Monday, March 1, 2010

Өнөөдөр Эх орончдын өдөр үү, Хувьсгалт намын өдөр үү?

Өнөөдөр уг нь МАХН бай­гуулагдсаны өдөр. Наяад жи­лийн өмнө тус намын үндэс болох Монгол Ардын нам (МАН) байгуулагдсан билээ. Гэвч энэ өдрийг МАХН-ынхан 2000-2004 оны парламентад олонхи байхдаа Эх орончдын өдөр болгон улс орон даяар тэмдэглэж байхаар шийдвэр­лэсэн юм. Түүнээс хойш нийтийн баяр болгон тэмдэг­лэж байна. Гэвч саяхан тус намын нарийн бичгийн дарга У.Барсболд ахмадуудыг хү­лээн авсан нэгэн уулзалт дээр Эх орончдын өдөр МАХН-ын байгуулагдсан өдөр мөн.
Бид энэ түүхээ мартаж болохгүй, үргэлж тэмдэглэж байх ёстой хэмээн мэдэгдлээ. Мөн “UBS” телевизийн “En face” нэвт­рүүл­гээр эх орончдын өдөр бол МАХН байгуулагдсан өдөр үе үеийн эх орончид энэ намынх гэх зэргээр үргэлж­лүүлж өгсөн билээ. Энэ нь Эх орончдын өдрийг тэмдэглэж байхаар зүтгүүлж, бараг л манай намын баярын өдөр биш гэж уйлан дуулцгааж байсан гишүүдийнх нь үгнээс зөрөв. Төрийн институциэр тоглов уу, эсвэл намаараа тоглов уу гэдэг нь У.Барс­болдын үгнээс мэдэгдэхгүй байна. Эсвэл сонгуулийн өмнө шоу болгох гэсэн үү гэмээр. Хэ­дийгээр УИХ-аар энэ өдрийг Эх орончдын өдөр тэмдэглэж байгаа ч энэ өд­рийн талаар бусад улс төрийн хүчин, намуудын төлөөллөөс байр суурийг дахин тодруул­лаа.

МУНН-ын Тамгын газ­рын дарга Л.Жаргал­сай­хан:
-МАХН энэ өдрийг Эх орончдын өдөр болгосон нь миний хувьд таалагддаггүй. МАХН төр барьж байхдаа хийсэн ажил. Хэрвээ Эх оронч­­дын өдрийг олон ний­тийн баяр болгон тэмдэглэж байя гэвэл Цэргийн баярын өдөр гуравдугаар сарын 18-ыг сонгож болно. МАХН-ын баярын өдөр тэрүүгээрээ байж л байг. Түүхийг, аливаа зүйлийг завхруулж, туйлш­руулж болохгүй байх.

ҮШН-ын дарга Ц.Цол­мон:

-Нэгэнт л улс нийтээр тэмдэглэж байхаар шийдвэр­лэсэн бол дэмжихээс яахав. Нэг нэгнийгээ үгүйсгэх хэ­рэггүй байх гэж бодож байна. Уг нь бол Эх орончдын өдөр­тэй байх ёстой. УИХ-аар ба­тал­чихсан учраас дагаж мөр­дөхөөс яахав.
 
АН-ын Тамгын газрын дарга Ш.Батбаяр:
-УИХ дээр олонхиор түрээ бариад батлуулчихсан боло­хоос биш уг нь бол МАХН байгуулагдсаны өдөр шүү дээ. Нэг намын өдрийг нийтийн баяр болгох гэсэн хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн ба­шир арга. Аль нэг намынх болгоё гэвэл АН байгуу­лагдс­аны өд­рийг бас Эх орончдын өдөр болгож болно шүү дээ. Олон намын системтэй улс оронд, нийгэмд ингэж болох­гүй байх. 1921 оны Ардын хувьсгалыг Эх оронч­дын өдрөөр тооцох юм бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний тэмцлийг яах вэ гээд асуудал цааш хөвөрнө. Үнэхээр Эх орончдын өдрийг сонгоё гэвэл салбарын баярууд шиг аль нэг сарын эхний ням гаригт хийж байж болно шүү дээ.

АТН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалай:
-Нэг намын өдрийг заавал ингэж нийтийнх болгож бо­лохгүй. Бүр тэр дундаа Эх орончдынх шүү. Эх оронч нэг л нам байдаг, бусад нь эх оронч биш юм шиг. Асуудалд ингэж хандаж болохгүй байх. Үнэ­хээр ийм зүйл хийе гээд байгаа юм бол ажил хэргээр хийж харуу­лах ёстой. Цаасан дээр, хуу­лиар түрээ барьж тунхаглаж болохгүй гэв.

Өдрийн сонин : Б.Болд

No comments:

Post a Comment