Monday, December 10, 2007

Л.Цолмон: Ардчилсан нийгмийг авчирснаараа МоАХ бахархах эрхтэй

МоАХ-ны анхдагчдын нэгэн. Ардчилсан хөдөлгөөний улс төрийн тэмцлийн тэргүүн эгнээнд ямагт явж байдаг "Тэнгэр" хэмээх Цолмон дурсамжаа өгүүлж байна
Монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөсний түүхт 18 жилийн ой болж байна. Олон улсын хүний эрхийн өдөртэй давхацдаг. 1989 оны арванхоёрдугаар сараас эхлэн ардчилсан хөдөлгөөн орон даяар өрнөсөн. МоАХ бүр ч хүчээ авч байлаа. Тэр үеийн хотын ХЗЭ-ийн хорооны дугуй зааланд бидний улс төрийн тэмцлийн төв байрлаж байсан. Газар газрын залуучууд үзэл санаагаараа нэгдэж, нэгэн их үйлсийн төлөө тэмцэхдээ өөрсдийгөө "Цоохор зөвлөл" гэж нэрлэцгээсэн.

Одоо эргээд санахад хүн бүр тэндээс тодорхой үүрэг хүлээж орон нутгийг зорьж байлаа. Миний хувьд Дорноговь аймагт МоАХ-ны салбар зөвлөл байгуулахаар очоод аймгийн АДХГЗ-ны дарга Б.Мижид гэдэг хүнд загнуулахаараа нэг болж, дараа нь баривчлагдаж хоёр цагдаагаар харгалзуулан Улаанбаатар хотод хүргэгдэж билээ. Надтай хамт өдөр шөнөгүй улс төрийн энэхүү тэмцэлд босч тэмцсэн журмын олон нөхдөө энэ л өдөр дурсахгүй байхын арга алга.
МоАХ-ны анхдагч Соёмбобаатар, Ганзориг, Самбараазана, Төмөрбат, Батдорж, Лхагвасүрэн гээд олон ч сайхан залуучууд ажил амьдралаа золин байж ардчилсан нийгмийн байгууллыг эх орондоо байгуулсан гэж хэлж болно. МоАХ-ны анхдагчууд гагцхүү үүгээрээ л бахархах эрхтэй. Харин нэгэн үеэрээ хойчийнхоо ирээдүйн төлөө эрсдэл хүлээсэн хүмүүс гэвэл МоАХ-ын анхдагчууд.
Улс төрийн тэмцлийн тайван замын хатуу хэлбэр болох "Улс төрийн өлсгөлөнд" хоёр ч удаа өөрийнхөө биеэр оролцож явлаа. Тэрхүү өлсгөлөн монгол орныг коммунист дэглэмээс салгасан хэдий ч манай анхдагчуудын амьдралд маш халгаатай байсан. Эрүүл мэндэд нь ч гэсэн таатай сайхан байгаагүй.
Олон хүний эрүүл мэндэд хортой сөргөөр нөлөөлсөн. Тэр үеийн улс төрийн тэмцэлд тэргүүлэн оролцсон Санжаасүрэнгийн Зоригоос өгсүүлээд олон сайхан хүмүүс ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Өнөөдөр ардчилал, эрх чөлөө хүний эрхийн төлөө ярьцгааж байгаа бүхэн тэдгээрийн ариун гэгээн дурсгалын өмнө зул асаах үүрэгтэй.
МоАХ, Монголын оюутны холбоо, МСДН, МҮДН бидний хамтран зүтгэгчид байлаа. Өнөөдөр бүгдээрээ МоАХ гэсэн нэгэн гэр бүлд багтжээ. МоАХ-ны үүрэг зорилго хэвээр үргэлжилж байна. Ардчиллын үнэт зүйлсийг бусниулах үйл ажиллагаа явагдаж байгаа өнөө цагт ямагт сонор сэрэмжтэй байж, зорьсон зорилго эхлүүлсэн үйлсээ төгс ардчиллын тогтолцоонд хүртэл үргэлжүүлэхэд МоАХ-ны өмнө улс төрийн тэмцлийн урт хугацаа бидний өмнө байна.

Л.Цэрэн-Очир
Дугаар 189,190/301,302/

No comments:

Post a Comment