Thursday, December 10, 2009

David Sneath_mongol

Ардчиллын Өрнөдийн үнэт зүйлс ба Монгол Улс:
Харьцуулсан хандлагыг олон улсын шалгууруудаар тодорхойлох нь

Дэвид Снийт
Кембриджийн их сургууль

Конрад Аденауерын Сангаас Монголын улс төрийн асуудлаар зохион байгуулж буй олон улсын бага хуралд тавих илтгэл
Улаанбаатар, 2009 оны 12 дугаар сарын 10


Тойм

«Ардчилал» хэмээх нэр томъёоны задаргаа төгс төгөлдөр бус учир бид үүнд нийгмийн антропологчдын хэлдгээр «угсаатны зүй»-н үүднээс хандах нь дээр бөгөөд янз бүрийн улс төрчид, судлаачдаас энэхүү нэр томъёог практик дээр ашиглаж байгаа арга хэлбэрийг судлах нь зүйтэй гэж би мэтгэлцэх байна. Өнөөгийн барууны ардчилсан улс орон гэгдэх улс төрийн тогтолцоонуудын аль нь чиг нүд ирмэхийн зуур бий болоогүй юм. Тэд бүгд л хөгжиж ирсэн бөгөөд одоо ч өөрчлөгдсөөр л байна. Энэ бол тодорхой үйл явдал, хямрал, зохицлоор улс төрийн бүтэц, түүний оршин тогтнох нөхцлийг бүрдүүлж байгаа улс төрийн өргөн соёл байнга өөрчлөгдөж ирсэн түүхэн болоод тохиолдлын үйл явцын үр дүн юм. Үнэхээр, ардчиллыг хэмжих гэсэн өрнөдийнхний оролдлого нь тийм үйл ажиллагаа нь үнэт зүйлсийн тогтолцоотой, мөн Пьер Бурдьёгийн «нийтлэг итгэл үнэмшилд суурилсан мэдлэг» гэж томъёолсон улс төрийн дэглэмийн шаарддаг маргашгүй ойлголт, үнэт зүйлстэй салшгүй холбогдоод байгаа арга хэлбэрийг нээн харуулж байна.


Ардчилал бол «хөдөлгөөнт бай» болох нь 20 дугаар зуунд нотлогдсон. 20 дугаар зууны дийлэнх хэсэгт Зөвлөлт хэв маягийн Ардын ардчиллыг зорьж харьцангуй амжилт олсон Монгол Улс 1991 оноос олон намын тогтолцоотой парламентын ардчиллыг үр дүнтэй байгуулж, багагүй амжилтад хүрсэн билээ. Ардчиллын талаархи Өрнөдийн шалгуурууд Өрнөдийн улс төрийн үзэл бодлыг даган өөрчлөгдсөөр байх магадлалтай учир зорилгот бай маань мөн л өөрчлөгдөж байх учиртай.

Монгол нь өрнөдийн ардчиллыг хэд хэдэн чухал үзүүлэлтээр давтсан тогтолцоо нэвтрүүлсэн бөгөөд энэхүү «ардчилсан клуб»-ын нэг гишүүн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Түүний өөрийн үндэсний онцлог хэв маягийн хүрээнд хөгжсөн улс төрийн тогтолцоо нь эрх мэдлийг хуваан эзэгнэх консоциал хэв маягийг мэдэгдэхүйц агуулсан байна. Монгол Улс өдий хүртэл амжилттай хөгжиж ирсний учир шалтгаануудын нэг энэ бөгөөд Аренд Лийпхартын нэгэн адил бүхнийг хамарсан, нийтийн тохиролцооны хандлагаар улс төрд хандахыг зөвлөмж болгох зүйл их байгааг би хувьдаа эндээс олж харж байна.

Гэхдээ энэхүү тогтолцоонд учирч болох эрсдэл, сорилт байхгүй гэж тооцоолох нь алдаатай байх болно. 2008 оны 7 дугаар сарын үймээнээс үзвэл Монгол нь улс төрийн хүчирхийллээс бүрэн ангид биш байна. Зах зээлийн либерал эдийн засгийн орчин, бизнесийн шинэ элит бүрдсэн, уул уурхайн олборлолтын орлого их байх нөхцөлд эрх мэдлийг хуваан эзэгнэх, нийтийн тохиролцоонд хүрэхийн нэг аюул нь хувийн эрх ашгаа бодсон элитүүд улс төр, эдийн засгийн эрх мэдлийг монопольчлон авч байна гэх олон нийтийн дургүйцэл бий болоход оршиж байна. Нэг талаас дотоодын болон гадаадын том бизнесүүдийн хоорондын хэт их дотно хэлхээ холбоо, хувь хүний ойлголт, бие биендээ ая тал зассан тоо томшгүй олон үйлдэлтэй хутгалдсан улс төрийн бүлэг байх нь олон нийтийн цинизм, бухимдлыг амархан өдөөж болох юм. 7 дугаар сарын 1-нд цугласан олны дотор миний сонссон зарим тайлбараас үзвэл маш олон хүн нэг хэсэгтээ олон нийтийн дургүйцэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн голлох сэдэв болоод байсан элит хэсгийн коррупцид сэтгэл зовниж байгаа нь харагдсан. Энэ нь Монголын улс төрийн соёлд учирч буй томоохон сорилт бөгөөд ялангуяа эрдэс баялгийн ихээхэн нөөц ашиглагдаж эхэлснээр тэрхүү баялаг хэний гарт орох бол гэсэн олон нийтийн бухимдал улам их газар авах магадлалтай болж байна.

Улс төрийн аливаа тогтолцоо цаашдаа өөрчлөгдөж явах бөгөөд тэгэхдээ өөрчлөлт бүрийг ардчиллыг улам төгс төгөлдөр болгож байгаа хэрэг хэмээн ярьсаар байх болно. Олон улсын харилцааг сайн байлгах үүднээс эдгээр өөрчлөлт нь үндэсний олон янзын тогтолцооны хоорондын үл нийцэх байдлыг бий болгохгүй гэж найдах ёстой. Гэхдээ миний бодлоор олон улсын харилцааг гэхээсээ илүү үндэсний харилцааг оптимал болгох нь эн тэргүүний хэрэг байх хэрэгтэй. Монгол Улс уул уурхайн хөгжил зэргээс улам их баялагтай болохын хирээр ардчиллын өөрийн хувилбарыг улам бүр сайжруулан, өөртөө илүү итгэлтэй болж, олон нийтийн сайн сайхны төлөвийн үүднээс өөрийн дотоод хэрэгцээнд нийцсэн тогтолцоог бүрдүүлэн, ямар ч баян, хүчтэй бай бусад улс орныг хуулбарлан дуурайхгүй явна гэж найдая.

