сэтгэхүй ч өөр юм даа” гэв. Түүний яриаг орчуулж байсан Сюзан цааш нь нэмэж,
- Цинь гүрэн МЭӨ 250 гаруй жилийн өмнө оршиж байсан улс юм. Түүний дараах улс болох Хан улсын үед эдүүгээ Азийн олон оронд хэрэглэж буй Ханз үсгийн нэгдсэн зурлага хэлбэржин тогтож түгсэн байдаг. Энэ агуу том барилга байгууламж тэр эртний үеэс эхлэн баригдсаар Их Монгол улсыг байгуулсан Чингисийн ач хүү Хубилай цэцэн хааны үүсгэсэн их эзэнт гүрэн болох Юань улс цаашлаад түүний дараах улс болох Мин гүрний үе хүртэл эрчим нь буурсаар орхисон гэдэг. Учир нь нүүдэлчдийг зөвхөн хэрмээр тусгаарлах аргагүй юм гэдгийг ойлгосон юм бизээ хэмээн тайлбарлахад Тогтох тэргүүтэнд Нацаг уламжлан орчуулж байлаа.
Сюзаныг тийнхүү ярьж дуусмагц Тогтох ноёнтон гэртээ байгаа хүний зангаар суудалдаа хойш налайн өтгөн хар сахлаа нэгэнтээ шувтраад,
- Ингээд бодохоор хэрмээс гадагш нь Монгол нутаг юм шүү дээ. Харин монголчууд маань эдүүгээ Дотоод, Гадаад Монгол болж хуваагдаад байна. Гадаад Монголын хил хүртэл хэдэн өдрийн ажил бий дээ. Хурдан унаагаар тань бол юу байх вэ, харин энэ хэдэн илжгээр бол ч мөдгүй биз дээ хэмээн хөгжөөгөөд “Тэнд цаг төр үймээнтэй байгаа дуулдсан. Хойт зүгийн Цагаан хаант Орос улсын замаар хаант төрөө халахаар оролдож байгаа гэнэ. Одоо Гадаад Монголд хоёр, гурван төр засгийн газар байгуулагдаад хоорондоо тэмцэж байна. Та нарын ажил энэ их үймээний үеэр давхцахнээ дээ. Иймд та бүхэн сэрэмжтэй явж шинжилгээ судалгаагаа эндэлгүй сайн бүтээгээд буцаж ирэхэд чинь баяртай уулзахын ерөөл тавья даа” хэмээв.
Тэдний яриаг их л сонирхон сонсож суусан Ханс хэмээх үргэлж тэмдэглэл хөтөлж явдаг ургамал судлаач эр,
- Цинь улсын үед энэхүү “Түмэн газрын цагаан хэрэм” гэгч хилийг байгуулж байхад Монголчууд ямар нэртэй байсан юм бол? хэмээн нийтийн дунд асуулт тавихад “Тэр үед Дун ху дараахан нь Хүннү гэсэн нүүдэлчдийн хүчирхэг гүрэн улсууд байжээ. Тэд төр улсаа байгуулж нэр алдраа дуурсгасанг олон судар бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг билээ” хэмээн Тогтох ноёнтон хариу айлдав.
- Одоо тэгэхээр бид чинь Хятадын ямар гээч гүрний үед ирчихээд байгаа хэрэг вэ хэмээн улам сонирхвол, Сюзан түүнд хандан,
- 1911 оныг хүртэл Хятад төдийгүй Монгол улс ч Да Чин хэмээх Манж улсын захиргаанд байсан юм. Тэр үед Чин гүрний үе гэж байгаад одоо нэгэнт Хятад улс хэмээн нэрлэгдэх болжээ гэвэл Тогтох ноёнтон түүний яриаг дэмжин толгой дохиж суув.
Аян замынхаа талаар төлөвлөн бодолхийлж суусан Ричард,
- Биднийг Ар Монголд очиход өөр хүмүүс тосон цаашид хамт явах юм биз дээ? хэмээн өгүүлэхэд Тогтох ноёнтон тэднийг хэрмийн гадна тоссон залууг зааж,
- Тэр залуу эр та нарыг Ар Монгол нутагт хүргээд цааш хамт явах хүн байгаа юм. Түүнийг Нацаг гэдэг. Нацаг бол Англи, Хятад, Орос, Төвд хэлтэй хүн. Тэр Ар Монголын Судар бичгийн хүрээлэн хэмээх газраас томилогдсон хүн. Та нарт Гадаад Монголын нутгаар явахад чинь хэлмэрчлэн газарчлах үүрэгтэй юм гэв.
Тийнхүү хэлэлцэж суух зуур хүмүүс шуугилдан үймээн үүсэв. Сонирхон ажвал тэднийг гадаа хүлээж байсан хятад ажилчдыг замд тээг боллоо хэмээн Европ хувцастай Ази хүн гоёл болгон барьж явдаг бололтой таягаараа зодсон ажээ. Тэр эрхмийг үүдэнд тоссон хятад үйлчлэгч нахилзан уучлал хүсээд өргөх шахан хаалгаар оруулав. Тэгээд шуугиан үүсгэсэнд тооцогдсон ажилчдыг гартаа барьсан дэвүүрээрээ дохин цаашаа холдоцгоо хэмээн хөөжээ. Тийнхүү гадаах байдал төдөлгүй цэгцэрч манай зочид суудалдаа эргэн сууцгаалаа.
Өөрийнх нь ажилчдыг дээрэлхсэн өнөөх хүнд Ричард гомдсон бололтой бухимдан суухыг анзаарсан Тогтох ноёнтон,
- Япончууд Хятадуудад их дээрэнгүй ханддаг юм. Гэвч үүнд муу юм огт бодсоны хэрэггүй. Энд бараг энгийн явдал мэт сурчихсан. Ойрын хэдэн жил Япончууд Их Монгол улс байгуулна, тэгээд Манж, Хятад, Монголгүй захирч заана гэж хэсэг бужигнуулсан юм. Тэр нь одоо ч намдаагүй байгаа. Иймд энэ мэтэд анхаарал хандуулан зовохын хэрэггүй, харин энэхүү жүнзээр та бүхний аяны дөрөөг мялаан ажлын амжилт хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу, гамбэй гэлээ.