Ардчилал бол хэм хэмжээний ойлголт

Аналитик үзэл баримтлал гэдэг утгаар ардчилал бол хоосон зүйл юм гэдгийг эрдэмтэд судлаачид өргөнөөр хүлээн зөвшөөрдөг. Боллен (1991:4)-ы хэлснээр «Улс төрийн ардчиллыг тоон хэлбэрээр илэрхийлэх гэсэн оролдлогуудыг судлан үзвэл ойлгомжтой тодорхойлолтод хүрэх жигд эволюци гэдэг нь харагдахгүй байгаа» юм. Ардчиллыг тоон үзүүлэлтээр хэмжих асуудлаар санал нийлэх зүйл бага байна. Зиннес болон Мерритт (1991:209)-ийн тэмдэглэснээр нийгмийн ухааны янз бүрийн эрдэмтэд «ардчиллын онолыг өөр өөрөөр тодорхойлж, өөр өөр үзүүлэлт ашиглан, өгөгдлийн өөр өөр эх сурвалжид тулгуурлаж байна.» Үзүүлэлт бүр нь судлаачдын зорилгыг илэрхийлдэг бөгөөд «тэдний үнэт зүйл нь тухайн судалгааны ач холбогдолд тулгуурладаг» (Зиннес ба Мерритт, 1991:209). Ийм анализын учир дутагдалтай байдлыг харгалзан, бид ардчилалд нийгмийн антропологчдын хэлдгээр «угсаатны зүйн» үүднээс хандах нь дээр бөгөөд энэхүү ойлголтыг улс төрчид, судлаачид практик дээр хэрхэн ашиглаж байгаа арга замыг авч үзэх нь зүйтэй.

Ардчилал хэмээх ойлголтын хамгийн гайхалтай шинж тэмдгийн нэг нь түүний өндөр түвшний хэм хэмжээт байдал юм. Уг нэр томъёо үүссэн Афины сурвалжит улс төрийн тогтолцооноос эхлүүлээд ардчиллын олон янзын хувилбар оршин тогтносоор ирсэн. Гэхдээ 20 дугаар зууны дэлхий дахиныг ихээхэн өөрчилсөн модернизмын олон янзын үзэл суртал, марксизм ч бай, либерализм ч бай, бүгд л «ардчилал» гэсэн нэр томъёог өөрсдийн популист санаархлын илэрхийлэл болгон ашиглаж байсан. Капиталист өрнөдийн либерал ардчилал нь Зөвлөлт Холбоот Улсын ардчилсан төвлөрөлт тогтолцоо, эсвэл Маогийн Хятад улсын ардын ардчилсан диктатураас мэдээж хамаагүй өөр байлаа. Эдгээр уламжлалын аль нэгний үүднээс бичвэл бусдыг нь амархан хэрэгсэхгүй байх боломжтой байсан. Харин ерөнхийдээ парламентын, эсвэл ерөнхийлөгчийн загварыг ашигладаг, эсвэл Монголд байдаг шиг энэ хоёрын  холимог загварыг ашигладаг Евро-Америкийн уламжлалтай Либерал ардчиллын ямар нэг хувилбар нь өнөөдрийн ноёлох хэлбэр болоод байна.

Ардчилал бол «хөдөлгөөнт бай» болох нь 20 дугаар зуун батлагдсан. 20 дугаар зууны дийлэнх хэсэгт Зөвлөлт хэв маягийн Ардын ардчиллыг зорьж харьцангуй амжилт олсон Монгол Улс 1991 оноос олон намын тогтолцоотой парламентын ардчиллыг үр дүнтэй байгуулж, багагүй амжилтад хүрсэн. Гэхдээ ардчилал нь хэм хэмжээт ойлголт, тэр утгаараа улс төрийн тогтолцоо бүрийн амин мөн чанар учир улс төрийн янз бүрийн үйл ажиллагаагаар дахин дахин шинэчлэгдэн тодорхойлогдож байх болно. Хэрэглэгчээс дэмжлэг авсан ямар нэг өөрчлөлт хэмээн ашигладаг, байнга шинээр тодорхойлж байдаг «модернизаци» хэмээх ойлголтын талаар ч мөн ийнхүү хэлж болно. Өнөөдрийн дэлхий ертөнцийн дийлэнх хэсгийн хувьд илүү орчин үеийн, эсвэл илүү ардчилсан улс төрийн хөтөлбөр юунаас бүрдэх вэ гэдгийг тодорхойлох чадвартай байна гэдэг бол «Юу хийх ёстой вэ?» гэсэн мэтгэлцээнд ялах явдал юм.

Ардчиллын талаархи өрнөдийн шалгуурууд Өрнөдийн улс төрийн сэтгэлгээг өөрчилсөөр байх нь тодорхой учир бидний бай бас хөдөлгөөнтэй байна гэж тооцоолж болох юм. Баялаг болоод нөлөө нь улс төрийн тогтолцоог нь амжилттай болгож хялбархан харагдуулах либерал ардчилалтай, баян хүчирхэг улс орнуудаас бусад улс үндэстэн хоцорсон хэвээр байх болно. Би яагаад үүнийг хэлээд байна вэ гэхээр аливаа улс орон өөрийн дотоод улс төрийн тогтолцоонд үнэлгээ өгөхдөө ямар ч баян, хүчирхэг бай бусад улсын тогтоосон стандартыг ашиглах бол болгоомжтой байх хэрэгтэй юм.

Ардчиллын олон улсын индексүүд

Ардчиллын түвшинг хэмжих зорилгоор барууны байгууллагуудаас гаргасан глобал индексүүдээр бол Европ болон Америкийн улс үндэстнүүд дээгүүр жагсдаг нь гайхмаар зүйл биш бөгөөд улс төрийн шинжлэх ухаан болон социологийн судалгаанд эдгээр улс төрийн тогтолцооны зарим мөн чанарыг ашиглан дэлхийн бусад улс оронд үнэлэлт дүгнэлт өгөх явдал нилээд гардаг. Ийм судалгаа хийж байгаа хүмүүст ч гэсэн ардчиллыг тоон хэмжүүрээр хэмжих гэсэн иймэрхүү оролдлогын хязгаарлагдмал байдал, учир дутагдал илэрхий байдаг (Мунк ба Веркуилен, 2002).

Баруунд «ардчилал» хэмээх үгийг хэрэглэж байгаа байдал нь үнэндээ «бидэнтэй адилхан тогтолцоо» гэсэн утга агуулдаг. Орос болон Иран зэрэг өрнөдийнхний стратегийн өрсөлдөгч улс оронд Израиль, Бүгд Найрамдах Доминикан Улс, Панам зэрэг сайн хэлхээ холбоотой, бусадтай хамтран ажиллагч улс орнуудтай харьцуулбал ардчилал сул хөгжсөн байна. Жишээ авбал, АНУ-д байрладаг, ТТГ зэрэг үүсгэн байгуулагчидтай «Polity IV» хэмээх өгөгдлийн сан улс орнуудыг ардчилал/автократ түвшний +10-аас -10 хүртэлх үнэлгээний жингээр жагсаан байр эзлүүлдэг. Энэхүү өгөгдлийн сан нь ихээхэн нөлөөтэй бөгөөд Чуан Ли, Рафаэл Рьувени (2003) зэрэг эрдэмтэд ашигладаг юм. Монгол Улс 1997 оноос эхлэн +10 оноо авч, «бүрэн ардчилсан» орон гэсэн дээд үнэлгээ авсаар ирсэн нь сайхан хэрэг. Харин өрнөдийн ашиг сонирхлын шугамаас гадуур гэгдэх улс орнууд хамгийн муу үнэлгээ авсан байдаг. Жишээлбэл, Иран улсын үнэлгээ 1997 онд шинэчлэгч Мохаммад Катами ерөнхийлөгчөөр сонгогдоход -6 гэсэн онооноос +3 хүртэл огцом өссөн бол 2005 онд өрнөдийн эсрэг үзэлтэй, популист Махмуд Ахмадинежад сонгогдоход буцаад -6 болж унасан байна. Хэдийгээр Ираны Үндсэн хууль 1989 оноос хойш нэг их өөрчлөгдөөгүй боловч «Polity IV» санг ашиглагчид Иран дахь улс төрийн өөрчлөлтийг ардчиллын хэлбэр, агуулгаар нь гэхээсээ илүү ардчиллын хэмжээгээр нь харсан байна. Энэхүү өгөгдлийн санг бүтээгчид нь улс төрийн тогтолцоонуудыг нэг төгсгөлд нь автократ, нөгөө төгсгөлд нь ардчилал байх нэг л спектрийн хүрээнд оршин тогтнодог гэх төсөөлөлд тулгуурласан байна (Жаггерз ба Гурр, 1995:469). Үр дүнд нь «сайнаас муу хүртэлх» индекс маягийн юм болсон бөгөөд тэр нь том гүрнүүдийн стратегийн ашиг сонирхолтой хутгалдан, улмаар хэт их өрөөсгөл мэт харагдах болсон байна. Өөр нэг жишээ авъя. ТТГ-ын дарга асан Жеймс Вулсейн толгойлдог Фрийдом Хаус байгууллагаас бусад улс орны улс төрийн тогтолцоонд үнэлгээ өгдөг дэлхийн тойм материал эрхлэн гаргадаг. Энэ үнэлгээгээр Орос ч тэр, Иран ч тэр сонгуулийн ардчилалтай орны тоонд огт ордоггүй байна.

Баян болоод хүчирхэг улс үндэстэн өөрсдийн шүтдэг тухайн улс төрийн тогтолцооны ачаар амжилтад хүрсэн гэдэгт итгэхэд хэцүү биш. Жишээ нь, Британи улс өөрийн эзэнт гүрний оргил үедээ хамгийн сайн улс төрийн тогтолцоотой орон гэдэгтээ ихээхэн итгэлтэй байсан. Өнөөгийн Америк орон дэлхий дахинаа ноёлж байгаа бөгөөд тиймээс ч АНУ-ын Калабрези (1998:22) зэрэг улс төр судлаачид Америкийн тогтолцоо нь «гайхамшигт амжилтад хүрсэн бөгөөд дэлхий дахины парламентын ардчилалтай орнууд түүнийг шууд хуулбарлавал зохилтой» хэмээн мэтгэж байгаад гайхах зүйлгүй.

Аренд Лийпхарт (2000:21) зэрэг бусад улс төр судлаач эрдэмтэд дээрхтэй огт санал нийлэхгүй байгаа нь мэдээж хэрэг. Тэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцогчдын тоо түүхэн доод хэмжээндээ очсон, сүүлийн сонгуулиар буцаад нэмэгдсэн түвшин ч 60%-иас арай чамай дээш гарсан, Конгрессийн сонгуульд бол бүр чиг бага хувь нь санал өгдөг гэдгийг иш татдаг. Харьцуулсан анализ шинжилгээгээр бол консоциал тогтолцоо нь мажоритар тогтолцооноос илүү сайн ажиллана гэж Лийпхарт болон консоциал буюу нийтийн тохиролцооны ардчилсан тогтолцоог илүүд үзэгч бусад эрдэмтэд үзэж байна. Харин баялгийн өндөр түвшин нь улс төрийн аливаа тогтолцооны үйлчлэлийг ихээхэн ялгаатай болгодог нь тодорхой байна. Энэ бол улс төр дэх амин чухал асуудал юм. Тухайн орны соёл, шашин, түүхэн онцлог байдлыг эс тооцвол, тогтолцоон дахь янз бүрийн оролцогчдын мотиваци, чиг баримжаа, хүрээ хязгаар нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран эрс тэс ялгаатай байх магадлалтай байдаг. Энэ утгаар тухайн үндэстний өөрийн онцлог болох тодорхой нөхцөл байдлаас улс төрийн тогтолцоог нь салган авч үзэх нь утга учир багатай байх юм. Тиймээс улс төрийн тогтолцоог абстракт загварын үндсэн дээр төгөлдөржүүлэх явдал нь ихээхэн сорилт агуулсан үйл ажиллагаа байх болно.