Ийнхүү тэд энгийн яриандаа шилжив. Тэдний суугаа танхимын эсрэг талын танхимд суусан хүмүүс бүгд Япончууд бололтой. Тэдний нэг болох өнөөх богинохон үстэй намхан тагдгар хүн Ричардыг суудлаасаа сонжин ширтэх аж. Тэр харц тулах бүрт ёсорхогоор тонголзон мэндлэх нь саяны ширүүн эр мөн гэж үү хэмээн эргэлзмээр.
10. Аян эхлэв

Ар Монголын өмнөд хошууны Засаг ноёныд шинжилгээний ангийнхан зочлов

Уудам талыг сэрээж өглөө эртлэн давхих цуварсан гурван машины сүүдэр алслан сунайж эрчлэн эргэлдэх дугуйгаараа онгон хөрсөнд хос мөр үлдээнэ. Ричардын багийнхан Гадаад Монголын хил нэвтэрснээс хойш нэг хоног өнгөрчээ. Аяншиж ядарсан хэдий ч төлөвлөсөн ажил тулсан тул хэсэг нөхдөө дагуулан Хошууны Засаг ноёныг зорьж яваа нь энэ билээ. Бүрхүүлгүй задгай эдгээр машины хамарт Америк улсын төрийн далбааг бэхэлсэн нь сүр оруулжээ. Урьд ер үзээгүй тэрхүү сүрт цувааг шилбүүр барьсан сайран хөлт бүсгүй гайхан саравчилж зогсоно. Дэргэдүүр нь өнгөрөхдөө Хенри дэггүйтэн дохиогоо дуугаргаж орхисонд хонь, ямаа нь үргэн бутрах нь тэрээ. Бүсгүй хэдийгээр өөрөө бондгос хийн цочсон боловч сандран үймэх малаа хараад эрээлж нэрэлхэлгүйгээр элгээ тэврэн тас тас хөхрөн тонголзсоор хоцорлоо. Тэд цааш явсаар оройдоо чулуу овоолсон багахан толгойг тойроход цэгцтэйхэн барьсан хэсэг гэр, байр хашаа бүхий Хошууны төв гарч ирэв.
Ноёны өргөөний нэг талд Богд хаант засгийн гурван бүчтэй шар туг, нөгөө талд шинэ засгийн нар сартай улаан туг байрлуулсан нь хачирхалтай харагдах аж.
Ноён тэднийг хатны хамт гадаанаа хүндэтгэн тосоод, өндөр тавцан дээр барьсан том цагаан гэртээ дагуулан орж, урьдчилан зассан ширээнд зочдоо эрэмбээр нь суулгажээ. Ноён отго, жинстэй малгай, торгон хантаазтай, хатан нь эвэртэй малгайгаа өмсөж, сувдан унжлагатай гоёлоор чимжээ. Тэд хоёул эрх зүүсэн байв. Ноёнтон идээ ундаагаар дайлангаа,
- Өнөөдөр бол зуны эхэн сарын шинийн найман бөгөөд энэ өдөр Бурханы гэгээн гэрээс гарч туйл болсны мөргөл ёслолыг үйлдэх, үйлдлийн хурал номыг уншдаг билэгтэй сайн өдрөө. Та бүхэн ийм өдөр аянаа эхэлж буй нь сайныг билэгдэхийн зэрэгцээ, ажил үйлс тань саадгүй бүтэхийн эхлэл бизээ гээд,
- Та бүхний аян замын зорилгыг мунхаг би дуулсаан. Уншиж, үзсэн минь өчүүхэн боловч сонирхон шохоорхох зан маань багагүй билээ. Өнө эртний амьдралыг судлан нээж, ертөнц дэлхийн түүхийг тодруулан буй танай ажил хичнээн агуу болохыг төсөөлвөөс бахархалтай байна.
Манай хошуунаас та бүхний ажилд дэм болгохоор уналга, ачлаганд 100 тэмээ, хоол хүнсэнд зориулж 20 хонь, нас гүйцсэн шар нэгийг өгөхөөр ардын засгийн газартай тохирсон. Үнэ хөлсийг нь Богд хааны жасаанд тушаана. Учир нь эдгээрийг Богд хааны мэдлийн сүргээс гаргаж байгаа юм. Төлбөрийг луут, таягт болон Мэй доллараар тооцно. Гэхдээ эдгээрээс байхгүй бол мөнгөн гулууз эсвэл ембүү байсан ч болох юм. Харин шинэ засгийн тэр цаасан төгрөг одоогоор манай энд гүйлгээ муутай л байна шүү гэв. Тэгээд өөрийн баруун доод талд суусан өндөр туранхай залуу, хүрлэгэр хөх хөгшин хоёрын зүг заан “Өөрийн хүү Гонгор, нутгийн хашир жинч хөх хэмээх Гэндэн нарыг тус тус нэг гал хариуцсан ахлагчаар томилж ажиллуульяа. Гал тус бүрт хоёр хүн туслахаар өгч байна” гэж ширээний доогуурхан суусан хэсэг хүмүүсийн зүг эрүүгээрээ дохин заав.
Тэгснээ үүдэнд цомцойн сууцгаасан хэд рүү занган “Харин эдгээр Хятад хүмүүсээ энэ галуудад тараан хуваарилах эсвэл тусад нь гал болгох эсэхээ өөрсдөө болгооно бизээ. Уг нь хүн хүч сайн бол ажил нугарахдаа амар ч гэсэн та нараас гаргах зардал чирэгдэл их болж байгаа байхдаа” гээд “Миний бие өөрийн өчүүхэн хөрөнгөнөөс атан тэмээ арав, арван гүзээ шар тос, борц, гурил тэргүүтнийг хандивлаж байна. Харин ачлаганд хэрэглэх шат сэлтийг нутгийн урчууд хийж бэлэн болгосон. Мөн танай урьдчилан илгээсэн зургийн дагуу тэмээнд ачих авдруудыг хийлгэж дуусгасан. Та бүхэн гарч болгооно уу” гэв.