Үнэт зүйлсийн тогтолцоо ба «үр нөлөөтэй» ардчилал

Энд «албан ёсны» болон «үр нөлөөтэй» ардчиллын хоорондын ялгааны тухай ярих гэж байна. Энэ нэр томъёоны ойлгомжтой байдал нь аналитик утгаар маш бага бөгөөд хэм хэмжээний хувьд «бидэнтэй адилхан тогтолцоо» гэсэн утгаар хэрэглэгддэг учир судлаачид өөрсдийн тогтоосон ардчиллыг үнэлэх албан ёсны нөхцөл болзлын дагуу улс орнуудыг ангилахад асуудал гарсан байна.  Тэдгээр нөхцөл болзол нь хүссэнээр нь үйлчлэхгүй байсан байна. Ардчиллын албан ёсны нөхцөл болзол нь бодит ардчиллын шалгууруудтай адилхан биш болох нь тодорхой болсон (Роуз, 2001). Нобелийн шагналт Амартья Сен жишээ нь ингэж хэлсэн байна:

«Ардчилал гэж яг юу вэ? Бид ардчиллыг олонхийн засаглалтай адилтгаж болохгүй. Ардчилал бол сонгуульд оролцох, сонгуулийн дүнг хүндэтгэх зэрэг маш олон нөхцөл шаарддаг бөгөөд бас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёсны өмчлөлийг хүндэтгэх, чөлөөт ярилцлага, мэдээлэл болон шударга шүүмжлэлийг цензургүй түгээх явдлыг баталгаатай хангахыг шаарддаг. Хэрэв талуудад өөрийн байр суурийг танилцуулах зохистой боломж олгоогүй, эсвэл сонгогчид өрсөлдөж байгаа эсрэг тэсрэг талуудын санал бодлыг авч хэлэлцэх, тэдний тухай мэдээлэл авах эрх чөлөөгөөр хангагдаагүй бол сонгууль ч гэсэн асар их дутагдалтай байж болно. Ардчилал бол шаардлагын тогтолцоо бөгөөд харин салангид авч үзэх механик нөхцөл (олонхийн засаглал шиг) биш юм.» (Сен, 1999:9-10).

Төхник шалгуур гэхээсээ илүү бид бодит байдал дээр ямар нэгэн илүү ерөнхий, гарт баригдахгүй зүйлийг яриад байна. Энэ бол засгийн хэв маяг, олон нийтийн амьдралын уур амьсгал зэрэг үнэт зүйлс болон үнэт зүйлсийн тогтолцоотой нягт уялдсан шинж тэмдгүүд юм. Энэхүү «ардчилсан хэв маяг»-ийн бүрэлдэхүүн хэсэг яг юу вэ гэсэн мэтгэлцээн үргэлжилсээр байх ба түүнтэй холбоотой үнэт зүйлс, байр суурийн цогц ч мэдээж өөрчлөгдсөөр байх болно. Сонгуулийн кампанит ажлын баг өөрсдийн дэвшүүлж буй хөтөлбөрийг томоохон, хүчирхэг либерал ардчилсан орнуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан тохиолдолд үүнийг ардчиллыг төгөлдөржүүлж буй хэрэг гэж үзэх бөгөөд ардчилсан гэж үздэг илүү өргөн соёлын хэсэг болно. Жишээ нь Инглехарт, Велзел (2005:56) нар «өөрийн бүлгийн бус хүмүүст хүлээцтэй хандах» гэсэн ойлголтыг ардчиллын нэг үнэт зүйл гэж үзэн, үүнийг ижил хүйстэнд хандах хандлагаар хэмжиж үзсэн. Энэ нь 50, 60 жилийн өмнөх евро-америкийн ардчилагчдын дийлэнхийн хувьд байж боломгүй санагдах үйлдэл байлаа.

Энэхүү үнэлгээ дийлэнхдээ үнэт зүйлсийн тухай дүгнэлтэд тулгуурлаж байна. Бусад олон судлаачдын нэгэн адил Сен «мэдээлэл болон шударга шүүмжлэлийг цензургүй түгээх» шаардлагыг онцолж, үнэт зүйлс гэдэг нь ердөө л «шударга байх» явдал гэж үзсэн байна. Тэгвэл энэ ойлголт хялбархан үйлчлэхийн тулд нийтийн тохиролцоо ихээхэн шаардлагатай байх болно. Үүнтэй нэгэн адил, өөр өөр талууд «өөрийн байр суурийг танилцуулах зохистой боломж» олж авах гэсэн санаанаас олон асуулт урган гарч байна. «Зохистой боломж» гэж юуг хэлээд байна? Янз бүрийн намуудад хэвлэл мэдээллийн цагийг хэдий хэмжээгээр хуваарилах, үүнийг хэрхэн үнэлж дүгнэх? Тусгай байр суурьтай бизнесийн байгууллага, эсвэл шашны байгууллагын мэдэлд байдаг хэвлэл мэдээллийг төрийн хэвлэл мэдээлэлтэй харьцуулж болох уу? Сонгуулийн процесст оруулахгүй байх тийм улс төрийн, эсвэл шашны хөдөлгөөн бий юу? Хэрвээ эдгээр асуултад хариулах тал дээр санал нэгдэхгүй байх тохиолдолд, олон улсын түвшинд үнэлгээ хийхдээ эдгээр болон бусад асуултад өгөх хариуны хувьд хамгийн их нөлөө бүхий ардчилсан орнуудын хандлагаас хамаарах болно.

Үнэт зүйлсийн тухай дүгнэлт, тогтолцоо нь ардчилал хэмээх үгний одоогийн хэрэглээтэй салшгүй холбоотой. Жишээлбэл, Ардчиллын төлөө дэлхий дахины хөдөлгөөний зорилгууд нь урт жагсаалт болдог бөгөөд тэдгээрийн тун цөөхөн нь сонгуулийн системийн тухай[1] байдаг. Тэр жагсаалт нь үндсэндээ үзэл суртлын өргөн хүрээтэй үйл ажиллагааг харуулдаг бөгөөд үнэт зүйлсийн тодорхой багц асуудалтай шууд холбогдсон байдаг. Тэдгээрээс нилээд хэсэг нь сүүлийн үед гарч ирсэн шинэ асуудлууд, тухайлбал «иргэний нийгмийг эрчимжүүлэх» зэрэг байна. Дахиад хэлэхэд, аналитик утгаар «иргэний нийгэм» гэх ойлголт нь хоосон зүйл бөгөөд эрдэмтдийн шүүмжлэлийн сэдэв (Фишер, 1997) болоод байгаа юм. Олон тохиолдолд уг ойлголт нь мөнгө болоод өөрийн хөтөлбөртэй сонирхсон талуудын байгуулсан активист байгууллагуудын иж бүрдлийг илэрхийлж байна. Тэдгээр байгууллага нь өөрсдөө бага ч гэсэн ардчилсан байх шаардлагагүй. Үнэндээ, хэдийгээр гол төлөв сонгогдоогүй боловч ийм байгууллагын удирдах албан тушаалтнууд нь тухайн улс орондоо асар их эрх мэдэл, нөлөөтэй байдаг талтай. Эдгээр байгууллагыг хэт их баячууд, тухайлбал Соросын сүлжээ санхүүжүүлж байж болох учир зарим нь тэдгээрийг сайн үйлс бүтээж байгаа эсэхээс үл хамааран ардчилсан бус гэж үзэх тал бий. Мөн ардчиллын зорилгыг идэвхтнүүдийн өөсдийнх нь зорилготой холбох хандлага гардаг. Тухайлбал, Ардчиллын төлөө дэлхий дахины хөдөлгөөний зорилгууд дотор «өөрийн нийгмийг ардчилсан замаар өөрчлөн байгуулах зорилгоор хүчирхийлэл хийлгүйгээр ажиллаж байгаа хүмүүсийг зорилгодоо хүрэх орон зай, хөрөнгө нөөцөөр хангах» гэсэн зорилго орсон байна (http://www.wmd.org/conference/founding.html 2009.12.02).

Бас нэгэн нөлөө бүхий байгууллага бол канадад төвтэй Democracy Watch байгууллага юм. Түүний «Орчин үеийн, үр дүнтэй ардчилалд хүрэх 20 алхам» гэсэн мандат нь «ардчилал», «орчин үе» гэсэн ойлголтын хэм хэмжээт мөн чанарыг илэрхийлсэн байна. Ардчиллын тодорхойлолт нь Европ болон Хойд Америкт одоо моод болоод байгаа зорилгуудыг тусгасан байна. Би хувьдаа тэдгээрийн алиныг нь ч зөвшөөрөхгүй биш боловч, тэдгээрийн зарим нь ардчиллын зарчмууд гэхээсээ илүү энэ цаг үеийн улс төрийн өнөөгийн консенсусыг хөндөж байгаа юм. Жишээлбэл, бүхий л байгууллага, ялангуяа засгийн газар, үндэстэн дамнасан корпораци, банкууд ёс зүйтэй ажиллах, «хаягдалгүй ажиллах тууштай арга хэмжээ авах»[2] зэрэг хатуу шаардлагууд орсон байна. Энэ сайн зүйл үү? Тийм ээ, би тэгж бодож байна. Гэхдээ үнэндээ ардчилсан зорилго уу? Би сайн мэдэхгүй байна. Ийм хүсэл эрмэлзлээс харвал, ардчилал хэмээх нэр томъёог практик дээр хэрэглэж байгаа байдал нь түүнийг хэрэглэж байгаа хүмүүсийн ёс зүй, үнэт зүйлсийн тогтолцоотой нягт уялдан, сайн сайхан нийгмийн тухай тэдний тусгайлсан, өөрчлөгддөг үзэл бодлыг урагшлуулахад үйлчилж байна.

Энд бас боловсролын үүрэг роль байна. Олон судлаачид боловсролыг ардчилалд хэрэгтэй гэж үздэг бөгөөд зохистой боловсрол олж авсан олон нийт сонгуулийн үеэр тэдний өмнө тулгарсан сонголтуудыг зүй ёсоор үнэлж чадна гэж үздэг. Эндээс хэн, ямар үндсэн дээр боловсролыг үнэлж дүгнэх эрхтэй байх вэ гэдэг асуулт гарч байна. Өнөөгийн Өрнөдийн үнэт зүйлс нь төрийн, шашингүй албан ёсны боловсролыг хүлээн зөвшөөрөгдөхүйц хэлбэрийн сургуулиар олгохыг эрхэмлэдэг бөгөөд энэ нь Исламын боловсролын зарим хэлбэрийг үл зөвшөөрөх байдалд хүргэж болох юм. Британий Зөвлөлөөс саяхан гаргасан «Пакистан: Дараа үе» хэмээх илтгэлд, ардчиллыг хамгаалахын тулд шашны мадрасса сургууль биш, харин илүү төрийн, шашингүй боловсрол чухал гэсэн байна[3].

Ардчиллын аль нэг загвар, эсвэл итгэл үнэмшлийг түүний суурь болсон улс төрийн өргөн соёлоос салангид авч үзэх тийм хялбар биш. Улс төрийн тогтолцоо ажиллаж байхын тулд аливаа практик үйл ажиллагаа тэнцвэртэй, шударга, учир шалтгаантай байх хэрэгтэй. Энэ нь тодорхой хэмжээнд нийтээр дагадаг үнэт зүйлс дээр тулгуурладаг. Бид ийм сурвалж ойлголтыг авч үзсэний үндсэн дээр Бурдьёгийн томъёолсон маргашгүйн ертөнц хэмээх «докса» буюу нийтийн итгэл үнэмшилд суурилсан байж чадах юм. Тэрбээр, «Бүрэн бойжсон дэглэм бүр өөрийн санаа зоргоо төрөлхийн юм шиг болгох хандлагатай байдаг... Ийм туршлагыг бид докса хэмээн нэрлэж, улмаар ялгаатай, эсвэл зөрчилтэй итгэл үнэмшил оршин байхыг мэддэг, эсвэл хүлээн зөвшөөрдөг ортодокс, гетеродокс итгэл үнэмшлээс ялгаж ойлгох шаардлагатай» (Бурдьё, 1977:164) гэж бичжээ. Олон намт ардчилсан тогтолцоог бүрдүүлж байгаа янз бүрийн намууд энэхүү доксик ойлголт, түүний дотор тодорхой улс төрийн тоглоомын хязгаарыг тогтоосон тохиролцооны хүрээнд баригдсан өөрсдийн хязгаарлагдмал байдлыг багагүй хэмжээгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгвэл, Зөвлөлтийн дараа үед бий болсон Монголын онцлог байдал, улс төрийн ойлголтыг юу гэхэв?



Монгол Улс – Эрх мэдэл хуваах ардчилал уу?