Ингээд тэд гадаалж ноёны хашаандах мухлаг дотор өрсөн, үзүүлэхээр ил тавьсан зүйлсийг сонирхов.
Засаг ноён Ричардад хандан,
- Миний бодоход та бүхэн хорин хэдэн өртөө газар явах бололтой. Сайн явбал ч зорьсон газраа сар гарангийн дараа хүрчих байлгүй дээ гэтэл Ричард,
- Энүүхэн хооронд ингэж удах хэрэг үү хэмээн уулга алдав.
Тэдний яриаг анхааралтай чагнаж зогссон Гэндэн түүний сэтгэлийг засах гэвүү “Залуус голдуу байгаа хойно “Идэр халх”-аар явахад юу л удах вэ дээ, тиймээ хө” хэмээн Гонгорын мөрөн дээр алгадан хэлбэл хамт явах болсон Монголчууд нь “Тийм, тийм” гэлцэв. Түүний хэлснийг Нацаг орчуулж өглөө. Ричард сонирхон,
- Энэ тань юу гэсэн утгатай үг вэ? гэв.
Хэрэгт дурлан хүрээлж зогссон авгай хүүхнүүд үүнийг дуулаад тохойгоороо нудралцан дооглон инээлдэж ам хамраа ханцуйгаараа халхалан айлгүйтэж “Хүүшээ, эд нар чинь жинд явахаа мэддэггүй юм байна. Арай хаана хүрэхээ мэдэхгүй яваа улс юм биш биз, хи хи” гэлдэн гоочлов. Хар арьстан хүн насандаа үзээгүй тул Томыг зарим нь гараараа зааж ханцуйндаа нуг нуг инээлдэнэ. Бага хүүхдүүд ээжийнхээ араар нуугдан түгшсэн харцаар түүнийг хялайна. Зарим нь хэлээ гарган дооглов. Гадуур голдуу байсаар пидэн хар болсон эрчүүд ч ёстой л хоёр хэрээ нэгнийхээ харыг гайхав гэгчээр Томыг дагуулан харж гайхширан цагаан шүдээ гарган маасайх аж.
Хөх Гэндэн тэгтэл урагш алхан гарч ирээд гараараа тэнгэрт зааж,
- Шөнө дундаас өмнө тэмээдээ ачаалж марал мичид хөөрөхөд дууссан байх хэрэгтэй. Тэгээд шөнөдөө хөдлөөд маргааш өглөөний нарнаар түр зогсож тэмээдээ шээлгэнэ. Энэ хооронд хүмүүс бэлэн хоол хүнсээ амжиж зооглоно. Ингээд цааш явж үдээс хойхно бууж тэмээгээ хариулж идээшлүүлж, ачаа бараагаа янзлан, хоол хүнсээ зооглоод нар жаргахын урдхан тэмээгээ хурааж ээлжлэн амраад марал мичид хөөрөх үед аянаа дахин үргэлжлүүлдэг юм даа хэмээн сургав. Ноёнтон түүний яриаг дэмжин толгой дохиж байснаа,
- Улс орон маань дотор, гаднаа хулгай, самуунтай байснаа ойрноос цаг төвширч буй боловч та бүхэн замд таарч болох оргодол босуул, их замын дээрэмчдээс хянуур явахаа надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Хэдий эрдэмтэн нар туршлага арвинтай боловч энэ бүхэн болоод байгалийн бэрхшээлээс болгоомжилж явах нь өлзийтэй болов уу? Манай хуучны үгэнд “Хүн хэлэхээс нааш санахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэдэг билээ хэмээн айлдав.
Тэднийг тийнхүү зөвлөхөд Ричард,
- Бид бүхний ажилд бүх талын туслалцаа үзүүлж, зөвлөж, сануулж буй та бүхэнд, танай засгийн газарт талархаж байна. Энэ шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд танай улсын нэр хүнд ертөнцөд цуурайтахын зэрэгцээ, хүн төрөлхтөнд өгүүлж баршгүй чухал, ховор мэдээллийг өгнө гэдэгт найдаж байна. Бид ажил судалгааныхаа талаар шинэ засгийн газар болон Богд хаанд нарийн тодорхой мэдээлэл өгч, зарим баримтыг тушаах гэрээтэй билээ. Хүний мөр гараагүй энэ өргөн уудам нутгаас шинжлэх ухаанд хэрэгтэй сонин хачин зүйл ихийг олж илрүүлэх болно гэдгээ танаар дамжуулан уламжлахдаа таатай байна гэснийг Нацаг орчуулж өглөө.
- Энэ их үйл хэрэгт эмэгтэй хүн ямар зорилгоор оролцож байгааг сонирхож болохсон болов уу? Миний олж сонссоноор та Монгол, Хятад, Түвд хэлийг гаргууд эзэмшсэн хүн юм гэсэн. Хаана ийм арвин эрдэм сурваа? хэмээн Сюзанаас Засаг ноён сонирхон асуув.
- Би Азийн судлалаар Америк нутагтаа суралцаад хожим Хятад, Төвдөд хэлний болон түүхийн судалгааны чиглэлээр хэдэн жил сурсан билээ. Энэ удаагийн судалгааны ажилд найз Оливерийн хамт хэлмэрч, монголын ардын аман болон бичгийн домог, ардын урлагийн судалгаа хийх зорилгоор оролцож байгаа юм гэж тэр хариулав. Ноён сүрхий амьтан байх нь энэ чинь гэсэн харцаар Сюзаныг хараад “Их үйл хэрэгт тань амжилт хүсье” гэв.