Ардчиллын талаархи Өрнөдийн шалгууруудаар тогтоосон жагсаалтад Монгол Улс хамгийн тэргүүн эгнээнд буюу «бүрэн ардчилсан» гэх ангилалд ордог. Еврази дахь улс төрийн тогтолцоонуудыг харуулсан янз бүрийн газрын зургийг шүүж үзвэл Монгол орон «бидэнтэй адилхан тогтолцоотой» гэж үзэх цөөхөн улсын нэг юм. Энэ нь зарим талаар Монгол улс гуравдагч хөршийн стратегидээ үнэнч байгаагийн илэрхийлэл байж болох юм. Юу гэсэн үг вэ гэвэл, улс төрийн шинэ бүтцийг тодорхойлогчид парламентын болоод ерөнхийлөгчийн олон намт улс төр гэж шууд ойлгох тогтолцоог бий болгохыг зорьсон хэрэг. Мөн зарим талаар, хоёр хөршийнхээ аль нэгний хэт ойр дагуул болохоосоо илүү Евро-Америкийн нөлөөн дэх глобал соёлд оролцох гэсэн нийгмийн өргөн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл ч байж болно гэж би бодож байна.

5 хүний амь нас хохирч, олон барилга байшин, түүний дотор МАХН-ын төв байр шатаж гэмтсэн 2008 оны 7 дугаар сарын 1-ний хүч хэрэглэсэн ноцтой нэг л үймээн гарснаас бусдаар бол Монгол орон парламентын олон намын тогтолцоог бий болгож чадсан юм. Энэхүү саяхны эмгэнэлт явдлаас юуг тодруулах, ардчиллын цаашдын чиг хандлага, сорилтуудын хувьд ямар сургамж авах талаар би энэ илтгэлийн сүүл хавьд ярих болно.

Монголын парламентын ардчиллын сайхан шинж чанаруудын нэг нь хэн нэг нь сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан байлаа ч гэсэн улс төрийн голлох хоёр намын аль алиных нь оролцоог харьцангуй хангаж чадсан тэр арга зам юм. Засгийн эрх барьж буй нам дахь өөрчлөлтөөс улбаатай өндөр албан тушаалын эзэд солигдох явдал өргөн хүрээтэй гарч байсан ч гэсэн залгамж чанараа сайтар хадгалж үлдсэн бөгөөд АНУ зэрэг тогтолцоонд гардаг албан тушаалтныг бөөнөөр нь халж солихтой огт адилгүй байлаа. Мөн, өөр өөр улс төрийн байр сууринаас ажилладаг телевизийн сувгууд, сонинууд зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийлбэр байдаг бөгөөд тэр нь намуудын бодлогыг тал бүрээс нь шүүн хэлэлцдэг байна. Эдгээр нь олон утгаар сайхан амжилт мөн юм.

Миний хувийн бодлоор, Монгол Улс парламентын олон намын тогтолцоог байгуулахдаа харьцангуй амжилт олсны нэг нууц энд байгаа болов уу. Сөрөг хүчнээс аль боломжийн хэсгийг өөртөө татан авах замаар улс төрчдийн анги дахь туйлшралаас зайлсхийх оролдлогыг улс төрчид ухаалгаар хийж ирсэн гэж би бодож байна. Энэ нь шинэ тогтолцооны эхний жилүүдэд улс төрийн тэмцэл нь аль нэг талын үхэл сэхлийн асуудал байгаагүй бөгөөд хэдийгээр маргаан мэтгэлцээн нь хурц байсан боловч тогтолцоонд бүхэлд нь томоохон сорилт учруулалгүйгээр дотроо учраа олох боломж байсан гэсэн үг.

Энэ бол Лийпхарт нарын дэмжих байсан эрх мэдэл хуваах (консоциал) улс төрийн тогтолцоог сурталчилсан үр дүн мөн. Лийпхарт 1999 онд хэвлүүлсэн Patterns of Democracy (саяхан Д. Ганбат Ардчиллын Хэв Загвар нэрээр орчуулан гаргасан) хэмээх номондоо Швейцарь, Бельги зэрэг оронд тогтсон нийтийн тохиролцооны ардчилал нь Британи, АНУ-д байдаг шиг «ялсан нь бүгдийг авах» мажоритар тогтолцооноос дээр гэж бичжээ. Нийтийн тохиролцооны ардчилал нь илүү дээд түвшний бөгөөд ялангуяа хуваагдмал, эсвэл бидний нэмж тодорхойлж байгаагаар хуваагдах магадлалтай нийгэмд бол бүр илүү сайн нь юм. Би үүнийг магадгүй зөв байх гэж бодох хандлагатай байна. Гэхдээ улс төр бол шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг учир аливаа абстракт зарчмыг үнэн зөв гэж үзэх нь ухаалаг алхам гэдэгт би итгэлтэй биш байна. Миний бодлоор улс төрийн тогтолцоонууд нь янз бүрийн тохиолдлоор, ялангуяа дотоодын учир шалтгаанаар тухайн улс үндэстний нөхцөл байдалд зохицон бий болдог бөгөөд улс төрийн «анхдагч зарчмууд»-ыг ашиглан тэдний ирээдүйг таамаглахаасаа илүүтэй амжилтын шалтгааныг өнгөрснөөс хайж олох нь хялбар байх болов уу гэж надад санагдаж байна.

Ямар ч байсан Монголын төр засаг бол онцгойлмоор нам дундын асуудал юм. Хэдийгээр МАХН Улсын Их Хуралд 46 суудалтай олонхи боловч 27 суудалтай Ардчилсан Нам Засгийн газрын 15 сайдын 6 нь буюу 40 орчим хувийг бүрдүүлж байна. УИХ-ын нэг дэд дарга, Байнгын 7 хорооны 3, 8 дэд хорооны 3-ынх нь дарга АН-ынх гэдгийг тооцвол тус намын төлөөлөл өндөр байна. Өнгөрсөн 5 дугаар сард Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь энэхүү эрх мэдэл хуваах тогтолцооны нэг илрэл болсон нь ойлгомжтой. Монгол улс парламентын болон ерөнхийлөгчийн улс төрийн тогтолцооны хоорондох дундын замыг олсон бөгөөд «их эвсэл» маягийн талуудын оролцоог хангасан янз бүрийн арга хэрэгслийг ашиглан, дээрх дундаж замаар явж ирлээ. Монгол орны ардчиллын гавъяаг олон улсын түвшинд өргөнөөр хүлээн зөвшөөрдөг юм. Гэхдээ улс төрийн тогтолцоо ямар ч сорилттой тулгардаггүй гэж бид хэлж болохгүй.