Ричард үлэг гүрвэлийн дүрс дуурайлган хийсэн багахан загварыг ноёнд дурсгал болгон баривал тэрээр их л талархан авч эргүүлж тойруулан үзээд “Энэ чинь луу байна шүү дээ. Их сайхан хийсэн эд юм. Танд гялайлаа” гэснээ дэргэдээ зогсоо Гонгорт өгвөл хүү нь түүнийг өргөөнд оруулж тавиад эргэж ирэхдээ морины модон сийлбэр авч иржээ. Түүнийг ноён Ричардад хариу бэлэг болгон барив.
Тэгээд гэрийн гадаа эгнүүлэн зогсоосон машинууд руу очиж,
- Танай энэ унаа ч хүч, хурд сайтай мөн сайхан эд юмаа. Манай хөдөө газар ч хол, ойрын хэрэгцээг ёстой нэг хангана даа. Үнэр танар нь л бэрх эд байна. Нэг ийм юмтай болбол хавийн ноёд надад атаархаж үхэх байхдаа хэмээн ха ха инээснээ, хүний эдлэлд илүү харж сурсан зангаа барьж тэвчилгүй,
- Ойрноос манай Монголын шуудан тээвэрт ийм тэрэг явуулж эхэлсэн гэж сонссон. Энд одоогоор хараахан ирээгүй байна. Тэр жил энэ унааг хятад газар нэг харсансан. Чи ча гэлүү тиймэрхүү нэртэй байсан. Тэр үед амаа арай хийж барьсан юмдаг. Ямар үнэ өртөгтэй эд юм бол доо. Над шиг өчүүхэн амьтан чихэндээ ч итгэмгүй өндөр үнэтэй эд байлгүй дээ гэж хэлэнгээ машиныг тойрон явж өөриймсгөөр илнэ.
Ричард түүнийг инээмсэглэн хараад уг нь танай энд яг тохирох унаа даа. Тань шиг буянтай хүнд нэг байхад юу илүүдэх билээ. Үнэ хөлс нь ч таньд боломжийн болов уу. Мэй доллараар 300 орчмоор үнэлж болох юм. Ганц бэрхшээл нь үүнийг хөдөлгөх тос нь энд олдохгүй байхдаа. Зам гэж бас нэг том асуудал байна. Элст талаар энэ тэрэг туулах чадвар муутай. Иймд энэ удаад бид очих газраа хүртэл элсэн манханг холуур тойрох хэрэг гарахнээ. Тэгэхээр эхэндээ говийн найдвартай унаа тэмээндээ найдахаас аргагүй болж байна гэжээ.
Энэ үед тэдний ярианд Оливер оролцож ”Удахгүй танай энд газрын тосны үйлдвэр байгуулагдаж ийм унааг хүссэн болгон эдлэх цаг ирнэ бизээ. Манайд үүнийг “Каар” гэдэг. Энэ талаар хожим тухтай санал солилцохыг би хүсч байна. Магадгүй бид хамтран ажиллах ч юм билүү. Тэр үед та ийм тэрэг хөлөглөхийг хэн үгүйсгэх билээ” гэв.
Ноён “Каар” гэж амандаа шивнээд, одоохондоо энэ асуудал онц чухал зүйл биш гэж бодсон бололтой машиныг ханцуйгаараа нэг шувтарснаа тэнгэрийн хаяа ширтэн “Маргааш ч сайхан өдөр болохнээ” гэж бодлогоширон хэлэв.
11. Бадарчин

Хээр таарсан явган бадарчин зам зааж цаашдын төөргийг нь айлдав

Шинжилгээний ангийнхан Хошуу ноёныхоос хөдөлснөөс хойш гурав хоножээ. Тэд замдаа саадгүй сайн явж байлаа. Тэдний эргэн тойронд элсэн манхан, хараа цуцам тэгш тал хөндий үргэлжилсээр. Хааяа зээрийн сүрэг үргэн давхилдаж, тэнгэрт элин халих шувуудаас өөр гадны хань гэх юм үл таарах бөгөөд өдөр шөнөгүй явсаар аяншжээ.
Цэлмэг сайхан, тогтуун өдөр болохыг илтгэн үүр манхайн цайж эхлэхэд шинжилгээний ангийнхан тэмээдээ амраахаар зогсов.
Хөх Гэндэн тэргүүтэй хэдэн Монголчууд “шээр, шээр” хэмээн хашгиралдахад аянд явж сурсан тэмээд зэрэг зэргээр сард хийлгэв. Тэмээдийн хөлний хооронд савирах шээс нь ургах нарны гялбаанд шаргалтан гялалзана. Энэ үед хоёр гартаа саваа барьж, үүргэвч үүрсэн навсгар бадарчин хаанаас ч юм гарч ирээд тэднийг сонирхон харж зогсов.
Том түүнийг хармагц гайхшран Ричардаас,
- Энэ их эзгүй талд ганц хүн явж байдаг сониноо. Хаанаас гараад ирдэг эр юм бол? хэмээн асуув. Ричард ч түүнийг сонирхон Нацагийг дуудаад,
- Энэ юун хүн бол? Эзгүй хээр газар ганцаар юу хийж явдаг билээ? хэмээв.
- Энэ хүн бадарчин лам бололтой. Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийсэн иймэрхүү хүмүүс бидний замд цөөнгүй таарах болов уу. Тэд хол газар явгаар явж өргөл, мөргөл хийх, ганцаар даяанчлан бясалгаж буян хураах номын тоо гүйцээх зэрэг олон төрлийн зорилготой байдаг юм. Гэвч энэ хүнийг хэн болох ямар зорилготойг нь асууж үзье гэвэл,
- Тэг, түүнийг дуудаад ир. Газар орны баримжаа, уул усны талаар ч сонирхоё гэж Ричард хэлэв. Түүнийг Нацаг Дамдинд хэлбэл цаадах нь ердөө л,
- Хөөе, тэр хүн, тэр бадарч нааш ир хө. Ноёнтон дуудуулж байна чамайг хэмээн бүдүүн хоолойгоор хашгиран дамжуулав.
Бадарчин түүнийг сонсмогц шогшин ирж Нацагт мөргөөд,
- Эрхэм ноёд амгалан сайн явцгаана уу? Өчүүхэн муу гэлэн миний бие лам багшийнхаа ивээлээр гэмгүй амар явна. Энэ эзгүй талд ганцаардаж яваад та бүхэнтэй таарснаа урд, өдгөөгийн буян минь байжээ хэмээн залбирч бараа болон дагаж явсан билээ хэмээн урсгав.
- Та хаа хүрэхээр яваа хүн бэ? Нутаг орон аль, нэр алдар хэн бэ? Хэрэг зорилго юунд билээ? хэмээн захирангуй дуугаар асуувал, цаашид хэсэг бараадан дагах эрхтэй болох, цаашилбал ганц нэг үмх хоол ундны юм илүүчлэх болов уу хэмээн горьдсон мань бадарчин улам хүндлэнгүй янзтай болж алга хавсран мэхийнгээ даруухан нам дуугаар,
- Нэр Молом гэдэг, Сайн Ноён хан аймгийн Сэцэн Чин Вангийн Хошууны албат ард билээ. Энэ болон хойт насны буян бодож Утайд мөргөхөөр бадарчилж яваа гэмгүй хүн байна. Нутгаас гараад удлаа. Та эрхэм дээдсүүд хаанаас хаа хүрч яваа улс вэ? Бурханы өчүүхэн шавь миний энэ мэт их зүйлийг зориглон лавласан нь гагцхүү цаашид хэр удаан дагалдан та бүхнийг чилээх бол гэсэнд билээ гэвэл,
- За ламтан, бид эрдэм судалгааны ажлаар яваа явуулын улс аа. Баруун хойд зүгт л чиглээд явна даа. Та энэ орчмын нутаг оронг хэр мэдэх билээ, ойр холоор амгалан тайван уу гэж Нацаг асуув. Тэдний яриаг Сюзан орчууллаа.
- Миний бие энэ газар нутгийг муухан гадарланаа. Урьд энэ замаар явж байсан хүмүүсээс ганц нэг зүйл асууж тодруулсан төдий билээ. Би та нарын замаас холгүй салах юм байна. Та бүхэн эндээс хагас өдрийн газарт дуут элсэн манхантай таарах байх. Тэнд их сүртэй сонин хачин дуу чимээ гарч байдаг юм гэнэлээ. Тэндээс цаахан их элсэн дунд сордог элстэй гэдэг. Болгоомжтой явахад илүүдэхгүй бизээ, бас говийн олгой хорхой ч байж магадгүй гэлцдэг шүү гэв.
Хүмүүс олгой хорхой гэхэд урьд сонсож байгаагүй нь ямар амьтан юм бол гэж гайхсан бол түүний тухай дуулсан зарим нь айдаст автжээ. Ричард,
- Олгой хорхой гэдэг чинь ямар янзын амьтан байна даа? гэвэл,
- Энэ амьтанг харсан хүн тун ховор. Харсан хүн амьтан хөшиж орхиод өөрөө түүнрүү яваад очдог юм гэнэ билээ. Би хувьдаа үүнийг домог төдий л юм болов уу гэж боддог шүү хэмээн бадарч хариулав. Ингэхэд ламтан үүнээс өмнө хаагуур, хаагуур явж, хэрхэн аж төрж байвдаа хэмээн Гонгор сонирхвол,
- Хар бага наснаасаа сүм хийдэд сууж номд шамдсаар буян хурааж, зургаан зүйл хамаг амьтны тусыг бодон залбирч суудаг байв. Тэгтэл хэзээ хийсэн нүглийн үрэв тэр жил гэнэт бүх зүйл орвонгоор эргэж билээ. Шашныг мандуулагч, амьтныг жаргаагч шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст Богд гэгээн хааныгаа олноо өргөгдсөний дөрвөн онд мэлмий өвчлөх үед нь монгол улсын хаан болон суух байтугай, хоёр нүдгүй бусдаар хөтлүүлдэг гэж хэлсэн. Эзэн дээдсээ үл хүндэтгэн доромжилсон гэж хилс гүтгүүлдэг юм байна. Тэгэхэд олныг үймүүлж цуу яриа тараасан гэж гэлэн Намнан, Сүрэнжав нарыг Богдын зарлигаар цаазаар аваачсанг та бүхэн сонссон бизээ. Гэтэл тэдэнтэй эвсэн гэгээнтнийгээ “*а*а*” түвд хэмээн муу хэлж байсан гэгдэж есөн эрүү тулгуулснаар үхэх шахаж байж арай гэж амьтай голтой үлдсэн хүн билээ. Түүнээс хойш гэмээ арилган нүглээ нимгэлэхээр ийнхүү хэрэн хэсч явах болсон бадарч даа гэв.
- “Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар баастай” гэдэг. Элдэв шид тарнитай ч гэдэг, мэргэн түргэн ч гэлцдэг юм. Үүнээс хол байсан нь дээр дээ хэмээн бүдүүн Дамдин сүжиг муутайхан дуугарч сануулав.
- Бадарчин гуай та бидний аян замын төөргийг хэлж өгөөч гэж Гэндэн гуайг алга хавсран хүсэхийг харсан Дамдин ханцуйгаараа “Шал худал” гэсэн байртай сэвж орхиод майжганан холдлоо.
Бадарчин нэрэлхэж барьсангүй өврөөсөө нямбайлж зангидсан алчуур авч задлан есөн зоос гаргаж шигшин гараа амандаа ойртууланж тарни шивнээд алгандаа эгнүүлэн өрөв. Зооснуудыг хэсэг ширтээд батлах гэсэн бололтой дахин хольж сэгсрээд буцааж алган дээрээ эгнүүлэв.