Хүндрэлүүд ба сорилтууд

Сонгуулийг луйвардсан гэх гомдлын улмаас 2008 оны 7 дугаар сарын 1-нд үймээн дэгдээгчид МАХН-ын төв байрыг галдан шатаасан байна. Энэхүү үймээнээр 5 хүн амь насаа алдаж, 1990 онд социализм нуран унаснаас хойш анх удаа Монгол Улс онц байдал тогтоосон юм. Улаанбаатар хотод эсэргүүцлийн цуглаан урьд өмнө гарч байсан бөгөөд МАХН, АН-ын аль алины зүгээс сонгуулийг луйвардсан гэх гомдол маргаан сонгууль болгоны дараа гардаг байлаа. Гэвч 7 дугаар сарын 1-ний үймээн бол хүний амь нас эрсдсэн, эвдэж сүйтгэсэн хэмжээгээрээ огт өөр байсан юм. Харьцуулж үзвэл, 1989-1990 оны өвөл гарсан ардчилсан хувьсгал бүрэн тайван замаар ялсан (зарим нэг мэдээгээр нэг хүн амь насаа алдсан гэх боловч энэ нь нотлогдоогүй байдаг).

Энэ үймээн, түүний дараахь байдал нь хэд хэдэн шалтгаанаар анхаарал татаж байгаа юм. Анх удаа улс төрийн жагсаал цуглаан урьд өмнөх улс төрийн зөвшөөрөгдсөн эсэргүүцлийн тодорхойлогдоогүй хязгаарыг давж гарсан байна. Эдгээр үйл явдал нь үнэхээр тэр хязгаар юу болохыг тодорхойлоход тус дөхөм болсон. Ингэснээр хүч хэрэглэсэн эсэргүүцэл бол наад зах нь өнөөгийн нөхцөлд улс төрийн шаардлагатай хувилбар биш гэдэг нь ойлгомжтой болсон. Олон улсын байр сууринаас авч үзвэл, энэ нь пост-социалист орнуудыг анализын үүднээс ангилах системд улам их ан цав гаргасан. Монгол Улс «ардчилсан хувьсгал» нэрээр гарсан олон нийтийн эсэргүүцэл засгийн газрыг унагааж, Өрнөдийн засгийн газрууд шууд хүлээн зөвшөөрсөн шинэ дэглэмийг бий болгосон Киргизстан зэрэг орнуудаас ихээхэн өөр замаар явж байгаа юм. Монголын тохиолдолд гадаад засгийн газрууд нөлөөлөх, эсвэл аль нэг талыг баримтлах хүсэлгүй байсан бөгөөд тус улсын дотоод хэрэг гэж үзэж байлаа. АНУ-ын засаг захиргаа жишээлбэл хүчирхийллийг буруутгасан мэдэгдэл л гаргасан байна. Талархууштай нь Монголын парламентын, хагас ерөнхийлөгчийн ардчилал амьд үлдэж, эцсийн эцэст улс төрийн зөвшөөрөгдөх эсэргүүцлийн хил хязгаарыг сэргээн тогтоосон юм. Гэвч тэр хэрэг явдал зарим нэг нуугдмал, бас тэсэрч болохуйц халуун цэгийг ил болгосон байна.

Тэр өдөр талбай дээр байсан эсэргүүцэгчидтэй ярилцаж байхдаа гомдол цөхрөлийн этгээд нийлбэрийг би олж мэдэрсэн. Сонгуулийн зохион байгуулалтын талаар тодорхой гомдол байсны хажуугаар улс төрийн үйл явцад итгэл алдарсан байдал, эрх мэдэлтнүүд нийтийн сайн сайхны төлөө үйлчлэхийн оронд өөрийн хувийн ашиг сонирхолдоо санаа тавьж байна гэх хардлага өргөн байсан. Онигоо маягийн боловч энэ бүхэн хэвлэл мэдээллээр тодорхой гарч байсан улс орон дахь олон нийтийн бухимдал, мэтгэлцээнийг илэрхийлж байна. Монголын нөхцөл байдал бол олон асуудлаар давтагдашгүй боловч Зөвлөлтийн дараахь үеийн бусад улс оронд ч нэг адил зах зээлийн эдийн засаг хурдан нэвтэрч, чинээлэг шинэ элитүүд хурдацтай бий болсон байдаг. Энд Роузын бичсэн зүйл хэрэг болж магадгүй юм. Тэрбээр:

«Хээл хахууль бол пост-коммунист орнуудын хөгжил дэвшилд хамгийн их саад тогтгор учруулж буй хүчин зүйл юм. Төрд ажиллагсад нь сонгуульт албаа баяжихад ашиглаж байгаа тийм дэглэм чөлөөт сонгуулийг өнгөлөн далдлалт болгон хэдий удаан ашиглана, ардчиллыг бүрэн бүтэн цогцлоохын төлөө ажиллаж байгаа улс орнууд болон хаашаа ч үгүй болсон улс орнуудын хоорондын ялгаа төдий чинээ их болно. Элитийн түвшинд хээл хахууль хэдий чинээ удаан амь бөх байна, төдий чинээ сонгогчдын олонхи шударга бус байдлыг тоомсорлоохоо болих буюу авилгач төртэй харьцах цорын ганц арга нь татвараас зугтаах, хууль бус наймаа эрхлэх, эсвэл төрийн албан хаагчид, сонгуульт албан тушаалтныг авилгадах зэргээр өөрсдөө бас хууль завхруулах явдал гэж үзэхэд хүрэх болно.» (Роуз, 2001:106).

Дүгнэлт

Өрнөдийн ардчилал гэж тодорхойлогдсон улс төрийн тогтолцооны аль нь ч нэг удаагийн үйлдлээр бий болоогүй. Бүгд л хөгжин дэвжиж, өөрчлөгдсөөр л байна. Энэ нь тодорхой үйл явдал, хямрал, зохицлоор улс төрийн бүтэц, түүний орчныг бүрдүүлж байгаа улс төрийн өргөн соёл байнга шинэчлэгдэж байгаа тэр түүхэн болоод тохиолдлын процессын үр дүн юм. Монгол орон нь олон хэлбэрээр өрнөдийн ардчиллыг давтсан тийм тогтолцоо бий болгож байгаа бөгөөд энэхүү «ардчилсан клуб»-ийн гишүүн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм. Түүний улс төрийн тогтолцоо нь бас өөрийн үндэсний онцлог нөхцөлд хөгжиж ирсэн, эрх мэдэл зохистой хуваан эзэмших консоциал агуулгатай байгаа нь тэмдэглүүштэй. Үүнийг би өдий хүртэл олсон амжилтын нэг шалтгаан гэж бодож байгаа бөгөөд хувьдаа бол Лийпхартын нэгэн адил ардчилал хэмээх тэр зүйлд хандах өргөн оролцоотой, нийтийн тохиролцооны хандлагыг зөвлөмж болгох олон учир шалтгааныг олж харж байна.