- Та бүхний ажил төрөл бүтэмжтэй сайн байхнээ. Зорьсон хэргээ төгс сайн гүйцэтгэх юм байна. Харин танай зарим хүмүүсийг их сонин хувь тавилан хүлээж байх юм даа гэв.
- Бидний замд ямар адал явдал тохиолдох юм болоо? хэмээн Ричард асуувал бадарчин лам түүний зүг эргэн хэсэг хараад зоосоо дахин шигшиж алган дээрээ цувуулаад,
- Таны төөрөг үнэхээр сонин юм. Хүсэл болсон амьдрал тань их олон жилийн хойно биелэхээр буужээ гэвэл итгэл муутайхан, эргэлзэнгүй сонсож зогссон Ричард,
- Та мэргээ арай тодорхой болгоод хэлчихгүй юу? Ямар сонирхолтой хувь зохиол намайг хүлээж байгаа юм бол? гэв.
- Та нар цаг нь болоогүй байхад нэгэн нууц далдын зүйлтэй учирна. Ингэснээр таньд болон бусдад чинь зовлон тохиолдох болно гэлээ. Тэгээд түүнрүү жоготой харж “Та харин нэг хүнд их л сэтгэл алдарч яваа юм байна” гэв.
Бадарчин лам зоосоо нэгэнтээ дахин уншаад зүүн хойт зүгт орчноо сэм тандав. Тэгээд тэмээний ачаа тэнцүүлэнгээ хорон үг хаялцан сөргөлдөх Ган овогт, Гонгор хоёрыг инээмсэглэн харж зогсоо Сюзаныг үзээд мэргэ нь будилж байсан удаагүйд өөртөө дахин нэгэнтээ урамшин баясахыг нь хэн ч анзаарсангүй.
Тэр гар дахь зоосоо лавлан хараад “Харин мөрөөдөл хүсэл тань биелэхгүй юм байна даа хэмээн харамссан бололтой толгой сэгсрэн хэлэв. Цааш нь үргэлжлүүлэн хэлэхийн өмнө зоосуудаа нягтлан хянаад “Хойт насандаа хайрт хүнтэйгээ золгон аз жаргалтай амьдрахаар буусан байна. Ийм төлөг маш ховор буудаг юм. Магадгүй энэ удаад миний мэргэ төөрч байж ч болох юм. Муу зооснууд маань уг нь будилдаггүй л юмсан. Та нар ёс бус үйлдэл хийж мэдмээр ч байх шиг. Ерөөс учир нь олдохгүй юм байна даа.” гээд хэдэн зоосоо буцааж боон духандаа адислаад өвөртлөж орхив. Тэгээд бадарчин мэргэнийх нь хариуд өөр юу гэхнэв гэсэн байдалтайгаар Ричардыг ширтсэнээ,
- За бидний зам түр боловч нийлэх бололтой. Иймд Эрхэм ноёнтон зөвшөөрвөл та бүхнийг бараадан хэсэг яваад замаа хөөж болохсон болов уу? хэмээн мойног гараа хавсарч залбиран гуйв.
Ричард түүний ярьсанд эргэлзэн инээвхийлснээ “Танд баярлалаа” гээд түүнд унд хоол өгөхийг Томд даалгажээ.
12. Осол

Шинжилгээний ангийнхан сордог элстэй газар осолдож зарим уналага, ачаагаа алдав

Хэдийгээр үд хэвийсэн боловч өдрийн халуун хэвээр. Ер нь нар шингэсний дараа ч элс, агаараас төөнөх илчинд говийн үдэш үргэлжлэн халж, зуны орой харанхуй нөмөртөл энэ байдлаа хадгалсаар байдаг билээ. Ийнхүү үргэлжилсээр маргааш өглөө нь жаахан сэрүүсэвч дараах өдрийн халуун залган авах нь эцэс төгсгөлгүй мэт санагдана. Энэ нь нэгэн хэмээр урагшлах тэмээний явдалд залхсан хүмүүст тээртэй тул дуу шуугүйхэн явцгаах аж. Богино ханцуйтай нимгэн эрээн цамц, өвдөг шүргэсэн шуумагтай охор өмд өмсөж том дэлбэгэр хүрээтэй малгай тавьсан, хөл, гартаа унасан тэмээтэйгээ ижил их үстэй, содон өндөр хамартай хүмүүс хааяа таарах малын эрэлчид, замд үзэгдэх ганц нэг айлынханы нүдэнд тун гаж тусна.
Гэтэл эдгээр харь хүмүүсийн зарим нь монгол хэлээр Хятад жинчин, данжаадуудаас илүү цэвэрхэн ярих нь гайхалтай.
Харин тэднийг дагалдан хятад, монгол хүмүүс ачаа тээшийг нь зөөх, ачих, буулгах, хамгаалах ажлаар явах нь их говийг туулан зорчих жинчдийн хэвшмэл дүр билээ.
Энэ жингийн даамал болох арай л халуудаа болов уу гэмээр занхар гутал жийж, малгайныхаа хүрээг урдуур нь доош дарж нугалсан, залуу боловч нэлээн хашир хүний төрхтэй өндөр хүн бугуйн дахь зүг заагчаа байн байн ширтэж, энгэртээ зүүсэн дурангаар орчныг харан хятад газраас авч гарсан газрын зурагт тэмдэглэгээ хийнэ.
Тэр бол мань Ричард байлаа. Олон газар явж сайн, муутай тулсаар айдас хүйдэс, нэрэлхэх, зовохын зовлонгүй болсон түүнийг юу бодож ямар зорилгоор явааг нь анх уулзсан хэн ч таахын аргагүй бөгөөд угаас ч дуу цөөтэй эр билээ. Гагцхүү түүний энэ зан зорьсон хэргээ бүтээх тэр агшинд л өөрчлөгдөж, дараагийн адал явдалтай учрах, шинийг төлөвлөх үеийг хүртэл мөн л битүүлэг байдалдаа эргэн орох бөлгөө.
Хэд хоногийн өмнө нутгаасаа энэхүү шинжилгээний ангийн хар бор ажилд туслуулахаар дайчлагдан, томилогдсон бас ч ганц нэг нь өөрийн хүсэлтээр ирсэн гэх хэдэн хятад энэ цөөн хоногт алжаасан нь илт байв. Тэд явдал зуураа цайлж, газар хороохоор тэмүүлэх их жингийн дарамтанд орж унаандаа бүүвэйлэгдэн бөгтийж явах нь хүчинд автан богтлогдсон бэр гэлтэй харагдана. Гэвч үнэндээ хятадууд ажлын харыг голдуу хийж, Америк ноёдын сайшаалыг хүлээж яваа билээ. Хоол хийх, манаа манах, ачаа ачих, буулгах, гэр майхан босгоход хамгийн түрүүнд гүйж хамгийн сүүлд амрана.
Харин Монголчуудын хойрго хөдөлгөөн Америк хүмүүст байтугай хятад ажилчдад ч таалагдахгүй байлаа. Өөрийн нутагт яваа болоод тэгдэг биз хэмээн бухимдахуйд хүндэвтэр гэсэн борог хатуу ажилд хүнээр хэлүүлэлгүй өөрсдөө босч хүч үл хайрлан туслах нь гайхалтай. Тэгээд ч тэд буудаллах газрыг сонгох, тэмээ малаа арчлах ажилд бусдыг үл оролцуулна. Гэвч нэгдмэл баг болж ажиллах чадвар султай тэд бие даан гүйцэтгэх зүйлд илүү болохыг явцын дунд цаадуул нь таниж мэдсэн юм.
Цувааны дунд хирд явсан буурал тав гэзэгтэй орсгой хөх Гэндэн хэмээх тавь гаран насны туранхай хүн ганц нүдний гуулин дурангаа өврөөсөө гарган гогцоонд нь уясан хадгаар их л нямбайлан арчаад тэртээ гүвээн дээгүүр цайран хурдлах зээрийн зүгт дурандав. Залуудаа жингийн хятадуудаас гурван тогоо будаагаар үнэ цохин авсан гэдэг дуран нь цагийн аясаар хуучирч өнгө алдсан ч зээрийн сүрэг цахилан байгааг алган дээр мэт татах аж. Гэндэнгийн хүзүүндээ зүүсэн том төмөр гуутай бурхан бүхий зүүлт нь тэмээний явдлаар савлан хөдөлж цагны дүүжинг сануулна. Тэр ясны анч хүн тул зээрийг шимтэн ширтэнгээ нэгийг санав бололтой зэрэгцэн явсан гуч гаран насны бүдүүн хүрэн залууд,
- Дамдин аа, манай энэ америкчүүдийн дурантай урт хар ч мөн ланжгар сайхан эдээ гэвэл цаадах нь угийн хэнэггүй зангаараа:
- Үнэхээр гайхалтай эд дэгээ. Лав тэр зээрийн сүрэгт хүрч л тусах болов уу? Гэндэн гуай, таны наад онгорхой хар ч цагтаа бас л сайхан эд байсан байх даа гээд ханцуйгаараа нүүрээ сэвэнгээ алсыг харлаа. Тэгсэнээ гэнэт ухаан оров уу гэлтэй тэдний хойно явсан Хенри рүү эргэж пүн, пүн гэж амаараа буудан зээрийн зүгт заагаад гартаа буу барьсан дүртэй хөдөлгөөн хийн тас тас инээв.
Хенри ч хүзүүндээ зүүсэн хоёр нүдний дурангаа авч хараад,
- Тиймээ, сайхан амьтад байна. Даанч бид завгүй явна даа гэв.
Тэгээд тэмээнийхээ хомонд бэхэлсэн буу руу нь зангаснаа нүдрүүгээ мойног хоёр хуруугаараа чичин “үзэж болох уу?” гэсэн дохиог болхидуухан илэрхийлэх Дамдинд буугаа хуйнаас нь гарган өгчээ.
Дамдин түүнийг өөрт нь бүр өгч байгаа юм шиг тэмээн дээрээсээ ухас хийн тосч аваад их л бишрэнгүйгээр эргүүлж тойруулан, үнэрлэхээс бусдаар үзэв. Гэндэн гуай ч би юундаа дутахав гэх шиг хажуунаас нь булаалдах шахам сонирхлоо. Буу түүнд их таалагдсан тул үүдэн шүдээрээ сийгүүлэн исгэрч толгой сэгсэрнэ.
Yзэж ханаад буцааж өгөхдөө Дамдин их л бишрэн дурлав бололтой бууг нь зөөлхөн илээд авахыг Хенри анзаарчээ.
Элсний ширхэг томорсноос тэмээний хөл дор шар шар дуугарах нь тодорч орчны халуун хийгээд шаргал өнгө үгүйсэн бол өвөл цасан дээр гишгэх мэт сонсогдох ажээ. Төдөлгүй тэмээд ямар нэгэн зүйлээс жигшин үргэх мэт болж зогслоо. Тэр эвгүй газраас тэмээдээ арайхын холдуултал бие жихүүцүүлсэн намуухан чимээ хүмүүст сонсогдож эхлэв. Тэр бол ердөө л манхны элгээр эрчлэх халуун агаарын урсгал элсний ширхэгүүдийг хооронд нь хавиралдуулснаас үүссэн чимээ бөгөөд түрүүн малд мэдрэгдсэн бол одоо хүний сонорт мэдрэгдэж байгаа нь энэ байлаа. Yүнийг хэн хүнгүй гадарласан хэдий ч сэтгэлд дарамттай тэрхүү битүү чимээ өөрийн эрхгүй айдсыг төрүүлнэ.