Гэхдээ энэхүү улс төрийн шинэ тогтолцоо ямар нэг эрсдэл, эсвэл сорилт дагуулаагүй мэт зүтгэвэл алдаа болно. 2008 оны 7 дугаар сарын үймээнээс үзвэл Монгол Улс нь хүчирхийллийн эсрэг бүрэн дархлаажсан биш байна. Ялангуяа либерал зах зээлийн эдийн засаг, шинээр үүсч буй бизнесийн элит, эрдэс баялгаас орж ирэх томоохон ашиг орлого бүрдэж байгаа нөхцөлд тохиож буй эрх мэдэл хуваах, нийтийн тохиролцоо бий болгох процессын нэг аюул нь хувиа бодсон элитүүд улс төр, эдийн засгийн эрх мэдлийг монопольчилж байна гэх олон нийтийн дургүйцэл бий болох явдал юм. Нэг талаас гадаад, дотоодын том бизнес бүлэглэлүүд хоорондоо хэт дотносох, нөгөө талаас хувь хүмүүсийн харилцан тохиролцсон, бие биендээ ая тал зассан тоо томшгүй олон үйлдэлтэй хутгалдсан улс төрийн бүлэг байх нь олон нийтийн цинизм, бухимдлыг амархан өдөөж болох юм.

Улс төрийн аливаа тогтолцоо цаашдаа өөрчлөгдөж явах бөгөөд тэгэхдээ өөрчлөлт бүрийг ардчиллыг улам төгс төгөлдөр болгож байгаа хэрэг хэмээн ярьсаар байх болно. Олон улсын харилцааг сайн байлгах үүднээс эдгээр өөрчлөлт нь үндэсний олон янзын тогтолцооны хоорондын үл нийцэх байдлыг бий болгохгүй гэж найдах ёстой. Гэхдээ миний бодлоор олон улсын харилцааг гэхээсээ илүү үндэсний харилцааг оптимал болгох нь эн тэргүүний хэрэг байх хэрэгтэй. Монгол Улс уул уурхайн хөгжил зэргээс улам их баялагтай болохын хирээр ардчиллын өөрийн хувилбарыг улам бүр сайжруулан, өөртөө илүү итгэлтэй болж, олон нийтийн сайн сайхны төлөвийн үүднээс өөрийн дотоод хэрэгцээнд нийцсэн тогтолцоог бүрдүүлэн, ямар ч баян, хүчтэй бай бусад улс орныг хуулбарлан дуурайхгүй явна гэж найдая.

Ашигласан бүтээл


Bollen, Kenneth, 1991, ‘Political Democracy: Conceptual and Measurement Traps’, in Alex Inkeles (ed) On Measuring Democracy. New Brunswick NJ, Transaction, pp.3-20.

Bourdieu, Pierre, 1977 [1972] Outline of a Theory of Practice, Cambridge University Press, Cambridge.

Fisher, William, 1997, ‘Doing good? The politics and anti-politics of NGO practices’ Annual Review of Anthropology Vol. 27.

Inglehart Ronald and Christian Welzel, 2005, Modernization, Cultural Change, and Democracy: the human development sequence, Cambridge University Press.

Jaggers, Keith, and Ted Robert Gurr, Tracking Democracy's Third Wave with the Polity III Data’  Journal of Peace Research, Vol. 32, No. 4 (Nov., 1995), pp. 469-482

Lijphart, Arend, 1999, Patterns of Democracy: Government Forms and Performance in Thirty Six Countries, Yale University Press, New Haven.

Munck, Gerardo and Jay Verkuilen, 2002, Conceptualizing and Measuring Democracy: Evaluating Alternative IndicesComparative Political Studies, Vol. 35, No. 1, 5-34

Quan Li and Rafael Reuveny, 2003,
Economic Globalization and Democracy: An Empirical AnalysisBritish Journal of Political Science, Vol. 33, No. 1 (Jan., 2003), pp. 29-54

Rose, Richard, 2001, ‘How People View Democracy: A Diverging Europe,’ Journal of Democracy 12.1 (2001) 93-106

Sen, Amartya K. (1999). ‘Democracy as a Universal Value.’ Journal of Democracy 10(3): 3-17.

Zinnes, Dina and Richard Merritt, 1991, ‘Democracies and War’ in Alex Inkeles (ed) On Measuring Democracy. New Brunswick NJ, Transaction, pp. 210-234.
8


[1] Үүнд: «хүний эрхийг хамгаалах явдал, эрх зүйт төрийг сайжруулах; шүүх болон хууль тогтоох институциуд, мөн нийтэд тайлагнах үүрэг бүхий төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад байгууллагыг бэхжүүлэх; орон нутгийн түвшинд ардчилсан засаглалын эрх мэдлийг олгох; эмэгтэйчүүдийн тэгш эрх, бүрэн оролцоог хангах; нийгмийг өөрчлөн байгуулах түнш болох эрх мэдлийг эмзэг бүлгийнхэнд олгох; иргэний нийгэм болон олон нийтийн мэдээллийн автономит хэрэгслийг эрчимжүүлэх; ажилчдын үндсэн эрх, түүний дотор эвлэлдэннэгдэх эрх чөлөөг хангах; өөрийн нийгмийг ардчилсан замаар өөрчлөн байгуулах зорилгоор хүчирхийлэл хийлгүйгээр ажиллаж байгаа хүмүүсийг зорилгодоо хүрэх орон зай, хөрөнгө нөөцөөр хангах; коррупцийг хянаж, ил тод байдлыг хөхиүлэн дэмжих; цэргийн салбарт иргэний хяналтыг нэвтрүүлэх; ардчилсан үнэт зүйлс, итгэл үнэмшлийг түгээх; үндэстний цөөнхийн эрх, санал хүсэлттэй холбоотой маргааныг ардчиллын үзэл санаа, механизмаар зохицуулах» зэрэг орно.

No comments:

Post a Comment