Сүүлчийн тэмээн дээр явсан Ли хэмээх хятад залуу орчныг болгоомжлон ширтэхийн зэрэгцээ Америкчуудын бэлэглэсэн төмөр хайрцагтай чихрээс ганц нэгээр нь чимхэн авч амруугаа чулуудан явлаа. Тэрээр цэргээс саяхан халагдсан, нарийн ширийн ажилд сайн, нямбай хүн бөгөөд Монгол явахад сайн дураараа бүртгүүлжээ.
Чихрээ идэж дуусаад өврөөсөө эвхсэн цаас гарган хайрцагт нь их л нууцлаж сэм хийгээд элсэн манхны хажуу руу шидчихэв. Тэгээд түүнийг хэрхэн өнхөрөхийг харж байснаа нүдэндээ итгэж ядан ангайж орхилоо. Учир нь өнөө хайрцаг газарт аажмаар шигдэн алга болжээ. Тэр эргэлзсэнээ тэмээн цувааны дагуух газрыг хараад хашгирсан боловч нэгэнт оройтсон байлаа. Тэд сордог элстэй хөндийд хүрсэн байжээ.
Жингийн дунд хавьд явсан тэмээ элсний цөмөрхийд гишгэн шигдмэгц дорх газар нь нурж хадны ангал мэт том хавцал үүсгэн элс нурлаа. Цочсон хүн, малгүй сандран орилолдож хэдэн тэмээ ангалын ам руу хальтран унажээ.
Оливер, Сюзан хоёрын унаж явсан тэмээ тэдэнд чирэгдэн маш хурдтайгаар доош гулгав. Оливер самбаачлан элсэн дороос цухуйх хаднаас зүүгдэж амжтал Сюзан тэмээнийхээ бөхнөөс зуурсан чигээрээ доошоо орчихов.
Ойролцоо нь явсан Ричард тэднийг хармагц Сюзаны хойноос үсрэхдээ өөрийн унаж явсан тэмээнээс бэхлээтэй олсны нэг үзүүрийг атгасан байлаа. Сюзаны цээжээр Ричард тэврэн авч үлдэхэд тэмээ нь хажуулдан гулгасаар ангалын харанхуй ёроолд оржээ.
Хенри, Дамдин хоёр ачааныхаа хойноос зүтгээд бас л ангалд орчихов. Гэхдээ тэдний унасан хэсгээр нүх нь өргөнгүй ч элс нь урсан орж удаан хөдөлбөл дарагдах аюултай байлаа. Дамдин арай дээр үлдсэнээрээ гар сунган сарвайхад Хенри өнөөх бууныхаа оосрыг түүнд атгуулж амжлаа.
Элсний нуралтаар үүссэн ангал хорь гаруй метр урт, гурван метр хэрийн өргөнтэй аж. Түүний унасан тэмээд элсэнд дарагдан алга болж байв.
Агшин зуурын гамшигт цочин сандарсан хүмүүс төдөлгүй сэхээ орж хурц хутгаар тэмээний хоорондох холбоог таслан үлдсэн мал ачаагаа холдуулж хүмүүсээ аврах ажилд орлоо.
Зарим нь Ричардын тэмээнд бэхлээтэй олсноос хүч хавсран татав.
Хаднаас зүүгдэн хашгирах Оливерыг Хятадууд олс унжуулан татаж гаргахад тэр айснаасаа дагжин чичирч байлаа.
Ричард Сюзаныг тэвэрсэн гараа дээшлүүлж түүнийг лав тэвэртэл тэд уруулаараа шүргэлцэж орхив.
Санаа зовсон тэд бие биенээ дальдран ширтэх агшинд дээрээс нь элс пургин буух нь тэр. Ричард олсоо хоёр гараараа давхар атгаж авахад Сюзан түүний цээжийг тэврэхээс арга үгүй боллоо. Сюзан Ричардаас зүүгдэнгээ хананаас ёрдоох нэгэн зүйлээс атгатал тэр нь мултран гарт нь үлдэв. Харвал ямар нэгэн аварга амьтны соёо байлаа. Тэд хэдий аюултай тулгаран байвч олзондоо баясан инээмсэглэв.
Дамдинг татаж гаргахад элсний нуранги дороос Хенри чирэгдэн гарч ирэв. Тэднийг аварсны дараахан өнөө газар нь хажуугийн манхнаас урсан буух элсээр хучигдан төдөлгүй битүүрэв. Одоо тэнд тийм аюул болж өнгөрсөн гэхэд итгэмээргүй болсон байх бөгөөд ердөө л нэлээн хонхойж тогтсон элсэн манхан үлджээ. Энэ бүх гамшиг ердөө л хэдхэн хурамд болжээ.
Өөрийнх нь хаясан чихрийн төмөр хайрцаг Оливерыг татаж гаргасан газрын орчмоос цухуйх багахан хадны ойролцоо хэвтэхийг Ли олж хараад бушуухан шүүрч авсаныг хөгшин тогооч Зенгээс өөр хүн анзаарсангүй. Ли түүнийг занасан харцаар хараад “Зайл” хэмээн нүдээрээ дохивол Зен гуай дальдран цааш одлоо.
Ричард энд малталт хийхийг хүсч байсан хэдий ч тэдний төлөвлөсөн газар биш тул аргагүй цааш хөдлөх болов. Тэр газрын зурагт уг байрлалыг тэмдэглэж авлаа.
Ли өнөөх хайрцгаа бусдын нүд харуулдаж байгаад саяхан битүүрсэн ангалын ирмэгт сэмхэн орхив. Тэр бол хунхуузуудад үлдээсэн дохио тэмдэг байжээ.
Хунхууз гэдэг нь хятад хэлний улаан сахал гэсэн үг юм. Нүүрээ нүднээс доош улаан торгоор далдалсан дээрэмчдийг холоос харахад улаан сахалтай мэт харагддаг нь ийнхүү нэрлэхэд хүргэсэн билээ. Тэд хэдий эрх чөлөөний төлөө тэмцэгчид хэмээн өөрсдийгөө нэрлэвч ашиг орлогын төлөө юунаас ч үл буцдаг байв.

No comments:

Post a Comment